Цагдаагийн хурандааС.Баасанжав: Чанартай материалаар үндэсний үйлдвэртээ оёулсан хувцсаар алба хаагчдаа хангаж эхэлсэн

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Баасанжавтай Цагдаагийн байгууллагаас 2018 онд хийгдсэн ажлууд болон хэмнэсэн төсвөөр гүйцэтгэгдсэн ажлуудаар ярилцлаа.

-Тун удахгүй он дуусах нь. 2018 онд цагдаагийн байгууллагаас нэлээд олон барилга, орон сууц барьж байх шиг байна?

-2018 онд цагдаагийн байгууллага олон бүтээн байгуулалт хийсэн, үр дүнтэй байна. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг, мөн орон нутагт 15 аймгийн 25 сумын  27 цэгт замын хөдөлгөөний хяналтын пост, нийт 31 барилга байгууламж барьж байна.

Шинээр баригдсан хяналтын постуудын 50 орчим хувийнх нь ажил нь дуусч, хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн нь энэ сард багтаагаад хүлээлгээд өгөхөөр шамдаж ажиллаж байна. 11 сар гэхэд хяналтын постуудыг 100 хувь хүлээж авах боломжтой гэж үзэж байгаа. Манайхаас дөрвөн удаа газар дээр нь очиж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллан хяналт тавьж ажилласан.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд сум дундын Цагдаагийн тасгийн барилга, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын барилга, Улаанбаатарт Мөрдөн байцаах албаны шинэ барилга баригдаж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өргөтгөлийн барилгыг барьж байна.

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зардалд жил бүр 4-5 тэрбум төгрөг улсын төсөвт суулгадаг. Гэсэн атлаа хувцас хунар, тусгай хэрэгслийн асуудал байнгад л дутагдалтай, асуудалтай байдаг?

-Үйл ажиллагааны зардалд биш юм. Цагдаагийн байгууллага, тусгай ажиллагааны болон дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас худалдан авахад зориулж 4-5 тэрбум төгрөг улсын төсөвт тусгаж, УИХ баталдаг. Одоогийн байдлаар Дотоодын цэргийн  53 нэр төрлийн хувцсыг бэлтгэж хангаад байна. Аравдугаар сард гэрээтэй ажиллаж байгаа бүх байгууллагаас хувцаснуудаа авахаар шахаж ажилласан. Үүний үр дүнд шаардлагатай материалын дутагдлаас шалтгаалсан 5-6 компаниас бусад нь ажлаа хугацаанд нь дуусгаад бүтээгдэхүүнээ хүлээлгэж өглөө.

-Төсөвт суулгасан мөнгөөр цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагчдын хувцсыг бүрэн хангахад хүрэлцээтэй байж чадах уу?

-Боломжгүй. Цагдаа, тусгай ажиллагаа, дотоодын цэргийн алба хаагчдыг 100 хувь хувцсаар хангахад 15-20 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэхдээ улсын төсөвт боломжоор 4-5 тэрбум төгрөг тусгаж өгч байна. Тиймээс бид бэлтгэх хувцасны төлөвлөгөөг батлуулж ажилладаг.

Гэрээт байгууллагуудаа шахаж авсан гэхээр цагдаа, дотоодын цэргийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгчдээр хийлгэж байгаа гэсэн үг үү?

– Цагдаагийн байгууллагаас дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс бүх хувцсыг хуулийн дагуу тендер зарлаж, үндэсний компаинудтай гэрээ хийж бэлтгэн нийлүүлж байна. Харин манай улсад бүх төрлийн даавуу материал үйлдвэрлэдэггүй учраас эдгээр бүтээгдэхүүнийг нь гадаадын улс орны үзэсгэлэн худалдаанд оролцож, алба хаагчдын эрүүл ахуйн чанарыг хангасан, чанартай бүтээгдэхүүнийг сонгох чиглэлээр байнгын судалгаа хийж ажиллаж байна.

2018 онд үйлдвэрлэж байгаа хувцасны бүтээгдэхүүнийг аль улсаас авсан бэ?

