УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр “МАН-ын 60 тэрбумыг босгох” нууц бичлэгийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ынхан төрийн албыг хэрхэн наймаалцаж сонгуулийн зардлаа босгох, хар машин болон цахим орчинд хэрхэн ажиллах зэрэг сонгуулийн төлөвлөгөө бүхий 90 минутын нууц бичлэг нь задарч, түүнийг задруулсан иргэн Д өнөөдөр маш хүнд нөхцөлд байгаа гэнэ.
Энэхүү бичлэгийг задалсан иргэнийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа, амь насыг нь хамгаалах асуудалд АН-ын бүлэг анхаарал тавьж ажиллахыг хэлэлцүүлэгт оролцсон гишүүд онцолж байлаа. Мөн хэлэлцүүлгийн дараа энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг хуулийн байгууллагад өгөх юм байна.
Хэлэлцүүлгийг нээж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын цөөхөн хэдэн хүний дунд яригдсан энэ бичлэг гэмт хэргийн шинжтэй байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан мэдээллийг дагуулж байна. Тиймээс бид хуулийн хүрээнд хянуулах, шалгуулах, хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн эрхийг хууль бусаар авах тухай ярьсан энэ бичлэг Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байна” гэлээ. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан удирдан зохион байгуулж байгаа юм. Тэрээр “Төрийн эрхийг хууль бусаар авах тухай МАН-ын удирдлагуудын бичлэгийг ил болгосон залуугийн амь нас, эрүүл мэнд аюултай байдалд орсон гэдэг мэдээлэл ирсэн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.
Гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай, иргэдийн фээсбүүк хуудас руу орж мэдээлэл авахыг хязгаарлах тухай энэ бичлэгт ярилцсан байна. Энэ бол Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Эрүүгийн хуулиар гурав хүртэлх жилийн ял авдаг. Өнөөдөр энэ мэдээллийг гаргасан залууг Тагнуул, цагдаагийн байгууллага өдөр болгон дарамталж байгаа мэдээлэл байна. Тиймээс энэ залуугийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой” гэлээ.
[su_youtube url=”https://youtu.be/HWrpnm8yH9Y” width=”280″ height=”200″]Content 3[/su_youtube]
Үүний дараах 90 минутын бичлэгийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм. Уг бичлэгт сошиал мэдээллийг зохицуулах, санхүүжилтийн схемын тухай болон сонгуулийн үеэр сошиал орчинд хэрхэн ажиллах талаар ярилцсан байна. Тус бичлэгт хамгийн багадаа 10 сая төгрөгийг газар, хэлтсийн дарга болон ахлах мэргэжилтнүүд өгөх бөгөөд сайдын суудлыг нэг тэрбум төгрөгөөр наймаалцах тухай яригджээ. Ингэж 60 тэрбумыг босгох тухай ярьсан байна. Харин хураасан мөнгөө яаж нуух тухайгаа, мөн Тавантолгойн мөнгийг оффшордох, гадаадад зарах, мөнгө авах тухай, хуулийн хамгаалалт хэрэгтэй байгаа тухайгаа хоорондоо ярьжээ. Шуурхай ажиллагааны багаа “эвгүй” хүмүүсээс бүрдүүлж сонгуулийг бүх талаас нь дайрах тухай яриа ч өрнөсөн байна. Түүнчлэн сонгуулийн хар машиныг хакердах тухай ярьсан байна. Хэрвээ улс төрийн хамгаалал үзүүлбэл хакердахад бэлэн, гадаадын компаниа авчирсан хэмээн ярьж байгаа бичлэгийг хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүст сонсгосон юм. Хэлэлцүүлгийн дараа оролцогчид саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: -Монгол Улсын төрийг бүх талаар нь зарж худалдах тухай хууль бус асуудал байсан. Мэдээллийг илчилсэн Д гэх залуу хилээр гарах хориотой, хоёр гурван удаа баривчлагдсан, хуулийн байгууллага гэр бүлд нь нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдүүдийг нь айлгаж, сүрдүүлсэн байсан. Өөрөө Тагнуулын Ерөнхий газар дээр энэ бичлэгт гарч байгаа А.Ганбаатар гэж хүний нэхэмжлэлээр мөрдөн байцаагдаж байгаа. Гомдол гаргаснаас хойш Д гэх залуугийн бүх банкны картуудыг хурааж авсан, машины түлхүүр, автобусны картыг хурааж авсан. Ийм байдалтай хоёр сар болж байна. Мөн гэрт нь байсан бүх л электрон тоног төхөөрөмжийг нь хурааж авсан. