АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 200,000-ыг давжээ

Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо АНУ-д 200,000-ын босгыг давсан тухай Жон Хопкинсийн их сургууль Мягмар гарагт мэдээлжээ.

Өчигдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 6.8 сая гаруй байв.

Дээрх тоонууд нь дэлхийн аль ч улс орныхоос өндөр үзүүлэлт юм. Цар тахлын эсрэг сайн ажиллаж чадаагүй гэж шүүмжлүүлж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны гуравдугаар сард ярихдаа Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоог 100-аас 200 мянгын хооронд тогтоовол маш сайн үр дүн гэж байжээ.

Үүний өмнөх сард нь нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол 15 хүрэх үед тэр хоёр хоногийн дотор ганц ч халдварын тохиолдол бүртгэгддэггүй болно гэж мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөж буй Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден “Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Дональд Трампын худал яриа, чадваргүй байдлын улмаас Америкийн түүхэнд хамгийн олон хүнээ алдлаа. Энэ гамшгийн үед ерөнхийлөгч хүний манлайлал чухал хэрэгтэй байгаа ч тэр энэ шаардлагыг хангахгүй байна. Тэр ажлаа хийж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй болоод байна. Үүний улмаас Америк дэлхийн бусад улсуудаас илүү их хохирол амсаж байна” гэж хэлжээ.

Харин яг энэ өдөр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийн засаг захиргааны цар тахалтай хийж буй тэмцэлд “A+” үнэлгээ өгч байгааг мэдэгдсэн юм.

Энэ үеэр хэлэхдээ тэр “вакцинтай, вакцингүй тун удахгүй АНУ цар тахлын ард гарч чадна” гэж амласан байна.

Эх сурвалж: BBC

+ There are no comments

Add yours