СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.
–Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Би айлын том охин л доо. Дүү нар гараад, өвөө, эмээ дээрээ өнждөг болсон юм билээ. Мэдээ жоохон ороод л дүү нараа харж, аав, ээждээ тусална. Арай том болоод, хөдөө байдаг авгууд руугаа зун дүү нараа ахлаад л авч явна. Одоо бодох нь ээ, аав, ээж хоёр минь их ухаантай улс байж. Биднийг хоёр талынхаа ах дүүстэй, үеэлүүдтэй их ойрхон өсгөсөн. Бас таг хотын хүүхдүүдийг бодвол хөдөө ахуй, хонь малтай ёс заншлаа бүрэн гүйцэд биш ч талыг нь сурч мэдэж өссөн шүү. Би хүүхдүүдээ тэгж өсгөхийг хичээж байгаа.

-Жүжигчний мэргэжлийг багадаа л сонгосон уу?
-Бага ангид байхдаа мэргэжил сонголтын хичээл дээр хүүхдүүдийн бас багшийн өмнө санаатай, санамсаргүйг мэдэхгүй “Жүжигчин болно” гээд хэлчихсэн юм. Тэгээд л “Дуулсан дуундаа өөрөө уяраад…” гэдэг шиг жүжигчин болно хэмээн өөртөө бат нот итгэж явсаар энэ мэргэжилтэй хувь заяагаа холбосон доо. Харин аав, ээж хоёрыгоо миний энэ сонголтыг дэмжээ ч үгүй, татгалзаа ч үгүй гэж боддог юм (инээв).

Намайг конкурстэхэд тэд дагаж очсон, дараа нь төлбөр төлж сургалаа. Дэмжиж буйгаа үүнээс илүү яаж илэрхийлэх вэ дээ, тийм ээ? Харин сургуулиа дүүргэнгүүт аав маань намайг БХИС-ийн Төрийн захиргааны ангид оруулж төгсгөсөн. Намайг жүжигчин болоод, амьдралаа тэр чигт нь аваад явчихна гэдэгт итгээгүй биз. “Би энэнд сурч яах юм бэ?” гэж асуухад аав “Миний охин хос морьтой болж байна л гэж бод” гэсэн юм.

-“Надад голдуу туслах дүр оногддог” гэж та гомдоллож байсан…
-Би “Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургууль төгссөн. Анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр орсноос хойш буюу 20-иод жилийн хугацаанд 100 гаруй кино уран бүтээлд ихэвчлэн туслах дүр бүтээжээ. Бараг 95 хувьд нь туслах дүр дээр ажилласан байдаг юм.
-Анх ямар кинонд тоглов?
-“Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд анх тоглож байлаа.
-Тэгвэл анхны урамшуулал чинь хэдэн төгрөг байв? Юунд зарцуулсан бэ?
-“Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлээс анх 300 мянган төгрөгийн цалин авч байлаа. Нэг найз маань “Анхны цалингаараа будаа авдаг юм. Будаа чинь өсөж үрждэг, бэлгэшээлтэй” гэхээр нь дээжээс нь нэг кг будаа авч байлаа (инээлээ).
-Ингэхэд дурлалын анхны захиаг хэдэн настайдаа авав?
-Хүний урманд дурлалын захиа ганц ч удаа авч байгаагүй ээ (хөгжилтэй гэгч нь тас тас хөхрөөд). Үнэн шүү.
-Та ихэвчлэн ааштай авгайн дүр бүтээдэг…
-Бодоод байсан чинь би голдуу инээдмийн кинонд ааштай авгайн дүр бүтээдэг юм билээ. Харин сүүлийн үед найруулагч нар надаас драм нэхдэг болоод байгаа. Бас хэдэн кинонд эсрэг дүр дээр ажиллалаа. Суралцсаар л явна даа.

