УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт болно.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдан шалгагдсан билээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнтэй хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон юм.

Прокуророос Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

+ There are no comments

Add yours