Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны амьдралаа зориулж, оюуны ертөнцөд олон мянган шавиа соён гэгээрүүлж, хөтлөн дагуулсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа 2024 оны зургаадугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж, Монголын боловсрол, шинжлэх ухаан, уран зохиол, утга соёлын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Авьяастныг олж нээн, урамшуулан хөгжүүлж, ухааруулан чиглүүлэхдээ гарамгай нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Л.Нямаа нь XVI жарны хөхөгчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн буюу 1945 оны хоёрдугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хөмөлийн голд төржээ.
Тэрбээр 1965 онд Биндэр сумын бага сургууль төгсөж, улмаар 1970 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэжээ. 1971 оноос Хэнтий аймгийн Заах аргын кабинетад арга зүйч, Өмнөдэлгэр, Батширээт, Өндөрхааны дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, захирал, Хэнтий аймгийн Боловсролын төвд арга зүйчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуулийн “Чингис соосэ” олон улсын харилцааны сургуульд багшаар ажиллаж байв.
1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан тэргүүтэй Монголын хэл бичиг, утга соёл, уран зохиолын ноён оргил болсон гайхамшигт эрдэмтэн мэргэдээс оюуны шим, номын авшиг хүртэн эрдэм, боловсролын замд цуцалтгүй шамдаж эхэлсэн билээ. Энэ үеэс түүний бүтээлүүд төв, орон нутгийн тогтмол хэвлэлүүдэд хэвлэгдсээр ирсний дээр “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 4, 61 дүгээр ботид “Балдан зураач” шүлэг, зохиолч өөрөө болон хүмүүсээс бичсэн захидлууд нь, “Монголын сонгомол яруу найраг” антологид “Миний амьдардаг ертөнц” шүлэг нь тус тус нийтлэгдсэн байна. Тэрбээр “Миний зуун”, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”, “Гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц” яруу найраг, ярилцлага, нийтлэлийн ном туурвижээ.
Л.Нямаа нь Хан Хэнтийн яруу найргийн сургуулийн дэгийг буй болгоход ихээхэн нөлөөлсөн төдийгүй 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш нь байв. Эрдэм, номын хишиг хүртээж, уран бүтээлийн замд хөтөлсөн мянга мянган шавьдаа 50 гаруй жил “Номын багш” хэмээн хүндлүүлсэн энэ эрхэм хүн эцсийн амьсгалаа татах хүртлээ уран зохиол, соёл гэгээрлийн үйл хэрэгтээ үнэнч байж, эрдэнэ мэт сургаал захиасаа наран мэт түгээн цацраасаар амьдарсан билээ.
Яруу найрагч Л.Нямаагийн уран бүтээл, соён гэгээрүүлэх үйл хэргийг үнэлж 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, М.Цэдэндоржийн нэрэмжит шагнал хүртээж, 2007 онд “Ард түмний гавьяат соён гэгээрүүлэгч” цол, “Алтангадас” одон, 2015 онд “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тус тус хүртээжээ.
Утга зохиолын нөхөд, шавь нарынхаа Номын гэрэл, Урмын жигүүр, Сэтгэлийн түшиг болсон эрдэм, билиг төгс, ачлал журамт Та минь нэгэн насны амин шүтээн болсон эх сайхан Монгол орондоо, Хан Хэнтий, хатан Онондоо, халуун сэтгэлт утга зохиолын ертөнцдөө эргэн төрөөрэй.
Хорвоогийн нарантай цуг буцсан эрхэм таныхаа тухай халуун дулаан дурсамжуудыг, хэлж захисан сургаалуудыг өглөө бүрийн мандах нарантай цуг нандигнан хадгалж, үйл хэрэгтээ эрхэмлэн дагах болно.
Эх сурвалж: Монголын Зохиолчдын Эвлэл
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
