Румынд болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн С.Мөнхзултай ярилцлаа. Тэрээр тус тэмцээнээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон юм.
-Юуны өмнө пауэрлифтингийн дэлхийн аваргын тэмцээнээс нийлбэр дүнгээр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсанд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн тамирчин оролцов? Өрсөлдөөн хэр байв?
-Эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд есөн орны 12 тамирчин өрсөлдлөө. Канад, АНУ, Энэтхэгээс тус бүр хоёр тамирчин оролцсон. Тэдэн дунд суултын дэлхийн аварга, Данийн Андерсен, дэлхийн зургаан удаагийн аварга, Канадын Стинн, залуучуудын дэлхийн аварга, Шведийн Камлунд нарын хүчтэй өрсөлдөгч байсан учир өрсөлдөөн их болсон нь тодорхой. Ер нь бүгд л хүчтэй, жиндээ байнга түрүүлдэг хүчирхэг бүсгүйчүүд.
-Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Би ноднин Исландад болсон дэлхийн аваргаас таталтын төрлөөр алтан медаль авсан. Энэ жил таталтаар дахиад түрүүлэх байсан ч нийлбэр дүнгийн медальруу дасгалжуулагч, багийнхан зүтгүүлчихсэн юм. Тэгээд л Канадын Стинн түрүүлж, мөнгөн медалийг Монгол Улсын тамирчин Мөнхзул миний бие, хүрэл медалийг Данийн Андерсен хүртлээ. Нийлбэр дүнгээр Стинн 701 кг, би 620 кг, Андерсен 610 кг өргөсөн дөө.
-Жингийнхээ шилдгүүдээр хаанахын хэн хэнийг нэрлэх вэ?
-Ер нь бүгдээрээ л шилдгүүд. Миний хувьд энэ нь муу, тэр нь сайн гэхгүй ээ. Учир нь тэд бүгдээрээ адилхан их сайн байж байгаад л буруу тооцоолж, оролтуудаа буруу захиалснаас болоод бүх оролтоо амжилтгүй болгодог тохиолдол бий. Тиймээс би тэднийг дүгнэж чадахгүй ээ.
-Та ноднин таталтын төрөлд түрүүлсэн бол энэ жил мөнгөн медаль хүртлээ…
-Залуучуудын дэлхийн аварга Микомаки гэдэг 22 настай эстони охинд алтаа алдчихлаа (инээв). Тэр охин 237,5 кг татаад, алтан медаль, би 232,5 кг татаж, мөнгөн медаль авсан.
-Дэлхийн аваргын мөнгөн медалийг ямар шагнал урамшуулал дагадаг бол?
-Дэлхийн аваргын медалийг нэр хүнд л дагана даа. Мөнгө төгрөг ямар ч шагнал урамшууллаас илүү нэр хүнд.
-Энэ спортоор яагаад хичээллэх болов? Чухам юу нь таныг дурлуулсан бэ?
-Пауэрлифтинг бол хамгийн шударга, түмний нүдэн дээр ил спорт шүү дээ. Бас бүх спортын суурь, эрч хүчтэй, өрсөлдөгч байхгүй, өөрийгөө л сорьдог гээд сайхан юм нь их. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр пауэрлифтингэд дурласан гэж болно.
-Хэдэн оноос хичээллэх болов? Өмнө нь спортоор хичээллэж байсан уу?
-Би 2020 оноос фитнесээр хичээллэдэг байхдаа пауэрлифтингийн спортыг сонирхож, дандаа л суулт, үндсэн таталт хийдэг байлаа. Харин урьд нь 69 тоноглон, авто спортоор хичээллэж, бартаат замын анхны эмэгтэй уралдаанч болох зорилготойгоор ОУХМ Уртнасан агсны шавь гэж бэлтгэгдэж байсан юм. Даанч ах маань, багш минь болсон тэр хүн бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдэж, миний мөрөөдөл түүнтэй хамт замхран алга болсон юм (гүнзгий санаа алдлаа).
–Таны анхны тэмцээн…
-Одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, суултын төрөлд алт, таталтын төрөлд хүрэл авсан. Харин нийлбэр дүнгээр хүрэл медаль зүүж байлаа.
-Пауэрлифтингээр хичээллэхийг чинь танай гэрийнхэн яаж хүлээж авав?
-Гэрийнхэн маань их дэмжсэн шүү дээ. Тэд л намайг зоригжуулж, урам өгдөг.
–Дэлхийд хаанахын пауэрлифтингчид ноёлдог бол?
-Украин, Тайвань, АНУ-ын тамирчид.

