Төр өөрийн өмчит хөрөнгөө эргүүлэн авсан ч түүнийг тойрсон хэл ам тасрахгүй байгаа нь хариуцуулж өгсөн этгээдтэй хамааралтай байж болох. Учир нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд жилд 3-5 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийдэг. Үүнээс гадна, Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ хоёр сая тонн байдаг гэхээр энэхүү үйлдвэр жирийн нэг “намчин”-д бэлгэлэх албан тушаал биш байж таарна. Энэ утгаараа нам сольж дарга даган намирсан Л.Наранбаатар гэгчийг уг албан тушаалд томилогдоход гайхширсан хүмүүс олон байсан биз. Харин тэдгээр хүмүүсийн гайхширч байсныг батлах олон үйл явдал өдөр өнжихгүй болж байгаа ч өнөөдрийг хүртэл уг этгээдийг албан тушаалаас нь өөрчилж, асуудлыг намжаах бодол МАН-д лав байхгүй нь хамгийн хачирхалтай үйл явдал гэж хэлж болохоор.

2022 оноос Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн төрийн өмчит компанийн төлөөлөгчийн газрын дарга, Бизнес хөгжлийн газрын даргаар томилогдсон Лхагважавын Нямбаяр гэж бий. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгсөж, Гүрэн дээд сургуульд магистр хамгаалсан гэх түүний ажлын намтарт бизнесийн удирдлагаар 21 жил ажилласан ажлын туршлагатай хэмээн маш том тодорхойлолт дагах юм билээ. Эрдэнэс Монгол, Монгол шуудан зэрэг төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байсан түүхтэй хэмээх Лхагважавын Нямбаярыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн эхнэрийн эзэмшлийн Хас медаи группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг хүмүүс сайн мэдэх ч огт ярьдаггүй нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дараагийн дарга бол Лхагважавын Нямбаяр хэмээн итгэдэгийнх гэнэ. Ёстой юм ёсоороо болж одоогийн дарга солигдоход томилогдох хүн нь бэлэн байгааг мэдсээр байж сөргөж уурыг нь хүргэх хүн байхгүй учир хэзээ нэгэн цагт өөрийн дарга болох ээлжээ хүлээн үйлдвэрт ажиллах нь ёстой л төрсөн цагийн төөрөг гэлтэй, амны хишиг байх даа…


Хөтөлийн цементийн үнэ “тэнгэрт хадаж”, ам дүүрэн бурж байсан Л.Наранбаатар захирал гэгч хэлгүй дүлий болж сураг алдарсан шалтгааныг доорхи хүснэгт бэлхэнээ харуулж буй юм. Учир нь өнөөдөр 2022 онд 220.000 төгрөг байсан Хөтөлийн цемент 330.000, савалгаатай нь 238.500 төгрөгөөс 385.000 болж өсөн борлуулалт 50 хувиар буурсан байдаг. Ингээд зогсохгүй тээврийн зардал нэмэгдэхээр өнөөдөр Улаанбаатар хотод Хөтөлийн цемент задгай нь 360 мянга, савалгаатай нь 410 мянган төгрөгөөр үнэлэгдэж Монголын хамгийн үнэтэй цементийн рекордыг тогтоочихоод байна. Ингэж л ам, ажил нь зөрсөн Наранбаатар гэгчийн булхай эхнээсээ бултайх бүү хэл ил болоод байхад Амарбаясгалан дарга нь хамгаалж, адаг сүүлдээ өөрийн биеэр очиж байгаад амаа олохгүй магтсан шалтгаан юунд байв???

