Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр салбартаа үүссэн асуудал, ойрын хугацаанд нэмэгдэх эх үүсвэр, цаашид хэрэгжих төсөл зэргийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө.
Тэрбээр яриандаа 2027 оны дунд үед гэхэд Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангадаг болно гэдгийг онцолсон юм.
Сайд Б.Чойжилсүрэн “Монголын эрчим хүчний систем 102 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний системд хосолсон хүндрэл үүссэн.
Эхнийх нь эрчим хүчний энергийн хэрэглээ 7 орчим хувьтай, чадлын хэрэглээ өвлийн оргил ачааллын үед 12 орчим хувьтай өсөж байна. Биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж чадлын өсөлт нь 200МВт-ыг давж байгаа. Жил бүр “ДЦС 3”-тай тэнцэх хэмжээний цахилгаан станцыг ашиглалтад оруулахаас өөр аргагүй гэсэн үг. Ирэх жилүүдэд магадгүй хоёр “ДЦС 3”-тай тэнцэх хэмжээний чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсэж байна. Энэ өсөлт ойрын жилүүдэд буурахгүй. Бид чадлын дутагдалтай байгаагаас шалтгаалж, хүссэн техникийн нөхцөлүүдийг өгч чадахгүй байхад ийм хэмжээний өсөлт бий болоод байна.
2020 оноос хойш КОВИД-19, Орос, Украины дайн гэх зэрэг асуудлаас шалтгаалж үнийн өсөлт гарснаас шалтгаалж эрчим хүчний салбарт алдагдалд орсон.
1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй цөөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч. Эрчим хүчний борлуулалтын үнийг төрөөс тогтоож, тариф болгон улс орон даяар мөрдүүлдэг ч зардал нь зах зээлийн ханшаараа гардаг.
Богино хугацаат өр төлбөр нь 357 тэрбум, эрчим хүчний уурхайнуудын алдагдал 80 орчим тэрбум, урт хугацаат өр төлбөрийн хэмжээ 1 их наяд 800 гаруй тэрбум төгрөг болоод байгаа. Санхүүгийн хувьд тогтвортой байдлаа хадгалахад хүнд байна.
Цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд дунджаар 216 төгрөгөөр борлуулж, энэ хэмжээгээрээ алдагдал хүлээж байна. Техник санхүүгийн хувьд гээд хосолсон хүндрэлтэй байна” гэв.
Түүнчлэн эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар сэтгүүлчийн асуултад “2027 онд Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдлаас бүрэн гарна.
- Бөөрөлжүүтийн 600 МВТ цахилгаан станцын эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авсан. Ирэх жил дахин 150 МВт-ын блокийг ашиглалтад авна. 2027 болон 2028 онд III, IV блокийг ашиглалтад оруулахаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчтай тохиролцон бүх шатны дэмжлэгийг үзүүлж байна.
- Төв аймгийн Баян суманд 660 МВт дулааны цахилгаан станцын шав тавилаа. 2027 оны наадмаас өмнө буюу хоёрдугаар улиралд багтаагаад энэ станц ашиглалтад орно.
- Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станц баригдаж байна. 2026 оны төгсгөлөөр ашиглалтад орох тооцоололтой байгаа.
- Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашиглалтад орж байна. Энэ өвөлдөө амжиж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох графикын дагуу ажиллаж байна.
Төвийн бүсэд ажил нь эхэлсэн дээрх дөрвөн төсөл бий. Мөн “ТЭЦ 2” дээр 600 МВт-ын цахилгаан станцын Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ), эхний ээлжийн 300 МВт цахилгаан, 395 МВт дулаанаар хийх ТЭЗҮ бэлэн болсон. Эрчим Хүчний Яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр оруулж, холбогдох шийдвэрүүд нь гарч байна.
“ТЭЦ 3” дээр 300 МВт-ын цахилгаан, 360 МВт-ын дулааны цахилгаан станцыг ОХУ-ын экспортын зээлээр баригдахаар яригдаж байгаа ч үнэ өндөр байгаа тул хэлэлцээ хийж байгаа. Зураг төслийг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд УИХ соёрхон батлуулахаар оруулна.
Ерөнхийдөө 2027 оны дунд үе, наадам гэхэд Монгол Улс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангах чадлын бололцоотой болно.
Баруун бүсийн эрчим хүчний системийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 оны наадам хавьцаа ашиглалтад орохоор төслийн бүх бэлтгэл ажил хийгдэж байна. Зүүн бүсийн хувьд 2024 оны зургаадугаар сард Дорнод цахилгаан станцын 50 МВт өргөтгөлийг улсын комисс хүлээн авсан. Энэ жил Дорнодын цахилгаан станцын өргөтгөл бүрэн хүчин чадлаараа эрчим хүч нийлүүлнэ. Ингэсэн тохиолдолд 2024-2025 оны өвөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 МВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байгаа. Бөөрөлжүүтийн 150 МВт, Дорнодын 150 МВт, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 орчим МВт-ын эрчим хүчийг импортлохыг үгүйсгэхгүй. Холбогдох дэд бүтэц, гэрээний ажлууд хийгдэж байгаа” гэж хариуллаа.
+ There are no comments
Add yours