Донтолт-2 “Vape үнэхээр хортой юу”

“16 настай хүүхэд CU, GS25 ороод электрон тамхи авч, бэлэн гоймон идэж байна уу гэдгийг боловсролын байгууллага хянах ямар ч боломжгүй”

ТАМХИА ХАЯХ АРГА ЗАМ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ

Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Тиймээс хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Электрон тамхи хэрэглэснээр эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй: зүрх судас, уушгины өвчлөл, /зүрхний шигдээс, цус харвах/ урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө хянах чадвар алдах, ой тогтоолт буюу сэтгэн бодох чадвар муудах, бие сульдах ядрах, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй.

Тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан.

Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Электрон болон энгийн тамхинд никотин төрөл бүрийн хэлбэрээр агуулагддаг аж.

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын /FDA/ судалгаагаар: электрон тамхинд нитрозамин, гликолын деривативууд зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Дэлхийн залуучуудын тамхины судалгаа 2019-ийн тайланг эцэслэн гаргасан. Уг судалгаанд нийслэл болон орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн нийт 4,474 хүүхдийг хамруулсан. Ингэхэд судалгаанд хамрагдсан сурагчдын 52.3 хувь, үүнээс хөвгүүд 63.5, охид 42.7 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүнийг татаж үзсэн гэж хариулсан байна.

Нийт сурагчийн 6.1 хувь нь өдөрт 6 ба түүнээс ширхэг янжуур тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан байна.

Электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж.

Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин гэдэг бодис дунджаар 13.3-15.4 мг агуулагддаг бол электрон тамхины найрлагад 0.5-15.4 мг агуулагддаг байна. Электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга, амт оруулагч гэх мэт хортой бодис агуулагддаг. Тамхины орц найрлагыг өөрчилснөөр хортой шинж чанар нь багасдаг гэх ташаа ойлголт түгээмэл байна. Никотины хэмжээ багассанаар тамхи бага хортой болдог тухай шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо дэлхий дахинд одоогоор байхгүй байна.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Буянтогтох: Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайд нарын тушаалаар ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 14-д байгуулагдсан. Бид энэ сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулаад, олон нийтээс санал авна. Зургадугаар сард багтаан Засгийн газраас хэлэлцээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

2020 оны 2,047 ширхэг электрон тамхи импортолсон бол 2021 онд 2.6 сая ширхэг болж огцом нэмэгдсэн байна. 

Электрон тамхины хэрэгцээг зохицуулсан хууль байхгүй учраас энэ төрлийн тамхийг хил гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрлөөр нэвтрүүлдэг юм байна. Тиймээс 2021 он хүртэл манай улсад оруулж ирсэн бүх электрон тамхинд Архи, тамхины онцгой албан татвар байхгүйн дээр ямар ч хяналтгүй чөлөөтэй нэвтэрч байж.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр: Дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон. Харин электрон тамхитай холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй учир энэ төрлийн тамхины хэрэглээ нэмэгдээд байна.

Сургуулийн орчин дахь тамхины худалдааг хумихгүй бол хэрэглээг нь хянах боломжгүй байна. Хууль дээрх 50 метр, 150 метр гэдэг заалтууд бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Ер нь цаашид бүх дэлгүүрээр архи, тамхи худалддагийг өөрчилж, төвлөрсөн байдлаар худалдаалахыг журамлах шаардлагатай байгаа.

Бид эцэг эхчүүдийн хараа хяналтыг орхиод байна. Бүх асуудлыг төр хариуцаад явах боломжгүй. Эцэг эхийн оролцоо давхар яригдах ёстой. 16 настай хүүхэд CU юм уу GS25 ороод электрон тамхи авч, бэлэн гоймон идэж байна уу гэдгийг боловсролын байгууллага хянах ямар ч боломжгүй. Харин сургуулийн орчинд аль ч төрлийн тамхи худалдаалахыг хориглодог.

Нэг жишээ дурдахад, Хэнтий аймагт нэг багш сургуулийн хашаанд тамхи татаж байгаа хүүхдэд шаардлага тавихад 12 дугаар ангийн сурагч багштайгаа хэрэлдсэн. Тухайн сурагчийг алгадсанаас болоод тэр багш багшлах эрхээ цуцлуулаад, ажлаасаа халагдсан.

Энэ бүхнээс харахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

+ There are no comments

Add yours