Монгол Улсад ахмад настнуудын тэтгэвэр нь нийгмийн халамжийн хамгийн чухал хэсгийн нэг боловч бодит амьдрал дээр хүрэлцээтэй эсэх нь олон нийтийн томоохон маргаан дагуулж байна. Өчигдөр ахмадууд “тэтгэврийг сая таван зуун мянган төгрөг болгох”-ыг шаардан жагслаа.

Тэтгэврийн өнөөгийн хэмжээ

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ – 689,000 төгрөг

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ – 572,400 төгрөг

Дундаж тэтгэвэр – ойролцоогоор 848,000 төгрөг

Дээд хэмжээ – шимтгэлийг олон жил, өндөр дүнгээр төлсөн иргэдэд 3–4 сая төгрөг хүрэх боломжтой

Эмэгтэйчүүд 20 жил, эрэгтэйчүүд 25 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа тэтгэвэр авах эрхтэй. Одоогийн журамд эмэгтэйчүүд 60, эрэгтэйчүүд 63 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гардаг.

Амьжиргааны өртөг ба тэтгэвэр

Үндэсний статистикийн хорооноос тогтоосноор нэг өрхийн сарын дундаж хэрэглээний зардал 1.7–1.8 сая төгрөг, ганц хүнийх дунджаар 900 мянга–1 сая төгрөгийн хооронд байна.

Жишээ нь өнөөдрийн зах зээл дээр:

Талх – 2,200–3,000 төгрөг

1 кг үхрийн мах – 18,000–22,000 төгрөг

Даралтны түгээмэл эм (Enalapril, Amlodipine) – 6,000–12,000 төгрөг

Ийм нөхцөлд дундаж тэтгэвэр болох 848 мянган төгрөг нь зөвхөн хүнс, байрны халаалт, цахилгаан, эмийн зардлыг арай гэж даах төдий. Доод хэмжээний тэтгэвэртэй ахмадуудын хувьд өвлийн улиралд бүр ч хүнд байна. Ахмадуудын хэлдэг “энэ мөнгөөр амьдрах боломжгүй” гэх нь хоосон үг бус, бодит амьдралын үнэн зураг юм.

Польш улсад ахмадуудын дундаж тэтгэвэр 3,500 злоты буюу 2.7 сая төгрөгтэй дүйцэх бөгөөд энэ нь дотоодын дундаж хэрэглээний зардлыг хангахад хүрэлцдэг. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ бараг үнэгүй, нийтийн тээврийн хөнгөлөлт, орон сууцны тусгай дэмжлэг зэрэг бодлогоор ахмадуудын амьдралын чанарыг баталгаажуулжээ.

Төсвийн үр ашиггүй зарцуулалт

2025 оны 9-р сарын 9-нд Завхан аймгийн Шилүүстэй сумын баярын талбай хүчтэй салхинд нурж унав. Энэ талбайг 380 сая төгрөгөөр энэ жил шинээр барьж, 8-р сард дөнгөж дуусгасан ч улсын комисст хүлээлгэн өгөөгүй байсан аж. Иймэрхүү үр ашиггүй, чанаргүй бүтээн байгуулалт нь улсын төсвийн мөнгө хэрхэн хийсэж байгаагийн нэг тод жишээ.

Үүнээс гадна улс төрчдийн хувийн тансаглал олон нийтийн шүүмжлэлд өртсөөр байна. Жишээлбэл, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүүгийн найз охинд өгсөн брэнд цүнх, тансаг бэлэгнүүд, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн брэндэд суурилсан тансаг амьдрал, өндөр цалин, боловсролын зээлийн сангийн хөнгөлөлт хүртэж буй зэрэг нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна.

Монголд тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх нь зөвхөн төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс хамаарахгүй. Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг зогсоож, хэрэгцээгүй төсвийн зардлыг танах, улс төрчдийн тансаг хэрэглээг хязгаарлах замаар бодит боломжийг бүрдүүлж болох юм.

Сэтгүүлч: Гэрэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post SDY-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Германы залуучуудын байгууллагын удирдлагуудтай уулзаж, санамж бичигт гарын үсэг зурлаа 
Next post Өмгөөлөгч Ч.Болд, Амиа алдсан охины хэргийг өмгөөлөгч Б.Солонго бид хоёр өмгөөлж байгаа