“Хот суурин газрын дархлаажуулалт” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн дархлаажуулалтын зөвлөх мэргэжилтэн Шаожунг Ванг хүлээн авч уулзан “Хот суурин газрын дархлаажуулалт” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай улсад олон удаа ирж, ялангуяа улаанбурхан өвчний тархалт дэгдэлтийг таслан зогсооход оюун мэдлэгээ зориулан, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрээр цааш хэлэхдээ, Манай улсад сүүлийн жилүүдэд хотжилт хурдацтай явагдаж байгаатай холбогдуулан дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлж, зорилтот бүлгийн эх, хүүхдийг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах зорилгоор энэхүү төслийг холбогдох байгууллагуудтай хамтран эхний ээлжинд Баянзүрх дүүргийн зарим хороонд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд дархлаажуулалтын үйл ажиллагааны чанар, хүртээмж нэмэгдэж, хяналт шинжилгээ, үнэлгээний загвар тогтолцоо бий болох юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн дархлаажуулалтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд эрүүл мэндийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн дархлаажуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх талд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Шаожунг Ван, “Уг халдвар нь зөвхөн Монгол Улсад төдийгүй, бусад орнуудад ч гарсан. Ер нь хотын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн нь эрүүл мэндийн салбарт ирдэг. Тиймээс үүнийг эрүүл мэндийн салбар ганцаараа дийлэхгүй бусад салбарын оролцоо маш чухал. Хотжилтын дархлаажуулалтын асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр манай бүсээс Индонез, Мьянмар, Филиппин, Монгол гэсэн улсыг сонгосон. Бид таны саналын дагуу амьжиргааны түвшингээс доогуур иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаг болоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв.

+ There are no comments

Add yours