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр хорих, тэр ч бүү хэл С.Зоригийн хэрэг шиг болгоно шүү гэж дарамтлах байдалд оруулж байна” гэлээ. Түүнчлэн Д гэх залууд биеийн хүчний, сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд дарамтад оруулж байна. Энэ хүний аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Төрийн албыг хууль бусаар наймаалцаж байгаа энэ бичлэгийг илрүүлснийхээ төлөө хохирох юм бол Монгол Улсад Ардчилсан үнэт зүйл, хүний эрх эрх чөлөө тэр зэргээр аюулд орно. Тиймээс Д гэх залууг өмгөөлж, хамгаалах ёстой гэлээ. Түүнлэн “Төрийн бүх албыг худалдахаас гадна худалдаж болох газрын лиценз, зөвшөөрлийг мөнгө босгох тооцоондоо оруулсан. Улс орны батлан хамгаалах, хил хамгаалах, Тагнуулын Ерөнхий газар зэрэг аюулгүй байдлын амин сүнс болсон газруудыг худалдахаар төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Жишээ нь Батлан хамгаалах яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, санхүү, нябо, дөрвөн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээс мөнгө авна гээд хүснэгтэд оруулсан байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга, дэд дарга, мэргэжилтнүүдэс мөнгө авна гээд оруулчихсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдлыг ноцтой хохиролд оруулна гэж харж байна. Хил хамгаалах газрыг худалдана гэдэг чинь хилээ худалдана гэсэнтэй ялгаагүй болж байна. ХХЕГ-ын дарга, санхүүгээс мөнгө авна, ЗХЖШ-ын дарга санхүүгээс мөнгө авна. Хэзээ ч худалдаж болохгүй газрууд шүү дээ. Хамгийн их мөнгө авах газар нь газрын харилцаа, Геодези зураг зүйн газар байгаа. 726 хүнээс мөнгө авна гэж байна. Юу гэсэн үг юм бэ. Хаана, ашигт малтмал, юу байна гэдгийг зурж байдаг газрын 726 хүн нь худалдагчихаар Монгол Улсын газар юу болох вэ. Татварын Ерөнхий газрын 738 хүнээс мөнгө авахаар юу болох вэ, ингээд яам бүр, аймаг, орон нутгийн төрийн байгууллагаас мөнгө аваад нийлбэр дүн нь 57 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Хэзээ ч худалдаж болохгүй төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна. Монгол Улсын төр мөнгө төлсөн хүний л гарт орох юм байна. Энэ мөнгийг нь бүтнээр нь төлчихдөг мөнгөтэй этгээд өөр улсаас гараад ирвэл Монгол улс хэний халаасанд орох вэ гэдэг нь ойлгомжтой байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нөгөө талаас ард түмний эрх мэдэл шууд булаагдсан үйлдэл харагдаж байна. Монгол Улсын өвөг дээдсийн тэмцэж ирсэн бие даасан хараат бус байдлыг үгүй хийх гэсэн, аюул учруулсан үйл явдал болж байна. Хуулийн байгууллага заавал анхааралдаа авч төрийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой” гэлээ.
Монголын ахмадын холбооны тэргүүн Г.Баасан: -Энэ хэргийг хуулийн байгууллага яаралтай шалгах ёстой. Захиалагч нь тодорхой, гүйцэтгэгч нь тодорхой ийм чухал нотлох баримт байхад яагаад хуулийнхан ажлаа хийхгүй байна вэ. Энэ бол мөнгөөр төрийн эргэлт хийсэн үйлдэл гэж бодож байна. Тиймээс энэ асуудалд АН-ын бүлэг төдийгүй хуулийн байгууллага яаралтай шалгаж, хариуцлага тооцох ёстой.
Ардчилсан намын гишүүн Н.Тэгшбаяр: -Монгол Ардын нам мафи болжээ. 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суулаа. Мөнгө өгөөгүй хүмүүсийг бүгдийг нь халсан. Албан ёсны тоогоор 20 гаруй мянга болчихоод байна. Шүүх дээр очоод халагдсан хүмүүс нь хууль бусаар халагджээ гэдгээ тогтоолгочхоод байхад шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, шүүхийн дээр гарчихсан хурган дарга нар даварч байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хариуцлага хүлээж огцрох ёстой. Мөнгөөр төрийн албанд орж ирсэн хүмүүс хүн чанар, нинжин сэтгэлгүй болдог юм байна. Төрөх дөхчихсөн, тэтгэвэрт гарах дөхчихсөн хүмүүсийг халаад явуулчих юм.
Ардчилсан намын сонгуулийн штаб
+ There are no comments
Add yours