Эрхээ хамгаалахыг шаардав

Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэмжээнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг ажээ.

Эл өдрийн хүрээнд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд “Цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” уриан дор тэмдэглэж байна. Орчин үед цахим худалдаа өргөжсөнөөс чанаргүй гоо сайхны бараа, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн , төрөл бүрийн хувцас зарагдаж байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэв. Төр засгаас иргэдийнхээ төлөө анхаарч байгаа хэмээн тунхаглан зарлаж төсөв хөрөнгө зарцуулдаг боловч ажил амьдрал дээр хэрэгжиж биелэлээ олох нь учир дутагдалтай байна.

Мөн инженерийн шугам сүлжээний доголдолтой орон сууц худалдаалах болсон. Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд хэрэглэдэг хром, сульфат гэх мэт хорт бодис бүхий хаягдлыг Туул голд цутгаж байгаа зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн 10 гаруй асуудал анхаарах хэрэгтэй.

НҮБ-аас гаргасан “Хүний эрхмийн тухай тунхаг бичиг”-ийн 8 заалт, Монгол Улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг амьдралд хэрэгжүүлэх, хэрэглэгч бүр эрхээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, баталгаат хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаад төр засаг чих дүлий, нүд хаалттай байна гэдгийг хурал хийгчид онцлон хэлж байна. Тухайлбал, орон сууцны ашиглалтын талбай дутуу, цонх хаалга нь стандартын шаардлага хангахгүй чанаргүй материалаар хийдэг, эрүүл ахуйн наад захын шаардлага хэрэгцээг хангахгүй зэрэг зөрчлүүд их байдаг байна. Ийм байдлаа хэлсэн хэрэглэгчдийн санал гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгдөггүй, иргэд орон сууцны байшин худалдан авах боломжгүй, барилгын компаниуд мэргэжлийн байгууллагуудад инженерийн шугам сүлжээг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, баталгаат хугацаандаа гэмтэлтэй шугам сүлжээг засварладаггүйгээс иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байгаа юм.

Түүнчлэн боловсролын асуудалд, эмнэлэг оношилгоо, бараа бүтээгдэхүүний асуудалд ч олон ноцтой зөрчил байдаг бөгөөд энэ нь эргээд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж амь нас, эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулж заналхийлж байгаа талаар ярив. Тиймээс дээрх нийгэмлэгийн зүгээс 3 сая иргэнээ төлөөлж мэдэгдэл гаргаж, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга, холбогдох мэргэжлийн байгууллагад хандан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дээдлэх, зайлшгүй мөрдөгдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг бүрэн хангаж өгөхийг шаардаж байна” гэжээ.

 Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours