Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов.
Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.

Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.
Мөн тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байна. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев, энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү талууд санал солилцсоны дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