-Пауэрлифтинг эмэгтэй битгий хэл эрэгтэй хүнд ахадсан спорт юм биш үү?
-Үгүй ээ, би ерөөсөө тэгж боддоггүй шүү дээ. Харин эр хүнд л ахадсан спорт байх (инээснээ), за тоглосон юм шүү.
-Та жилд хэдэн тэмцээнд ордог вэ? Бүх зардлаа хувиасаа гаргана биз?
-Жилд 2-3 тэмцээнд орно. Бүх зардлаа хувиасаа гаргана шүү дээ, нөхөр, бид хоёр.
-Төр засгаас энэ спортод хэр анхаардаг вэ?
-Одоохондоо олимпын бус төрөл болохоор огт тоодоггүй юм билээ. Хэдийгээр ийм ч энэ спортыг өдий зэрэгтэй, хүүхэд шигээ авч явж байгаа, улсын аварга шалгаруулах тэмцээнээ 22 жил зохион, мастеруудаа хүртэл марталгүй байнга хамруулан, тамирчдаа үлгэрлэн манлайлж яваа манай холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Баттулга ах маань анхаардаг даа.
–Санаанаас тань гардаггүй тэмцээн бий юу?
-Үгүй ээ, тэмцээнд яаж орсноо санадаггүй шүү дээ.

-Та бэлтгэл дээрээ хэдэн кг өргөдөл вэ? Румыны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өргөж чадсан уу?
-Би долоо хоногт дөрвөн удаа бэлтгэл хийдэг. Хүмүүс ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг бол би эсрэгээрээ бэлтгэлийнхээ хажуугаар ажил, амьдралаа зохицуулдаг болсон. Оролдлого ихт оройд нь гэгчээр бэлтгэлтэй үедээ маш сайн байдаг. 270 кг, 280 кг суух асуудал биш ч дэлхийн аваргын тэр том тэмцээний дэвжээн дээр нягт үзэхгүй бол бүтэн нэг жилийн хөдөлмөр байхгүй болох эрсдэлтэй. Хол газар, олон цаг нисэж очих, цагийн зөрүү, нуруу сулрах гээд тамирчин хүн тэдгээрээ зохицуулж орно гэхээр зааланд өргөдөг байсан жин хамаагүй болчхож байгаа юм шиг санагдсан.

–Зарлага, зардал ихтэй спорт шиг санагдлаа…
-Би бага зардалтай гэж боддог шүү дээ. Уураг, амино гэх мэт нэмэлтүүдээ нэг авсан байхад хоёр сар болчихно. Гол нь амралт, хоол, өөрийгөө хуурахгүй, сахилга баттай байхад болно шүү дээ. Мэдээж тэмцээн уралдаанд гадагш явахад мөнгө орж л таарна. Харин хүмүүс мөнгөтэй хүний спорт гэж яриад байдаг юм билээ. Түүнээс худлаа.
-Энэ спортоор хэдэн нас хүртлээ хичээллэдэг бол?
-Манай спортын сайхан нь нас хамаагүй. “Өө чи хөгширлөө”, “Хөл бөмбөг тоглож чадахгүй боллоо”, “Энэ хөгшрөөд бөмбөгөө залаад гүйхгүй боллоо”, “Нас нь явчихсан тэр хүн барилдаад, залууст хэмхчүүлнэ” гэхгүй нь сайхан даа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Польшийн 53настай Олех гэдэг хүн 20 жил түрүүлж байгаа. Дандаа залуустай өрсөлдөнө.
Тэгвэл манайд 80 настай тамирчин 2-3 бий. 60-70 настайчуул зөндөө. Тэгэхээр пауэрлифтингийн спорт маань хэдэн настайгаасаа хичээллэж эхлэх, хэд хүртлээ хичээллэх нь хязгааргүй. Тэр нь гайхамшиг юм даа.
–Долоо хоногт хэр их ачаалалтай бэлтгэл хийдэг вэ? Алдсан энергиэ юугаар нөхдөг бол?
-Би долоо хоногт дөрвөн удаа 5-7 цаг бэлтгэл хийдэг. Жишээ нь нэг дэхэд суулт хийлээ гэхэд 120 кг+180 кг+200 кг+200 кг+200 кг гээд 900 кг жинг , өөр нэг өдөр цээж, шахалт гэхээр 1,000 кг давтамжаараа өргөөд тавина гэхээр их ачаалалтай, энерги их алдана. Түүнийгээ бэлтгэлийн дундуур амино, нүүрс ус, энержи ууж нөхнө. Тэгээд хоолоо идээд л, унтаж амарч байж л нөхнө дөө.