-Анухайн шоунд яагаад оролцох болов?
-Би “Ганган хөвсгөр” гэдэг бүлгийн админ болохоор энэ шоунд оролцуулахад нөлөөлсөн биз. Тэгээд бас дөрвөн хүүхэдтэй алдарт эхээс гадна жүжигчний мэргэжил маань давуу тал болж, намайг оролцуулсан байх.
-Танай бүлэг олон гишүүнтэй юу?
-110 мянган гишүүнтэй.
–Хамт оролцсон бүсгүйчүүдийнхээ талаар яриач…
-Өөр өөрийн гэсэн амбицтай, аягүй дайчин, хор шартай хүүхнүүд байсан. Гэхдээ бид маш эвтэй, бие биеэ дэмжиж, хурцалж оролцсон шүү.
-Оролцогчдоос хамгийн ахмад нь та байсан бил үү?
-Тийм ээ, шоуны хамгийн ахмад оролцогч нь би байсан. Тухайн үед гэнэт дасгал хөдөлгөөндөө ядраад, хоол ундандаа идээшихгүй, юунд орчхов оо гэж хямхрч байсан үе бий, бий.
-Хэдэн кг хаслаа?
-Багш маань тэгж шахаж, биднийг дасгалжуулсны үр дүнд 45 хоногийн дотор 10 кг жин хассан. Маш гоё болж ирсэн шүү дээ, уг нь (инээлээ). Даанч үргэлжлүүлээд дасгалд явна гэдэг над шиг ажилтай хүнд худлаа юм байна. Байсхийгээд л хэд хоногоор хөдөө гадаа зурганд явна. Хоол ундны дэглэм алдана. Очоод ямар маяглаад, натурын хоол ундаа голж шилээд, сонин зан гаргаад байлтай биш. Дундаа ороод, энгийн хоолоо идээд явчихдаг болохоор асуудалтай юм байна билээ. Дасгалд бол яг л зориулж цаг гаргах ёстойг мэдсэн.
-Та түрүүлнэ гэж бодож байв уу?
-Өөрийгөө түрүүлнэ гэж бодож байгаагүй ээ. Угаасаа Оля, Өнөрөө хоёрын нэгийг түрүүлэх болов уу гэж бодож байлаа. Тиймдээ ч Оляг түрүүлэхэд гайхаагүй шүү.
-Шоунд хамт оролцсон бүсгүйчүүлтэйгээ ямар харьцаатай вэ?
-Дүү нартайгаа мэндийн зөрөөтэй л явдаг даа. Ер нь уулзалдаж барих завгүй гүйх юм. Дүү нар ч ялгаагүй ажил ихтэй байдаг байх.
-Нөхөр чинь шоунд оролцохыг тань хэр дэмжив?
-Манай Баагий намайг маш сайн дэмжсэн шүү. Бас миний жинг хадгалах гэж маш их хичээсэн (инээлээ).
–Та гэр бүлээ танилцуулаач…
-Хань маань Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажилладаг Батбаатар гэдэг залуу бий. Жирийн л нэг цагдаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том охин маань тусдаа гарсан. Гурван хүүхэд минь дунд сургуулийн сурагч.
-Хүүхдүүдээс чинь жүжигчин болох нь уу?
-Гурван том нь “Жүжигчин болох сонирхолгүй” гэсэн. Бага хүү харин ээжийнхээ мэргэжлийг сонирхоод, зурганд хэд явж, нүүр хөөрхөн хагараад байгаа. Би бас хүүгээ дэмжээд, өөрөө кинонд орохоосоо илүү догдолж хөөрөөд байгаа шүү дээ (дахин инээв). Миний хүү чинь нэг ойтойдоо ээжтэйгээ цуг Сэнгэдорж найруулагчийн “Би нар” гэдэг кинонд тоглосон юм.
-Та “16-тай ээж” гэдэг кинонд тоглосон…
-“16-тай ээж” киног бодит явдлаас сэдэвлэсэн юм билээ. Яг ийм тохиолдолд хүмүүс нэгнээ маш их шүүж, доромжилж, бах таваа ханган, хүүхдийн өөрийнх нь хүсээгүй алдаан дээр томчууд бид ямар муухай дэвсэлж байгаагийн эсрэг дуугарсан кино юм.
-Ингэхэд та дахиад л туслах дүр бүтээжээ…
-Тэгсэн (инээгээд), сумын эмнэлгийн асрагч Жавзаагийн дүр дээр ажиллалаа.
-Киноны зураг авалт хаана хэр удаан үргэлжлэв?
-Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сум, Багануур дүүрэгт 20-иод хоногийн хугацаанд зураг авсан.
-Багийнхантайгаа хэр гар нийлэв? Өмнө нь хамтарч ажиллаж байсан уу?
-“16-тай ээж” киноны уран бүтээлч дүү нарын ихэнхтэй нь өмнө нь хэд хэдэн уран бүтээлд хамтарч ажиллаж байсан. Тэдэнтэйгээ гар болон сэтгэл нийлдэг л дээ.
-Найруулагч нар танд голдуу ямар дүр санал болгодог вэ?
-Голдуу ааштай, амтай, тачигнасан эмэгтэйн дүр санал болгодог. Миний гадаад төрх, өөрийн хувь хүний характертэй холбоотой байх аа.
-Эротик дүрийн санал ирдэг үү? Тиймэрхүү нэг дүрд тоглосон байсан…
-Тэгсэн тэгсэн (инээв). “Монголд танаас өөр энэ дүрд тоглох жүжигчин олдохгүй байна” гээд намайг бүр хоёр сар хүлээж байгаад гуйлгаж гуйлгаж нэг юм хоёр сценд орсон шүү.
-Мэдээж танд бүтээхийг хүсдэг дүр бий биз?
-Надад найдаж, итгэж өгсөн дүрийг том, бага гэлгүй найруулагчийнхаа хүссэнээр, үзэгчдэд таалагдахаар гаргачих юм сан л гэж хүсдэг дээ.
-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцсон хосуудаас хамгийн хөгжилтэй нь та хоёр байсан…
-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт хоёр жил гарны өмнө оролцсон юм, уг нь. Одоо ч гэсэн тасалж авсан нь сошиалаар явж байгаа харагддаг.
-“Салгалсан Баагий” гэдэг үг чинь трэнд болоод л…
-Салгалаад удаад байхаар нь тэгээд хэлчихсэн юм шиг байна билээ. Уг нь манай хүн хоол сайн хийдэг л дээ.
-Танд элдвийн шоуны урилга хэр ирж байна вэ?
-Анухайн шоуны л санал ирж оролцсон.
-Хэрвээ “Ододтой бүжиглэе”-д оролцохыг уривал зөвшөөрөх үү?
-“Ододтой бүжиглэе” шоунд юу гэж намайг урих вэ дээ (тун хөгжилтэй инээв).
-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Ш.Эрдэнэтөр
More Stories
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...