Шинэ аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн үү

Наадмын дараа сэргээштэй холбоотой асуудал бөхчүүд төдийгүй олныг талцуулдаг болоод уджээ. Ганц нэг бөхөөр туг тахиад өнгөрдөг гэж хардах хүн цөөнгүй. Ийм бараан зураглал өнөө жил ч бас давтагдаж байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, энэ жил улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёр нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Шинжилгээнийх нь хариуг тэдэнд энэ сарын 9-нд утсаар мэдэгджээ. Дээрх хоёр бөх хэн болох нь олны анхаарлыг татаж байгаа нь мэдээж. Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийнхнөөс тодруулахад “Бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариу гарсан нь үнэн. Бид хуулийн дагуу Үндэсний баяр наадам зохион байгуулах хороонд илгээсэн. Хариуг нь зарлах, эсэх нь тэдний мэдлийн асуудал” гэсэн бол Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав “Одоогоор ямар нэгэн бөх В сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргаагүй байна” хэмээв.

Гэтэл Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Содномжамц “Допингийн эсрэг үндэсний төвөөс манайд ямар нэгэн хариу ирүүлээгүй” гэж байгаа нь хачирхалтай.

Өнөө жил төрийн наадамд шөвгөрсөн 16 бөхөөс улсын аварга Э.Оюунболд, улсын начин Ж.Ням-Эрдэнэ хоёроос бусад нь цахим хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгдэл хийж, өөрсдөөс нь сэргээш илрээгүй гэв. Тэдэн шиг мэдэгдсэнгүй, ил тод байсангүй гээд дээрх хоёр бөхийг шууд буруутгах нь өрөөсгөл. Сүлжээгүй газарт явж байж мэднэ. Гэхдээ Хүй долоо худагт болж, өчигдөр өндөрлөсөн нэгэн наадамд эхний өдөр зодоглосон Э.Оюунболд барилдааныг гэнэт орхин явсан нь олныг ихэд эргэлзүүлэв.

Бэлтгэсэн: Б.Гансүлд

+ There are no comments

Add yours