Нэгэн баримт сөхөхөд, 2022 оны аравдугаар сард Л.Наранбаатарыг мэргэжлийн бус хүн томилсон, сэлбэгийн нөөцийг бүрдүүлээгүйгээс “үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон” гэдэг дүгнэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас томилогдон тус үйлдвэрт ажилласан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байдаг. Учир нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн чулуунцарын зуух эвдэрсэнээс болж цемент тасалдаж, эрэлт нэмэгдэж үнэ өссөн нь үйлдвэрийн даргаар томилогдсон Л.Наранбаатарын буруутай үйлдлээс болсон гэдгийг үйлдвэрийн ажилчид нь илчилж байж. Ингэснээр Засгийн газрын Хэрэг, эрхлэх газрын ажлын хэсгийнхэн “Чулуунцарын үйлдвэр нь 60 метрийн урттай бөгөөд энэ оны 3-7 сард доторлогооны тоосго нимгэрч зуухны гадна талд үүсч буй температур 480С-аас хэтэрч халалт үүссэнээс шалтгаалан зогссон байна. 2022 оны 7 дугаар сард өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хэт өндөр ачаалалтай ажилласан. Мөн тус үйлдвэрийг зогсоход хүргээд байгаа Чулуунцарын үйлдвэрийн засварт шаардагдах сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж чадаагүй” гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Үүнд,
- Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хувийн хэвшлээс төрд шилжсэний дараа төрийн өмчит компанийн холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ажиллах гэж хугацаа алдсан. Мөн захирал Л.Наранбаатар нь үйлдвэрийн үйл ажиллагаанд үнэн зөв бодитой дүгнэлт хийгээгүйгээс төлөвлөлтийн алдаа гаргасан.
- Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн ерөнхий инженер хоёр удаа солигдсон, шинээр томилогдсон инженер нь сүүлийн таван жил тус үйлдвэрт ажиллаагүй, зарим удирдлагуудыг мэргэжлийн бус хүнийг удирдах албан тушаалд томилсон.
- Чулуунцарын үйлдвэр 2022 онд засварт 116 хоног зарцуулсан бол 2022 оны наймдугаар сарын 19-ны өдрөөс үйл ажиллагаа нь бүрэн сул зогссон 42 хоногийн хугацаанд 14.9 тэрбум төгрөгийн орлого алдсан. Чулуунцарын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон шалтгааныг судалж үзэхэд 2022 онд таван удаагийн түр зогсолтыг хийж галд тэсвэртэй тоосгоны дулаалга хийсэн ч шаардлагатай тоосгоны нөөцийг цаг тухайд нь бүрдүүлж чадаагүйн улмаас 116 хоногийг засварт зарцуулсан.
- Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 12.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 62 ажлыг хууль зөрчиж шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэн. Хөрөнгө худалдан авахад 313.5 сая төгрөгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бэлтгэсэн.
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2022 оны эхний найман сарын байдлаар 264.7 мянган тонн цемент үйлдвэрлэж, 82.1 хувийн гүйцэтгэлтэй болж 57.7 мянган тонноор, 97.5 мянган тонн шохой үйлдвэрлэж, 91.9 хувийн гүйцэтгэлтэй болж 3.3 мянган тонноор тус, тус тасарсан. Нийт орлогоор 63.515.0 сая төгрөг төвлөрч, 87.1 хувийн гүйцэтгэлтэй болж төвлөрсөн хэмжээнээс 9.395.2 сая төгрөгөөр буюу 12.9 хувиар тус, тус тасарсан.
- Нийт зардал гүйцэтгэлээр 53.481.4 сая төгрөг болсон нь төлөвлөсөн дүнгээс 3.244.5 сая төгрөгөөр буюу 4.3 хувиар бууруулжээ. Тайлант хугацаанд 16.184.3 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөж, татвар төлөхийн өмнөх байдлаар 10.033.7 сая төгрөгийн ашигтай 9.340.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан төлөвлөсөн зорилт хангагдаагүй, 98 хувиар буюу 6150.6 төгрөгөөр дутуу байна гэж дүгнэж байсныг сануулах нь зүйн хэрэг юм.



