Эзэнгүй хийссэн ардчилал

-30 жилийн босгыг элгээрээ мөлхөж давах нь энэ улсын бүтээсэн АРДЧИЛАЛ мөн үү-

Ардчилсан Монгол Улсын АРДЧИЛАЛ хаачив. 30 жилийн түүхтэй улс төрийн томоохон нам, Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан улс төрийн хүчин, дэлхий нийтэд Монгол Улсыг Ардчилсан улс хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн улс төрчдийн замнал, түүх хаана гацав.

Ингэхэд Монгол Улсад АРДЧИЛАЛ байна уу. Үнэ цэнэтэй, үүсгэл гарвал нь үндсэн шугамаасаа хазайгаагүй Ардчилал бий юү. Ингэхэд нэр төр, үнэ цэнэ гэж юу вэ. Эдгээр асуултын хариултыг хайв. Ингэж хайсан маань ч учиртай. Өнөөдөр Монгол Улсад ардчиллыг хэн эдэлж байна вэ. Энгийн иргэдэд Ардчиллын үнэ цэнэ мэдрэгдэж байна уу. Эсвэл албан тушаалтан болон бүлэглэл Ардчиллын үнэ цэнийг хүртэгсэд үү. Үүнийг уншиж байгаа та өөрөөсөө энэ асуултыг асууж үзээрэй. Магадгүй миний адил асуултынхаа хариултыг хайх болов уу?

Нийгмийн суурь Ардчиллын хөрс нь хувь хүмүүсийн нэгдэл. Харин хувь хүмүүсийн нэгдмэл эрх ашиг өөрөө Ардчиллыг бүрдүүлэгч. Энэ утгаараа хэсэг бүлэг эрх ашгаа хамгаалсан хүнээс бүтсэн цөм өнөөдөр 30 жилийн өмнө гэгээлгээр бүтээж байсан АРДЧИЛЛАА салхин хийсгэчихэв үү.

Монголын Ардчилал модонд авирч, хаданд дарагдав уу. Авлигагүй гэж хашгирах тусам албан тушаалд очих гэсэн хүмүүсийн авлигын цуваа ард түмэн гэх багц хэлгүй, нүдгүй бөөгнөрөлийг үүсгэж, шалгаж байна гэсэн цөхрөл алаг цоохор мөрдөгддөг хуулийн салхинд ганхан гангинаж байгаа нь юуны учир вэ.

Увайгүй улс төрчид улайм цайм аашилж, иргэд гэх цөмийг дураараа хувааж, бас бусниулж, зовлонг нь жаргал хэмээн итгүүлж, энэ хорвоод мөнхийн ус уусан мэт өөрийн хөрөнгөө зузаалж, шуналдаа тэлчилж нойргүй хонож байгаа нь АРДЧИЛАЛ мөн үү. Ардчиллын буянаар… гэдэг үгийг монголчууд хэлэх дуртай. Тэр бүү хэл АРДЧИЛАЛ хэрэггүй гэж байсан коммунистууд хүртэл магтан маасганаж байгаа нь идшээ сахисан цөөвөр чонын улиан шиг гашуун байна, үнэндээ.

Өнөөдөр Ардчилал шиг нэр төргүй, үнэ цэнэгүй зүйл алга. 30 жилийн өмнө энэ үгийг магнайндаа залж, зүрхэндээ сийлж зүтгэж байсан залуус цал буурал үстэй, гүзээндээ түүртсэн өвгөд болон 30 жилийн турш хашсан өндөр албан тушаалынхаа сүүдэрт бөөгнүүлсэн хэдэн төгрөгөө хамгаалах гэж алиатаж байгааг хараад ой гутаж байна үнэндээ.

30 жилийн түүхтэй Ардчилсан нам ганцхан удаа бүтэн засаглахдаа дөрвөн засгийн газрын нүүр үзэж, монголын улс төрийн намуудын түүхэнд хэзээ ч байхгүй бүтээн байгуулалтыг хийсэн нь өнөөдрийн Монгол Улсын хөгжлийг лавтай 10 жилээр урагшаа татсан. Тэд Улаанбаатар нэртэй хогийн овоо шиг болсон хотод бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэд бүтэц татаж, орон сууцжуулсан, нийслэлчүүдийг. Анх удаа малыг хувьчилж, газрыг өмчилж, гэр хорооллын иргэдийн орон сууцанд амьдарч болохыг ойлгуулсан. Дахин төлөвлөлтөөр олон зуун мянган иргэд орон сууцанд амьдарч, залуу гэр бүл, цалин багатай төрийн албан хаагчид урт хугацааны зээлээр орон сууцтай болж, хотын төв гэлтгүй бүхий л газар автозамын асфальтан болгож, иргэдийнхээ төлөө төр ажиллаж болдог гэдгийг харуулсан… Мэдээж энэ бүх ажлыг анх удаа хийж байгаа учир алдаа их гарсан. Ашиг сонирхлын зөрчил бүүр гаарсан. Гаарсан учраас гаднаас биш дотроосоо нэгнээ барьж идэж, дэгээдэж унагаасаар дараагийн дөрвөн жилийн сонголтод элгээрээ харуулдаж унасан. Элгээрээ харуулдаж унасан учир эргэж харж чадахгүй хэвтсээр… энэ хэрээр ардчилал улам алсарсаар…

