Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн командлалд энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэгэн баярт үйл явдал тохиолдов. БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр Хуурай замын цэргийн командлал алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо бариулж, энэ өдөр ашиглалтад хүлээн авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Батлан хамгаалахын сайд зөвлөх Д.Бүрэнтогтох, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчиллаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Шинэхэн байраа хүлээн авч байгаа Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд тусгайлан баяр хүргэе. Командлал бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөл нь маш их сайжирч байгаад сайдын хувьд баяртай байна. Ер нь алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулна гэдэг цаад утгаараа эх орныхоо төлөөх үүргээ сайн биелүүлэхэд чухал хөшүүрэг болдог. Болдогсон бол бүх цэргийн алба хаагчдадаа орон сууц барьж өгөх юмсан. Даанч тийм боломж байхгүй. Гэхдээ аль болох нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Гурван жилийн хугацаанд 100 гаруй алба хаагчдын орон сууцыг шинээр барьж, албан тушаалын 600 орчим айлын орон сууцыг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хувьчиллаа. Бүх насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан болон өдгөө алба хааж байгаа офицер, ахлагч нартаа өгсөн” гэсэн юм.
Үүний дараа албаны хүмүүс байрныхаа түлхүүрээ гардан авсан зарим алба хаагчийнхаар зочилсон бөгөөд хамгийн эхний айл нь Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Дагвацэрэнгийнх. Тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. Эхнэр нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид алба хаадаг цэргийн бүсгүй байна.
Хошууч Д.Дагвацэрэн “БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагад олон айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Эхнэр бид хоёр үр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр үүргээ гүйцэтгэх болсондоо баяртай байна” гэв. Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар энэхүү албан тушаалын орон сууцанд өөрийн гэсэн байргүй, түрээсийн болон аав, ээжийндээ амьдардаг, олон хүүхэдтэй алба хаагчдаа хамруулсан тухай онцолж байсан юм.
Дараагийн айл нь Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн хэрэг хөтлөгч, дэд ахлагч Б.Нандин-Эрдэнийх.
Түүний нөхөр Э.Дүүрэнжаргал өдгөө БНСУ-д ажиллаж байгаа бөгөөд тэд сургуулийн насны гурван хүүхэдтэйгээ аав, ээжийндээ амьдардаг байсан юм. Зээ охиноо албан тушаалын орон сууцтай болсон баярт мэдээг сонссон өвөө, эмээ нь болох Н.Буянтогтох, Д.Цагаанхүү нар гэрт нь хүрэлцэн ирсэн байв. Н.Буянтогтох гуай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарт хандаж “Ийм сайхан байрандаа миний охины гэр бүлийг оруулж өгсөн баярлалаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байг” гэж ерөөсөн. Тэрээр 1960-аад онд барилгын цэргийн ангид гурван жилийн алба хааж байхдаа эзэмшсэн мэргэжлээрээ буюу мужаанаар улсад 36 жил ажилласан буурай ажээ. Цэргийн албаар үргэлж бахархаж явдгаа ч илэрхийлэв. Зочдыг гарах үеэр Э.Дүүрэнжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын том хүү Д.Анхбаяр “Цэргийн ах, эгч нартаа баярлалаа. Манайхыг гоё байртай болгосонд баярлалаа” хэмээсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.
Төгсгөлд нь онцлох айл бол Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаярынх. Тэдний ам бүл долуулаа, хүүхдүүдийнх нь олонх нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг байна. Гэр бүлийн хүн нь ч ялгаагүй мөрдэстэй цэргийн бүсгүй ажээ.
Дэд хурандаа С.Ууганбаяр “Үнэхээр их баяртай байна. Миний бие Зэвсэгт хүчинд 26 дахь жилдээ алба хааж байна. Зэвсэгт хүчний 256, 120, 084 дүгээр ангиудад алба хааж байгаад гурван жилийн өмнөөс Хуурай замын цэргийн командлалд томилогдон ажиллаж байна. Офицер, ахлагч нарын хүүхдүүд цэрэг, армидаа элэгтэй болж өсөж торнидог жишгээр долоодугаар ангийн бага охиноос маань бусад нь Зэвсэгт хүчний 084, 310, 340 дүгээр анги болон цагдаагийн байгууллагад алба хааж байна. Гэртээ нэг тасаг командлаад амьдарч байна гэсэн үг. Манайх өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн орон сууцгүй, голдуу түрээсийн байр хөлслөн амьдарч байсан. Харин өнөөдөр ийм сайхан баяртай болсондоо маш их баяртай байна. БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад хань ижил, үр хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэдгээ хэлье. Одоо ажлын төлөө зүтгэхээс өөр зүйлгүй” гэв.
Үүний дараа зарим албаны хүмүүсээс сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:
-2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь бие даасан төрөл цэрэг болсоныг та бүхэн мэднэ. Энэ цагаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах зорилгоор БХЯ, ЗХЖШ-аас шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, үр дүнд ч хүрлээ. 2017 оны 4 дүгээр сард манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, энэ өдөр офицер, ахлагч нарын албан тушаалын 30 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч байна. Хуурай замын цэргийн командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлагад талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгснийг дурдах ёстой. Цаашдаа алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжилнэ.
“Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд:
-Барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн тасралтгүй гүйцэтгэсэн. Энэ барилга чанарын өндөр түвшинд баригдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтой. Мэдээж манай компани дөрвөн жил барилгынхаа чанарыг нь хариуцна гэв.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...