-БНСУ-аас авлаа. Мөн хувцасныхаа загварт өөрчлөлт оруулсан. Хуучин углаж өмсдөг битүү энгэртэй ноосон цамцыг энгэр нь задгай, цахилгаантай болгосон. Эхний ээлжинд гарсан хувцаснуудаараа замын цагдаа, хэв журам гэх мэтээр гадаа хүйтэнд ажилладаг албан хаагчдаа хангаж ажилласан. Мөн поло  цамцныхаа даавууг Солонгос улсаас авсан чанартай материалаар захиалж оёулж байгаа гэх мэтээр цагдаагийн алба хаагчдынхаа хувцасны чанарыг сайжруулах чиглэлээр санаачилга гаргаж ажиллаж байна.

Сая цагдаагийн албанд хэрэглэж байгаа машинуудын насжилт, эдэлгээний талаар мэдээлэл харлаа. 5-16 жил ашиглагдсан машинууд эргүүлд явж байгаа гэсэн байна. Парк шинэчлэлтэд зориулсан хөрөнгө оруулалт ямар хэмжээнд хийгдсэн бэ?

– 2018 онд цагдаагийн байгууллагын парк шинэчлэлд 1 тэрбум төгрөг тусгагдсан. Үүнийг ажиллах нөхцөл хүнд шороон замаар голчлон явдаг орон нутаг дахь цагдаагийн байгууллагуудад туулах чадвар сайтай “УАЗ” пургон машинаар хангахад зарцуулсан. Ингэснээр 21 аймгийн цагдаагийн газрууд туулах чадвар сайтай машинтай болж чадсан. Харин одоо нийслэлд ажиллаж байгаа хөдөлгөөнт эргүүлийн машинууд маш хүнд байдалд орсон байна. Гэр хороололд дуудлагаар уул, хадан дундуур явдаг учраас эвдрэл ихтэй. Дөрвөн дугуй нь элэгдэж, хагараад тэсэхгүй. Өвлийн дугуй авна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө багагүй шаардагддаг. Тиймээс бид 2019 оны улсын төсөвт Улаанбаатар цагдаагийн хүрээний авто эргүүлийн машинуудын парк шинэчлэлийн санхүүжилтыг тусгахаар ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчдын бас нэгэн хүндрэлтэй зүйл техник, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж байдаг юм болов уу гэж хардаг. Ингэхэд энэ талын хангамж ямархуу байгаа вэ?

– Өмнө ийм асуудал байсан. Одоо ч бүрэн хангалттай хэмжээнд шийдэж дуусаагүй л байна. Гэхдээ 2018 онд Замын цагдаагийн шинээр байгуулагдсан байгаа Хяналтын 27 пост бүрт авто машины хурд хэмжигч, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж, бэлэн бус торгуулийн систем буюу таблетаар хангасан.  Таблетийг замын цагдаагийнхан бүрэн ашиглаж байна. Харин Хэв журмын цагдаа нар ашиглахгүй байгаа. Тиймээс орон даяар гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгага алба хаагч нартаа хэрэглүүлэхээр шийдвэрлэж, эхний ээлжинд шаардлагатай 2500 орчим хөдөлгөөнт төхөөрөмжөөр хангах ажлыг нэлээд шуурхай түвшинд хийж байна. Ойролцоогоор 100 албан хаагчтай анги, байгууллагад 20-30 ширхэг хөдөлгөөнт төхөөрөмж хуваарилхаар төлөвлөж байна.

Нэгэнт цагдаагийн алба хаагчдын хангамжийн асуудал яригдаж байгаа учир цалингийн талаар асуух ёстой. Яагаад орон нутаг, нийслэлд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын цалин өөр байдаг юм бэ?

– Орон нутаг, Улаанбаатар хотод ажилладаг цагдаагийн ажилтнуудын цалин,  хангамж адилхан харин аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгох зохицуулалт Цагдаагийн албаны тухай хуульд тусгагдсан. Ажилласан жил, цалингийн шатлал зэрэглэлээс гэх мэтээс хамаарч цалингийн хэмжээ өөр өөр байдаг. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онцгой обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан нэг жилийг 1.3  жил гэх мэтээр ажилласан жилийг тооцдог.

Бас нэг асуудал байдаг нь жижүүртэй хонож байгаа алба хаагчдын хоол, ундны асуудал байдаг. 3500 төгрөг билүү?

-Алба хаагчдад хоолны мөнгө гэж өдрийн 3600 төгрөг өгдөг байсныг саяхнаас 5000 төгрөг болгож, хувийн дансанд нь шилжүүлж байсан. Гэхдээ цагдаагийнхан маань уг мөнгийг өөртөө зориулж хоол авч идэхээс илүүтэй гэр бүлдээ өгөх, тамхи авах зэргээр зарцуулах байдал ажиглагдсан учраас цагдаагийн байгууллагын дарга нарт нь цайны газартай гэрээ байгуулж, цагдаагийн алба хаагчдад 5000 төгрөгт тохирсон хоол өгч байх үүрэг, чиглэл өгч, мөнгийг нь байгууллагад шилжүүлдэг болсон. Мэдээж, хонож ажиллаж байгаа хүнд 5000 төгрөг хангалттай мөнгө биш ч гэсэн бид боломжоороо нэмээд л байгаа гэсэн үг.

-Хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байгаа машинуудад өвлийн улиралд нэмэгдэл шатахуун өгдөг үү. Эргүүлээс гадна машин тэргээ халаах энэ тэр гээд асуудал гардаг учир шатахуун огт хүрэлцдэггүй талаар өмнө сонсож байсан л даа?

-Манай байгууллагад ашиглагдаж байгаа машинууд  таван жил болсон машин олон бий. Гэтэл таван жилийн өмнө шинэ машин авахад шатахуун хэрэглэхээр хийгдсэн тооцоо одоо ч хэвээрээ явж байдаг. Уг машин хуучирч шатахууны хэрэглээ нэмэгдсэн байгаа нь тодорхой, зэрэг дутагдлууд бий, нуух юм байхгүй. Мэдээж, өвлийн улирлын нэмэгдэл гэж аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд өгдөг. Энэ нь 25 хувийн нэмэгдэл гэх боловч нэг машинд 2-3 литр шатахуун нэмж олгогддог юм. Өвөл хүйтэнд хөдөлгөөнт эргүүлийн машиныг халааж байх шаардлагатай. Дуудлага олонтой үед шатахуун нь хүрэлцэхгүй, зовлон их шүү дээ.

-Ингэхэд хэчнээн машин хөдөлгөөнт эргүүлд ашиглагдаж байгаа бол?

-Хэв журмын чиглэлээр 68, замын цагдаагийн чиглэлээр 48 машин 24 цагийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр машинууд 5-6 жил болчихсон эвдрэл гэмтэл ихтэй байнгын засварт хамрагдаж үүрэг гүйцэтгэж байгаа. Мэдээж эвдэрнэ, асуудал ихтэй. Гэвч манай цагдаа нар боломжоороо л ажиллаж байна. Эвдэрсэн тохиолдолд боломжтойг нь бааз дээрээ хүргэж, засварлаад явж байна.

-Цагдаагийн байгууллага төсөвлөсөн мөнгө, торгуулиас ч юм уу хэмнэлт гаргаж, тоног төхөөрөмж, дүрэмт хувцас авах зэрэгт зарцуулах боломж бий юу?

-Энэ онд цагдаа, дотоодьн цэргийн алба хаагчдын дүрэмт хувцсанд хувиарлагдсан санхүүжилтаас 419 сая төгрөг, бэлэн бус торгуулийн системийн санхүүжилтээс 400 сая төгрөг, тусгай хэрэгсэлийн санхүүжилтээс 250 орчим сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Хэмнэсэн төсвөөрөө цагдаагийн алба хаагчдад хэрэгцээ шаардлагатай техник тусгай хэрэгсэл,хувцас хэрэглэлийг худалдан авч, цагдаагийн алба хаагчдад хангалтаа хийгээд байна.

Сэтгүүлч Д.Пүрэв

3Comments

Add yours
  1. 2
    Zoshin

    Hodolgoont erguuliig dahiad nemegduuleh heregtei. Stagdaagiin ajiltan buriig galt zebsegeer hanhah n odoogiin niigemd tulgarsh bna

+ Leave a Comment