Нэгэн зүйл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар Л.Наранбаатар томилогдоод 400 гаруй хонож буй ч хувийн зардалдаа 6.4 сая, хайрхан тахиж, бумбын баярт оролцоход 5.9 сая, урлагийн наамдын үйл ажиллагаанд 900 мянга, улсын баяр наадамд 789 мянга, барилгачдын баярт 1.8 сая гэх мэтээр зарлага гаргаж, туйлсан байдаг. Хэдийгээр Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрд шилжсэнээс хойш анх удаа борлуулалтын орлого 100 тэрбум давж, 30 тэрбум төгрөгийн татварыг төрд төлсөн, 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж буй ч Үндэсний аудитын газраас тус компанийн төрд шилжсэнээс хойших есөн сарын гүйцэтгэлд шалгалт хийж 462 тэрбум төгрөгийн зөрчил ирүүлсэн нь зүгээр орхих зүйл биш юм. Үндэсний аудитын газраас Цемент шохой ТӨХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаарх санхүүгийн байдал, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланд аудит хийсэн байна. Товчхондоо, Хөтөлийн цементийн үйлдвэр төрд бүрэн шилжсэний дараах есөн сарын санхүүгийн балансыг шалгажээ. Ингэхэд, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангаас 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байдаг. Мэдээж шууд гэрээ байгуулдаг, шилэн данс хөтөлдөггүй зөрчил илрэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь тайлант онд хийсэн худалдан авалтын батлагдсан төлөвлөгөөг тендерийн баримттай тулган шалгахад 21 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн аж. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлээгүй зөрчил гэсэн үг. Үүнээс 11.7 тэрбум төгрөгийн есөн удаагийн худалдан авалтыг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан. Мөн төлөвлөгөөнд батлаагүй, дээд газрын шийдвэргүй 300 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Цемент шохой ТӨХК-ийн охин компани Хөтөл Энержи дулаан ХХК-тай холбоотой 2.3 тэрбум төгрөгийн зөрчлөөс гадна шилэн дансны мэдээлэл дутуу, мэдүүлсэн дүнтэй зөрсөн, байнга хоцроож мэдүүлдэг зөрчлүүд илэрч. Шилэн дансанд байршуулбал зохих 168.1 тэрбум төгрөгийн 115 мэдээллээс 72 тэрбум төгрөгийн 55 мэдээллийг хугацаа хоцроож байршуулсаныг илрүүлж, ийм алдаа зөрчил давтан гаргахгүй, хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллахыг гүйцэтгэх удирдлага Л.Наранбаатарт даалгасан байна. Аудитаас Цемент шохой ТӨХК-д сөрөг дүгнэлт үйлдэхээс гадна удирдлагуудад нь төлбөрийн хоёр акт тавьжээ. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэмнэж болох байсан 64.1 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд үүнийг нөхөн төлүүлэх акт тавьсан байна. Гэтэл алдаагаа засах ёстой Л.Наранбаатар захирал Аудитын компанийг шүүхэд өгч, маргаан үүсгэж цаг хожиж эхэлж. Ёстой л ардаа бат хамгаалалттай хүн шиг хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийсэн түүний хувьд ажлаас халагдах, асуудал үүсэх ямар ч падлийгүй, харин Д.Амарбаясгалан даргын шийдвэр яаж гарах л маш чухал гэнэ шүү… Ингэхэд эрх хүүхдээс ч дор аашлах ижил буруу сэтгэлтэй Л.Наранбаатараа Хөтөлөөс зайлуулах цаг хэзээ юм бэ, Д.Амарбаясгалан даргаа??? |







More Stories
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
УИХ-ын гишүүн Ж.АЛДАРЖАВХЛАН: Улсын болон хувийн сургууль барих стандартыг ижил болгох шаардлатай
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүйгээр...
МАЛЧДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
2020 оноос хойш л Алтайн болон Хангайн чонын тоо толгой хэт өсөж хүн мал руу дайрах эрсдэл эрс нэмэгдсэн тул...