ХАЧИГТ ХАЗУУЛСАН ИРГЭД НАС БАРСАН УУ

Жил бүрийн хаврын улиралд хачигт хазуулах эрсдэл ихэсдэг. Орон нутгийн эмнэлгүүдэд хачигт хазуулсан иргэдийн дуудлага, хачигт хазуулан эмчилгээ хийлгэгсэд ихэсдэг байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээгээр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд хачигт хазуулан халдвар авсан иргэд нэлээдгүй байгаа гэнэ. Мөн хачигт хазуулан халдвар авсаны улмаас амиа алдсан тохиолдол гурав бүртгэгджээ. Хачигт хазуулан нас барсан иргэдийн хоёр нь аймгийн төвийнх, харин нэг нь сумын малчин иргэн байсан талаар ойрын эх сурвалж өгүүллээ.

Дашрамд дурдахад, хачигт хазуулсан хүмүүс ихэвчлэн малчид, мөн уул хаданд зугаалах иргэд, хилчид байгаль хамгаалагчид байдаг байна. Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдгаас уг өвчний тархалт бүртгэгддэг байна. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлсэн байдаг. 2005-2015 оны хооронд нийт 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 956 нь эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, тархвар судлалаар оношлогджээ. Өөрөөр хэлбэл, хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширсон байна. Нийслэл орчмын уулт хээрийн бүсэд хачигны тоо толгой харьцангуй өндөр байдгийг 2015 онд хийсэн хачигт халдварын тандалт судалгааны үр дүнд илрүүлсэн ажээ. Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхтэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна.

Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдсон байна. Түүнчлэн хачиг нь эзэн амьтан руугаа мөлхөж очдоггүй. Бас агаар тэнгэрээс ч буудаггүй юм байна. Харин хүн их явдаг жим, зам даган дэрс, бутны үзүүрт хөлөө арвайлган нуруугаараа тогтсон байдаг. Мөн малын бэлчээрт цагаан өвс, дэрс бут гэх мэтээр газраас хөндийрсөн бүхэн дээр нуруугаараа тогтон хөлөө арвайлган аливаа ирэх амьд биетийг хүлээж байдаг байна.

Тандалт судалгаагаар, ойн гүнд хачгийн нягтаршил бага атлаа ойн жимээр маш их таарна. Метр хэрийн өндөрт ч эзнээ хүлээгээд байж байдаг гэнэ. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Хачигт хазуулахад төрлөөсөө шалтгаалж хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ. Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг гэсэн үг.

Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг. Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хачигт рикетсиоз өвчин нь хазуулсан хэсэгт тав үүсэх, бүх биеэр цэгчилсэн тууралт үүсэх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндрэл нь мартамхай болох, саа саажилт, тэнэгрэл үүсэх аюултай. Мөн амь насанд ч аюултай. 2005 оноос хойш нийт бүртгэгдсэн тохиолдлын ес нь нас барсан байна.

Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх гэнэ. Мөн хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах хэрэгтэй юм байна. Түүнчлэн хачиг үргээгч бэлдмэл хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хамгаална. Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт гэнэ. Тиймээс голомтот нутагт амьдарч байгаа иргэдэд дархлаажуулалтын эхний тунг 9-11 сард, хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийгээд давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийдэг байна. Харин санамсар, болгоомжгүй байдлаар хачигт хазуулсан тохиолдолд, биед шигдсэн хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авах хэрэгтэй аж. Мөн боломжтой бол уг хачгийг битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн хазуулсан газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угааж, хүйтэн жин тавиад эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй аж.

Сэтгүүлч С.Саянаа

+ There are no comments

Add yours