Шүлхийгээр мал нэмж өвчлөөгүй

Сүхбаатар аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад нийт 13 сумын 2755.7 мянган толгой мал хамрагдахаас 2624.2 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 95.2 хувьтай байна.

Асгат суманд өвчилсөн 69 толгой малыг бүрэн устгаж, сумын хэмжээнд 133.4 мянган толгой малыг вакцинжуулалтад бүрэн хамруулжээ.  Тодруулбал өнгөрөгч сарын 11-ний өдрөөс хойш тус суманд мал нэмж өвчлөөгүй байна. Эрдэнэцагаан сумын хувьд өвчилсөн бүх малыг устгалд оруулан вакцинжуулалтыг явуулсан бөгөөд вакцинжуулалт 98.4 хувьтай байна.

Сүхбаатар аймгийн Онцгой комисст ОБЕГ-аас томилсон шуурхай бүлгээс хүн, мал, малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд байнга хяналт тавих, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтийг байгаль, цаг агаар, улирлын нөхцөлд тохируулан шаардлагын хэмжээнд зохион байгуулах, чанарын баталгаатай улсын бүртгэлд бүртгэгдсэн чанартай эм хэрэглэх, нийт сумдын мал сүрэгт тогтмол эрүүл мэндийн үзлэг хийх, хориог буулгахад төгсгөлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар зохион байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн хяналтыг сайжруулах зэрэг үүрэг чиглэл өгчээ.

+ There are no comments

Add yours