Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилсээр байна. Өчигдөр орой тэрбээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын иргэд, сонгогчид, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Сүхбаатар аймгийн АН-ын дарга М.Идэрбат тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Уулзалтын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг иргэд, сонгогчдод уриалав. Мөн Монгол Улс эх оронч сэтгэлтэй, зүтгэлтэй, бүтээлч, санаачлагч Ерөнхийлөгчтэй болох цаг болсныг ч санууллаа. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчид, дэмжигчдээ хандаж үг хэлсэн юм.
Тэрбээр “Уудам сайхан эх орны минь наран ургах нутаг Cүхбаатар нутагтаа суугаа Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлээд өнөөдөр их жанжин Дамдины Сүхбаатарын, аугаа найрагч, эх оронч хүү Очирбатын Дашбалбарын өлгий нутаг Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж Та бүхэнтэйгээ уулзаж байна. Сүхбаатар аймаг маань бусад олон аймагт үлгэр жишээ болж ирсэн, Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонт аймаг. Энэ нутгийн хөдөлмөрч ард түмэн, Ардчилсан Намын шилдэг залуусаар удирдуулсан 2012-2015 онд 4 жил дараалан Монгол Улсын Шилдэг аймгаар шалгарсан, Та бүхэн чадсан. Та бүхэндээ баяр хүргэе. Бас илүү их амжилт хүсье.
Сүхбаатар нутгийнхан эх орныхоо тусгаар тогтнолыг үеийн үед хамгаалан өмнөд хязгаарын торгон хилээ манаж, тусгаар Монгол Улс оршин тогтнохын нэгэн гол тулгуур байсаар ирсэн юм. Дарьганга нутгийн гоо үзэсгэлэнг биширч, Алтан дарь овоонд сүслэн залбирч, Шилийн богд хайрханд хийморио даатгах гэсэн түмэн олны хөл тасардаггүй энэ нутгийн тулгамдсан асуудал болоод байгаа Ганга нуураа авран хамгаалах асуудалд Монгол хүн бүр анхаарлаа хандуулах ёстой гэж би үзэж байгаа. Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарцуудын нэг бичигтийн боомт орчмыг хөгжүүлж эдийн засгийн идэвхтэй бүс болгох, аялал жуулчлал хөгжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт олон ажлууд энэ нутагт болоод улс орны маань хөгжил дэвшилд чухал байгааг миний бие мэдэж, анхаарлаа хандуулж байгаа.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг УИХ-ын 76 гишүүн хэлэлцэж, 2010 оны зургадугаар сарын 24-нд баталсан. Уг шийдвэрийг ажил хэрэг болгож нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат өнөөгийн эдийн засгийн тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн энэ бодлогыг ажил хэрэг болгож шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгохоор энэ нутагт хөрс хуулалтын ажлыг 2011 оны тавдугаар сарын 21-нд эхлүүлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүдийн эсэргүүцэлтэй тулж, зогсонги байдалд ороод өнөөдрийг хүрлээ. Энэ төмөр зам Сүхбаатар нутгийн төдийгүй улс орны маань хөгжлийг улам бүр хурдасгаж, олон хүнийг ажилтай орлоготой болгох маш чухал том төсөл гэдгийг би итгэлтэйгээр хэлнэ.
Зам дагаж хөгжил ирдэг гэж бид хэлдэг. Хөгжлийг түүчээлсэн засмал зам Өндөрхаан хотоос Баруун-Уртад ирүүлэх зураг төслийг 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд миний бие удирдан хийлгэж байлаа. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харж нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон олон аймгуудад ажиллаж, сонгогчидтойгоо уулзаж байна. Би энд онгоцоор биш машинаар ирсээн. Улаанбаатараас аймгийн төвүүд рүү хонож өнжин явдаг байсан цаг ард үлджээ” хэмээн хэлсэн юм.
Түүний дараа нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж буй иргэд, сонгогчид түүнээс асуулт асууж, амжилт хүссэн юм. Сүхбаатар аймгийн иргэдийн тухайд асуулт асуух гэхээсээ илүү амжилт хүсч, Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялахыг ерөөж байсан юм.
Ө.Гантулга: Газар шорооныхоо төлөө тэмцэх шилдэг удирдагчийг сонгох цаг ирсэн
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын II багийн иргэн
-Өнөө цагт намаараа талцах байдлыг арилгах цаг болсон. Газар шорооныхоо төлөө тэмцэх, тусгаар тогтнолоо хамгаалж чадах шилдэг удирдагчийг сонгох цаг иржээ. Тийм учраас Х.Баттулгыг дэмжээрэй гэж уриалмаар байна. Бид таныг Монголын үндэсний үзлийг хадгалсан, гайхамшигт бүхнийг бий болгож чадах хүн гэж итгэж байгаа. Өнөөдөр эрх баригч нам ард түмнээ татвараар дарамталж, нуруун дээр нь улам их ачаа үүрүүлж байна. Бид дахин ийм сонголт хийж болохгүй. Энэ бүхнийг хязгаарлах цаг болсон. Таныг Эзэн Чингисийн заяа түших болтугай. Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялаарай гэж хүсье.
Д.Хосбаяр: Х.Баттулга нэр дэвшигч та энэ сонгуульд заавал ялах ёстой
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын II багийн иргэн
-Би яагаад Х.Баттулга нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгаа вэ гэдгээ хэлэх гэсэн юм. Монгол Улсын иргэний хувьд Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болох ёстой гэж бодож байна. Манай улс ардчиллын замыг сонгоод 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд АН, МАН гэсэн хоёр том нам төрийн эрхийг ээлжилж барьж байсан. Тэр хугацаанд нэг нэгнээ хянах боломжтой байлаа. Харин өнөө цагт энэ байдал алдагдах гээд байна. МАН төрд хяналтаа тогтоочихлоо. Ийм үед АН-ын төлөөлөл Ерөнхийлөгч болж байж ард түмэн хяналтаа тогтоож чадна. Тийм болохоор Х.Баттулга нэр дэвшигч зайлшгүй ялах ёстой гэж олон мянган иргэн бодож байгаа. Би тэдний нэг. Төрийн түшээ, сайд хийж байсан энэ хүн Ерөнхийлөгч болох ёстой. Зам тээврийн сайд хийж байхдаа олон бүтээн байгуулалт хийсэн. Би Сүхбаатар аймаг руу цагийг товчилж, дардан замаар давхиж явахдаа энэ их бүтээн байгуулалтыг үргэлж бодож явдаг. Цаашид ч та эх орныхоо хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө олон ажил хийж, олон санаачилга гаргаж ажиллаарай гэж хүсье.
Бор: Х.Баттулгыг дэмжсэн шиг дэмжицгээе
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын VIII багийн иргэн
-Ерөнхийлөгч болсны чинь дараа бид их зүйлийг нэхнэ шүү. Гэхдээ болгохын төлөө бид саналаа өгнө. Дэмжинэ. Сүхбаатарчууд минь бид 2016 оны сонгуулиар яасан билээ. Ч.Улаан гэдэг хүнийг сонгоод, одоо байдал ямар байна. Тийм болохоор энэ хүнийг дэмжсэн шиг дэмжиж, гаргасан шиг гаргая. Таныг Монгол Улсын Ерөниийлөгч болно гэдэг итгэлтэй байгаа шүү. Амжилт хүсье.
АН-ын сонгуулийн ерөнхий хороо
+ There are no comments
Add yours