ЗҮСЭМ ТАЛХНЫ ҮНЭТЭЙ БҮСГҮЙ БИЕ

…Амьдрал сайхан байсан бол би ийм зам сонгохгүй байсан. Түүнээс гадна гэр бүлийн маань байдал нөлөөлсөн. Багаасаа л дутагдаж, гачигдаж өссөн болохоор айлын хүүхдүүдийг хараад атаархдаг хорсдог байсан. Ялангуяа баяр ёслолоор гоё даашинзтай, чихэр жимс идсэн охидыг хараад уур хүрч өөрийн эрхгүй ээжтэйгээ муудалцаж, гэрээсээ гараад явдаг байлаа. Ингэж яваад л өөрийн ижил охидтой найзалдаг болсон… Олон найзтай болсон ч архи ууж таних танихгүй залуустай буудал баар дамжин зугаалж байхдаа өөрийгөө буруу зам руу орлоо гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин хэзээ нэг цагт энэ замаас гарна. За яахав мөнгөтэй л болъё гэж боддог байсан ч одоо ч бараг өнгөрсөн юм шиг байна… Түүнийг С гэдэг. Харин бусдад хэлдэг нэр нь Нараа гэдэг аж. Тэрбээр мөн энэ жил 19-хэн настай. Гэхдээ хэлбэрдэж, шилбэлзэх хүйтэн харц, оодгор банзал, хөхөө ил гаргах шахсан майк… зэргийг харсан хэн ч түүнийг 15, 26-тай л гэж бодохоор. Хамгийн харамсмаар нь С-ийн насыг нь андуурмаар ч биеэ үнэлэгч гэдгийг нь хальт харахад л мэдэх. Тэрбээр энэ байдалдаа аль хэдийнэ зохицон дассанаар барахгүй бараг л бахархдаг нь ярианаас нь мэдэгдэх нь гачлантай… Миний хувьд С-ийг тав, зургаан сарын өмнөөс сургаар таньдаг болсон.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг нэгэн төрийн бус байгууллагын ажилтан танил маань түүний тухай надад анх ярьсан. Өнөөдрийн хоол гоё ганган хувцасны төлөө алдхан бие ариун цусаа бузарлаж яваа монгол охидынхоо төлөө сэтгэлээ чилээж явдаг тэрбээр ганц ч болов охинд туслахсан гэж хүсдэг нэгэн. Тийм дээ С-д туслахыг, энэхүү шавар шавхай болсон амьдралаас нь холдуулахыг хичээж багагүй зүтгэдаг аж. Эрх чөлөөтэй ч зовлонтой энэ л амьдралдаа дэндүү гэмээр дассан С-ийн хувьд танилын маань туслах гэсэн сэтгэл тээртэй, бүр үзэн ядалтыг нь төрүүлдэг байсныг С нуугаагүй. Харин танилын маань С-ийг надтай уулзуулах гэсэн зорилго нь ууж, идэж, унтах хэвтэхээс илүү сайхан зүйл амьдралд байдаг гэдгийг ойлгуулж өгөхөд минь туслаач гэсэн хэрэг л дээ. Шар, улаанаар сорлож, хайш яашхан засалттай үсээр гоёсон С нарийн шилбэтэй тамхийг хуруун завсраа хавчуулан хаа нэг сорон намжирдах нь нүдэнд нэг л содон. Хэтэрхий содон тэр охиныг анх хараад дотроо “энэ ч дээ” гэж бодож байсныг нуухгүй. Харин нэлээд удаан ярьж суусныхаа дараа түүний тухай миний тааварлаж байсан таагүй бодол маань бага багаар өөрчлөгдсөн ч С-ийн хувьд бараг таван жилийн турш “умбасан” шавар, шалбааг шиг амьдралыг хагас өдөр хамт байснаар бүрэн бүү хэл хагас ч арилгахгүй нь хэнд ч ойлгомжтой байв.

Тиймээс дэндүү болгоомжтой эхэлсэн бидний яриа голчлон түүний хатуу ширүүн үгэнд тас цохигдон “унах” учир нэг л явцгүй. Бүгдийг би хэмээн эхлэх тэрбээр дэндүү амиа бодсон төрх эсгэх ч сэтгэлийн гүндээ маш их эмзэглэл тээж явдаг нь үе үехэн залгих нулимснаас нь мэдрэгдэх… Удаан ярилцаж, хэдэнтээ уулзсаны дараа түүний яриа, үйлдэл бас өөрчлөгдөж ирсэн. “Та намайг янхан гэж бодож байгаа биз дээ. Гайхах юм алга. Үнэн л юм чинь. Гэхдээ ямар ч янханд хүнд байдаг зүрх сэтгэл байдаг болохоор шаналдаг, баярладаг юм шүү. Харин шаналал нь баярлахаасаа л илүү байдаг байх. Миний хувьд одоо амьдарч байгаа ертөнцтэйгээ эвлэрсэн. Эвлэрэхгүй гээд ч яах юм. Энэ л амьдрал маань надад, миний дүү нарт, өдрөө хүлээсэн ээжид маань үмх талх болж очдог юм чинь. Та надад итгэхгүй байна уу. Хамаагүй ээ. Би эмзэглэхгүй байна. Тэгээд ч биеэ үнэлэгчид хэн нэгнээр өрөвдүүлэх гэж ар гэр нь гачигдалтай хэмээн ярьж бусдад итгүүлэх гэж зүтгэдэг хэмээн та бодож байгаа биз. Миний хувьд амьдрал маань үнэхээр ийм л байна” хэмээн эхний уулзалтуудад хатуурхаж байсан С.

“Ээж маань намайг дүү нарын маань хоолыг залгуулах гэж явсаар биегүй болсон. Дээр нь сэтгэл санаа нь тавгүй байгаа болохоор бүр ч өөдлөхгүй байгаа. Итгэж найдаж байсан охиноо адгийн зам сонгож амьдрах болсонд урам хугарсан байх. Гэхдээ үхтэл үр харам гэгчээр миний ээж намайг бусдаас хамгаалдаг юм билээ. Би өмнө нь нэг их анзаардаггүй байсан юм. Саяхан манайд аавын талын хамаатнууд хөдөөнөөс ирж нэг хоносон юм. Гэтэл ээж маань намайг өндөр цалинтай ажил хийдэг хэмээн хэлэхдээ хоолой нь зангирч байсан. Энэ л өдрөөс хойш надад амьдралаа шинэчлэх, өөрчлөхсөн гэдэг бодол төрөх болсон. Мөн нэг найз маань хятадуудад биеэ үнэлж байгаад хэсэг залууст үхтлээ зодуулсан… Хожимдсон байж болно. Гэхдээ бас засах боломж байна гэж бодоод ээжтэйгээ ярьж байгаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага байдаг гэж сонсоод хандсан. Намайг хүн гэж тоож хүлээн авч, тусалсанд баярлалаа. Миний хувьдамаргүй ч алдаагаа засч болдог гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Би өөрчлөгдөнө…” хэмээн ярих болсон. Үзэл бодлоо өөрчилж чадсан түүнийг бид нийлж байгаад ажилд оруулж өгсөн. Миний хувьд удаан хугацаатай итгэл муутай эхлүүлсэн ажил маань энэ амжилтад хүрсэнд баяртай байгаа. Өглөө болгон шинэ… гэж үнэн үг шүү.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours