Ч.Ганжавхлан: 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөжээ

Ч.Ганжавхлан: 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөжээ

2017 он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Мөн НҮБ-аас гаргасан мэдээлэлд дэлхий дээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээлсэн байна. Үүний 50 хүртэлх хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байгаа аж.

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд уламжлан болгон зохион байгуулагддаг “Үндэсний Өгөх Өдөр”-ийн хүрээнд энэ жил охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна. Тодруулбал, “Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Энэ талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Өнөөдөр манай улсын хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийн хэмжээнд ирсэн байна. Албан ёсны хоёрхон мэдээлэл хэлье.
Хамгийн сүүлд Хүний эрхийн комиссын дарга нэг нас зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар хэллээ. Үүний дараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга дөрвөн настай хүүхэд жил зургаан сарын хугацаанд хүчирхийлэлд өртсөн байгааг мэдээлсэн. Энэ бүхнээс нийгэмд маань юу болоод байгааг харж болно.
298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг бол 7 анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг. Аль талаас нь харах ёстой вэ гэдгээ мэдэхгүй байна. Хүчирхийллийг олон жил ярилаа. Бид тэмцлийн өөр хэлбэрт орох хэрэгтэй боллоо.
Хүн болгон өөрийнхөө байгаа газарт хүчирхийллийн эсрэг тэмцэх шаардлагатай. Хоёр долоо хоногийн өмнө таван настай охин хүчиндүүлсэн гэхэд маш олон хүмүүс тав хоног шуураад зургаа дахь өдрөөс мартаж эхэлсэн. 13-хан настай охиныг зочид буудалд хөнөөчихлөө. Хүчирхийлэл үндэсний аюулгүй байдал болоод гамшгийн хэмжээнд ирсэн байна.
Дэлхийн 11 орны монголчууд, Төв, Орхон аймгаас “Нүдээ нээ” хөдөлгөөнд нэгдсэн. Хүүхдэд хамгийн ээлгүй газар зочид буудлууд болсон. Тиймээс зочид буудлуудыг цэгцлэх шаардлагатай байна. Энэ тал дээр хуульчдын баг ажиллаж байгаа. Маш олон нууц гэмт хэргүүд зочид буудалд үйлдэгдэж байна. Гэр хорооллын дотор нийтийн байран дотор хаяггүйгээр зочид буудлууд байгаа.
Бага насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол багаас нь олгох зэрэг гэх мэтээр асуудлыг шат дараатай хөндөх болно. Шүүх эмнэлэг ч гэсэн 0-16 настай хүүхдээс төлбөр авахгүй гэдэг яриа гаргасан боловч эсрэгээрээ байна. Хүн бүр хүчирхийллийн эсрэг мэдээлэлтэй болох хэрэгтэй.
Бид хүчирхийллийн талаар 7 хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа.
Энэ өдөр бид “Аав ба Охин” аяныг явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийг “Нүдээ нээ” хэмээх уриатайгаар гаргах, хүчирхийллийн эсрэг санд хуримтлал бий болгох ажлуудыг хийх юм. Энэ өдрөөс эхлэн “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөн эрчимжиж улс орон даяар, дэлхийн өнцөг булан бүрд байгаа Монголчуудыг хамруулж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна” гэв.

Аяны хүрээнд цаашид хийгдэх ажлууд:

• Хүүхэд гэх нэг ч зүйл заалт ороогүй дэн буудлуудын хууль журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. Үүний тулд “Нүдээ Нээ” 8 удаагийн тайван жагсаалыг төлөвлөж бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний 3 удаагийн жагсаалыг амжилттай зохион байгуулж 1760 гарын үсэг цуглуулаад байна.

• Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ Нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.

• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах.

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд Гэрэл медиа групп, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Одонтой ээжүүд ТББ, Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ, BrainStormAgency, Монгол контент, CafeBene сүлжээ, Очир пресс, Нэгүн Дизайн, Z design, Super Mom group болон бусад байгууллагууд нэгжээ.

“Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярсайхан “Охидуудад хайр, халамж, хамгаалалт өгөөч гэж аавууд, эрчүүд, нийгмээ урилах төслийг хэрэгжүүлж байна. Иймд “Нүдээ нээ” гэсэн үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байна. Зөвхөн сүүлийн нэг сард Монголын нийгэмд гарч байгаа охидын хүчирхийллийн талаарх мэдээлэл нь өнөөдөр биднийг яасан ч зүгээр сууж болохгүй байдалд хүргэлээ.

Төрийн болон төрийн бус байгууллагууд, төр засаг, бүх хүмүүсийн оролцоо чухал байна. Нийгэм маань тэр чигтээ ухамсрын доройтолд орчихлоо. Адгуус мал хүртэл өөрийн үр төлийг гишгэдэггүй. Ямар ч зүйл хийж болох юм шиг санадаг хүмүүс их олон болжээ” гэв.

“НҮДЭЭ НЭЭ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХ ТАНЫ ОРОЛЦОО

“Нүдээ нээ” стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авснаар та дараах алхмуудыг хүүхдийн төлөө хийхээ амлаж байгаа бөгөөд ашиг нь 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах аж.
Хувь хүн, албан байгууллагын 3 амлалт:
  1. Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна
  2. Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102 107 утсанд мэдээлэл өгөх болно.
  3. Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
Жолооч тээврийн хэрэгслийн 3 амлалт:
  1. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно. н
  2. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
  3.  Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно

Нүдээ нээсэн зочид буудлын 3 амлалт:

  1. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
  2. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
  3. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.