Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцож, Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэлсэн юм. Тиймээс эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ.
“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв. Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт. Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж, Онцгой байдлын албыг байгуулсан юм. Анх 120 салбар нэгжтэй байсан тус алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдсэн аж. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