-Таны хувийн болон дэлхийн дээд амжилт…
-Би өөрийгөө л ялан дийлж байж дэлхийн дээд амжилтыг эвдэнэ дээ. Суултын дэлхийн рекорд 285 кг. Би энийг зааландаа хийчхээд байгаа юм. Даанч дэлхийд хаширлаад байхгүй юу (инээлээ).
Би 2023 онд тогтоосон Ази, Африк тив болон Номхон далайн орнуудын таталтын дээд амжилтыг одоог хүртэл эвдээгүй л байна. Мөн 2024 онд таталтын Ази тивийн рекордыг 227,5 кг болгож тогтоосныгоо энэ жил таван кг-аар ахиулж, 232,5 кг болгон шинэчилсэн. Бас саяын дэлхийн аваргад нийлбэр дүнгийн Азийн рекордыг эвдсэн.
-Нөхөртэйгээ хэрхэн яаж танилцав?
-Нөхрийг маань Билгүүн гэдэг. Спортод тун дуртай бас эхнэртээ маш хайртай, дээр нь эхнэрийнхээ галзуу улаан фэн байгаа юм. Миний сэтгэл зүйч, хоол зүйч, хөл боогч, бариач гээд бүхнийг амжуулдаг мундаг залуу даа. Би ханиа хүний дээд, сайхан эр хүн л гэнэ. Нөхөртэйгээ бэлтгэл хийж байхдаа л танилцсан даа. Билгүүн маань намайг хурцалж онгироогоод энэ спортруу улам гүн оруулсан юм байна шүү.
-Хүүхдүүд тань ээжийгээ дуурайж пауэрлифтингч болох нь уу?
-Манайх гурван хүүхэдтэй, нэг хүү, хоёр охин. Бага охин маань “Би ээж шигээ хүчтэй болно, пауэрлифтингч болно” гэдэг юм.Том болоод зан нь хувирчихгүй бол (инээлээ).
-Ер нь чөлөөт цаг гардаг уу? Гардаг бол хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Чөлөөт цаг уу? Даваа, лхагва, баасан, бямба гарагт бэлтгэлтэй, хоёр болон дөрөв дэх өдөр ажлуудаа халти амжуулна. Гэхдээ маргааш нь бэлтгэлтэй шүү дээ гээд амрахыг л эрхэмлэдэг. Миний чөлөөт цаг бол бэлтгэлээ л хийх юм байна даа.
-Таныг одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?
-2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн л хүлээж байна даа.
–Тэгвэл ойрын зорилго гэвэл…
-Ойрын зорилго маань тодорхой, ганцхан зүйл л байгаа. Би дэвтэр дандаа хөтөлдөг юм. Зорилгоо тавиад л, гэхдээ олон зүйлд зорихгүй л дээ. Нэг л юмаа тууштай, төгс, оройд нь хүрч буюу эцэст нь тултал хийчхээд дараагийн зорилгоо тодорхойлдог. Ирэх жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр заавал алтан медаль авч, дэлхийд Монгол гэж эх орноо гайхуулах том зорилго тавьсан. Дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа аваргаа баталчхаад, “Одоо болно оо” гээд өөр зорилго тавих байх даа. Баярлалаа.
-Зорилгодоо хүрч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэний тань дараа дахин ярилцъя. Ярилцсанд баярлалаа.
Ш.Эрдэнэтөр
One thought on “Пауэрлифтингч С.Мөнхзул: Би 2026 онд дэлхийд Монгол гэж гайхуулах том зорилготой”
Leave a Reply Cancel reply
More Stories
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй, өөрсдөө юу хийх нь тодорхойгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар Даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа....
Нийслэл хот хагас коксон түлшний 27 мянга гаруй тонн нөөцтэй байна
"Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр...
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад...

Баяр хүргье.Мундаг тамирчин шүү.Мөрөөдлөө зорилго болгож Зорилгоо биелүүлдэг хүн хамгийн гайхамшигтай.Амжилт хүсье