Цар тахал, дайныг амжилттай давсан “Эдийн засаг”

Монгол Улс 2024 оныг эдийн засагт ойрын хэдэн жилд гараагүй эерэг үзүүлэлтүүдтэйгээр угтаж байна.

Сүүлийн таван жилд улсын төсөв анх удаа эерэг буюу 763 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Гадаад худалдааны тэнцэл түүхэн дээд түвшинд хүрч, 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оныхоос 54.7% өссөн үзүүлэлт болж байна.

Инфляц 7.9% буюу цаг тахлаас хойш анх удаа Монголбанкны зорилтот түвшинд очсон бол Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, 4.9 тэрбум ам.долларыг давав. Ялангуяа, инфляц ийнхүү бууж ирсэн иргэд бидний хувьд сайн мэдээ.

Хамгийн гол онцлох үзүүлэлт бол ажилтгүйдэл. Өнгөрсөн оны гурвадугаар улиралд ажилгүйдэл сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин буюу түүхэнд бага хэмжээнд хүрсэн билээ.

Эдгээр тоонууд бол өнгөрсөн гурван жилд Засгийн газраас явуулсан бодлого эдийн засагт зөв тусгалаа олсны илэрхийлэл гэж дүгнэж болохоор байна.

Учир нь маш хүнд үеүд өнгөрсөн гурван жилд давхцсаныг уншигч та мартаагүй байх. Эдийн засаг 2018 оны эцэст 7% давж, нэн таатай болж байсан үе КОВИД-19-ийн нөлөөгөөр огцом уруудаж, Монгол Улсын эдийн засаг 5.3% агшиж, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анх удаа хямралд унасан. Цар тахлаас үүдэлтэйгээр дэлхий нийтийг хамарсан тэрхүү их хямралын үед Монгол Улсын Засгийн газар вакцины татан авалтыг цаг алдалгүй хийж, нийт иргэдээ дархлаажуулалтад хамруулж чадсан нь эдийн засгийг идвэхжүүлэх гол хөшүүрэг болсон нь маргах аргагүй үнэн юм.

2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа дөнгөж бүрдүүлээд, хоёрдугаар сарын 23-н буюу сар хүрэхгүй хугацааны дараа вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Ингээд наймдугаар сард гэхэд хүн амынхаа 62 хувийг коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамруулсан бол 21% нь гуравдугаар тунд хамрагдаж амжив. Үүний үр дүнд дотоодын эдийн засгийн идэвхжлийг сэргээж чадсан билээ.

Урьд өмнө ч аль ч Засгийн газарт сорилт болж байгаагүй нэг хүндрэл энэ үед таарсан нь Орос, Украины дайн яах аргагүй мөн. Монгол Улсын шатахууны 98%-ийг нийлүүлдэг, эрчим хүчний импортын 20 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг ОХУ XXI зуунд зэвсэгт дайныг 2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн нь дэлхий нийтийг шоконд оруулсан. Цар тахлын тархалт намжиж, арай гэж өндийх гэж байсан дэлхийн болон Монголын эдийн засагт өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа хөрш орны энэ дайн мөн л томоохон нөлөө үзүүлэв.

Монголчууд анх удаа шатахуунаа авах гэж хэд хэдэн удаа оочирлож, тогоо таслуулж, орчин үед үзээгүйгээ үзэх болов. Арай гэж Хятад улс цар тахлаа давж, хилээ нээсэн боловч Европын орнуудаас авдаг импортын бараа бүтээгдэхүүн хойд хөршийн нөхцөл байдлаас болоод саатах, удаашрах зэргээр эдийн засагт мөн л саад тотгор учирч эхэлсэн. Энэ үед Засгийн газраас хэлэлцээнүүдийг тухай бүрд нь амжилттай хийсний үр дүнд монголчууд шатахуунаа ОХУ-аас газрын том импортолдог орнуудтай харьцуулахад хямд бөгөөд тогтвортой үнээр авч, цахилгаанаа импортолдог хэмжээнд авах боломжтой байна.

