Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсад айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ирэх сарын 2-4-нд албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Тэрбээр БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Миний урилгаар айлчилж буй юм. Айлчлаын хүрээнд БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Миньтэй албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзах юм. Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн  хамтын ажиллагааг  өргөжүүлэх асуудлаар санал солилцох юм.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрээд байгаа юм.

zasag.mn

+ There are no comments

Add yours