Харин хуурамч ардчилал яригчид өндийж босч, нэрийг худалдаж, намын сүүдэрт гэдсээ цодойлгон өндийж байна. Тэд өндийх тусам, жинхэнэ ардчилал бөхийж, бүүр сүүдэр ч үгүй алсарч … иргэд, нийгэм бүтээгч энгийн түмэн нь харж байгаа ч хашгирч ч чадахгүй бөхийсөөр… 30-хан жилийн настай АРДЧИЛАЛ бүтээх гэж идэх есийн хүйтэнд энэ биеэ хайрлахгүй зүтгэж байсан 30-хан настай тэр монголчуудын зүрх нь хэвээрээ ч зориг нь хайчив??? Та нарын зориггүй зүрх шалан дээр тэлчилж, эв нэгдэлгүй нөхөрлөл гадагш задрах тусам ганцхан өнгө бадамлан өнгө засч байна. Тэр өнгө эв нэгдлийнх биш тэр өнгө идэх уухын цаглашгүй хүсэлтэй, эгнээгээ өргөсүүлж, ирээдүй рүү маань цурам тавьж байхад өнгөгүй нүдтэй, зориггүй зүрхтэй та нар мянга хашгираад босч чадахгүй замхрах биш үү. Бод бод… Халдашгүй хатан зоригтой АРДЧИЛАЛ хаана гацав. Жинхэнэ АРДЧИЛАЛ алга болоход хэн хожих вэ. Ингэхэд энэ улсад жинхэнэ АРДЧИЛАЛ байсан уу, ер нь????

Коммунистууд ардчилал ярьж, ардчилал өмчилж эхэлсэн энэ цаг дор мөхөл алгуурхан сүүдрээ томсгон хүрээгээ задалж байх вий… 100 жилийн түүхтэй улс төрийн нам эхнэрээ араар тавьдаг зайгуул эр шиг улс удирддагаараа алдартай. Гуравхан хоногийн ой санамжтай монголчуудын хийрхүү занг дэврээж, ядуу атлаа ойворгон занг нь хөшиж, хөгжөөсөн нийгмийг бүтээдэг нь энэ намын унаган мэх. Том намын малгай дор нуугдаж улс төрчдийн сүүдэрт цүнх баригчдаар хүрээгээ тэлж, нийгмийг бүтээгчдийг АРД ТҮМЭН гэж нэрлээд сэвж өгнө. Яг л уулын онь хөтлөөр зуйгуул салхи садарч орж ирдэг шиг ухаантайхан ганц хөдөлж, массыг ханцуйлж авдаг ганц арга нь ядуурал.  Ядуу хүнд ямар нийгэмд амьдрах нь чухал биш. Харин хоногийн талх, хөрсөн гэрт нь гал байхад л тэд аз жаргалтай мэт амар тайван унтаж, өнөөдрийн зовинол маргаашийг мартаж орхино. Хэтрүүлж байгаа юм биш шүү. Харин энийг тэд бүтээдэг. 100 жилийн турш энэ улсад бүтээсэн шигээ, цаашид  бүтээнэ гэж итгэдэг. Ийм л сонин нийгэмд бид АРДЧИЛАЛ ярьж хөөрөх хэрэг байна уу.  Улсынх нь нийслэлд өдрөөс өдөрт ядуус нэмэгдэж, жалганы мухарт хүүхэд өлбөрч үхэж байхад Улаанбаатарын иргэд “Аз жаргалтай” амьдарч байгаа гэж ярьж чаддаг хотын удирдлагууд. Балчир насандаа алуурчны гарт өртөж амиа алдсан хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байхад хууль зөвхөн ядуу иргэдэд чангарч байгаа энэ улсад АРДЧИЛАЛ  эзэнгүй хийсч, улс төрчид нэртэй цөөврүүд гэдсээ даахгүй ульж байна. Тэд ульж л байг уу, Ардчилсан монголчууд аа…

 

+ There are no comments

Add yours