Уул уурхайгаас өндөр хамааралтай, энэ салбарын эөсөлтөөс эдийн засгийн гол үзүүлэлтүүд нь шалтгаалдаг Монгол Улсын хувьд өнөөгийн үр дүнг авчрахад нөлөөлсөн, Засгийн газрын дараагийн хийсэн маш чухал ажил бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2023 онтой уралдан батлуулж чадсан явдал. Уул уурхайн салбар дахь “шахаа”-г зогсоож, өгөөжийг эдийн засагт бодитой хүргэх зорилгоор боловсруулсасн ч УИХ-д танилцуулагдаж чадалгүй 6 жил дарагдсан энэ хуулийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урагшлуулж, ажил хэрэг болгож, УИХ-д оруулан батлуулснаар бид түүхий эдээ хэн нэгний ашиг сонирхлоор биш дэлхийн зах зээлийн үнээр зарах эхлэл болоод байна. Хууль батлагдахаас өмнө манай улс дэлхийн зах зээлд нүүрсээ зарах боломжит үнээс 50% доогуур түвшинд борлуулж байсан нь саяхан, 2021 он билээ. Харин хууль баталж, эрдэс баялгийн түүхий эдийг нээлттэй борлуулах болсноор нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд хүрэхийн зэрэгцээ борлуулалтын орлого огцом өсөж, төсөв хүртэл эерэг гараад байгаа байна.

Ийнхүү Азийн Хөгжлийн Банкнаас 2023 онд 5.4% байна гэж таамагласан Монгол Улсын эдийн засаг гуравдугаар улирал гэхэд 6.9% өсөлттэй гарсан юм.

Засгийн газраас гадаад өрийн менежментийг маш сайн хийсэн гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг олон улсын агентлагууд мөн баталгаажуулаад байна.

Тодруулбал, 2021 онд “Century” I төслийн хүрээнд манай улс түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр өрийн зохицуулалт хийсэн бол 2023 оны нэгдүгээр сард “Century” II төслийн хүрээнд хөгжиж буй орнуудад хаалттай байсан зах зээлд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн анхны орон болж, дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон.

Харин оны өмнө нь хугацаа нь тулаад байсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларыг “Century” III төслийн хүрээнд дахин санхүүжүүлж, өрийн зохицуулалтыг хийсэн. Ийнхүү 350 сая ам.долларын “Century”III бондыг 7.875 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатайгаар олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалж, 2024 оны гуравдугаар сард эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын бондын тодорхой хэсгийг буцаан худалдан авснаар Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхөөргүй болоод байгаа юм.

Сүүлд гаргасан “Century” III бондын төсөл дээр олон улсын хөрөнгө оруулагчдаас ирсэн нийт захиалга 4.8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэндээ хамгийн өндөр захиалга буюу 13.7 дахин давсан өрийн зохицуулалтын арга хэмжээ болсныг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засгийг эергээр харж байгааг энэ нь илэрхийлж байгаа юм. Учир нь АНУ-ын Холбооны нөөцийн бодлогын хүү 5.5% байхад “Century” III бондын хүү 7.85-аар ийм өндөр захиалга авна гэдэг Чингис бондыг 3 орчим хувийн хүүтэй авсантай дүйх сайн үзүүлэлт гэсэн үг.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ буураагүй ч ДНБ-д эзлэх хувь буурсан буюу өрийн дарамт хөнгөрөөд байна.

Монгол Улсын өрийн менежментийг амжилттай болсныг S&P, Moody’s зэрэг агентлагууд эергээр харж, зээлжих зэрэглэлийг сайжруулсан бөгөөд манай улсын эдийн засгийг урт хугацаандаа тогтвортой байна хэмээн үнэлсэн.

Дээрх үзүүлэлт сайжирч, хамгийн сүүлд 2023 оны долдугаар сард “В” хэмээн үнэлж, богино болон урт хугацаанд тогтвортой гэж S&P үзжээ.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэлхийн хэмжээний хоёр том сорилтыг ийнхүү амжилттай даваад байна. Харин дараагийн ээлжинд ажлын байрыг улам нэмэгдүүлж, ядуурлыг бууруулан, эдийн засгийг хүртээмжтэй өсгөх бодлого хэрэгжүүлэх нь зөв болов уу…

+ There are no comments

Add yours