Л.Энх-Амгалан: Нэг хүүхдийг 800,000-1,200,000 төгрөгийн хувьсах зардлаар санхүүжүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуульд ерөнхий боловсролыг төрөөс үнэгүй олгоно гэж заасан. Мөн төрөөс тавьсан боловсролыг үнэгүй олгох шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж болно гэж тусгасан байгаа юм. Гэтэл төлбөртэй хувийн хэвшлийн сургуулийн тухай яригдаж байгаа нь Үндсэн хуулийнхаа эсрэг байна. Үр дүнд суурилсан тогтолцоо гэдэг нь хувийн хэвшлийг дэмжинэ шүү.

Зах зээлийн эдийн засагт нэг хэцүү зүйл нь хувийн хэвшлийг хэт их дэмжих нь иргэдийг боловсрол, эрүүл мэндээр хохироодог. Багш нарын асуудал бол чухал. Гэхдээ социалист системийн багш нарын үнэлэмжийг одоо бий болгох нь хэцүү” хэмээв.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Ц.Даваасүрэн сайдаа энэ бол манай Засгийн газраас өргөн барьсан хууль шүү дээ. Тийм учраас Засгийн газрын гишүүд нэг зарчимтай байх болов уу гэж бодож байна. Үр дүнд суурилсан тогтолцоо бол Засгийн газрын гол реформ. Энэ зүйлээс бид нэг ч алхам ухарч болохгүй. Тэр тусмаа Засгийн газрын гишүүн хүн үр дүнд суурилсан тогтолцоо бол ухралт, хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг буруу ойлголт нийгэмд төрүүлж болохгүй.

Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж байж хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах гээд байгаа юм. Нэг хүүхдийг 800,000-1,200,000 төгрөгийн хувьсах зардлаар санхүүжүүлж байна. Чанар, үр дүнг хэмжиж байгаа ямар ч зүйл байхгүй. Баян-Өлгийн аймгийн Цэнгэл суманд сурч байгаа хүүхдүүдийн сурах орчныг хотын хүүхдийн сурах орчинтой нийцүүлэхийн тулд үр дүнд суурилсан тогтолцоог хэрэгжүүлэх юм.

Хувийн сургуулиудыг хаана гэж хэлээгүй. Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд Монгол Улсын үндэсний хөтөлбөр, түүний стандартыг хэрэгжүүлдэг тогтолцоо л байх ёстой.

Тантай би нэг зүйл дээр санал нэг байна. Орлого багатай иргэд буюу дундаж давхаргынхны хүүхдүүдэд тэгш боломж олгохын тулд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхийг оролдож байна.

Хувийн сургуульд сурч байгаа 40 мянган хүүхэд хамгийн өндөр хэлний боловсролтой, олон улсын шалгалтуудын босго давдаг, гадаадын их, дээд сургуулиудад суралцдаг. Ингэж жинхэнэ утгаараа баян, хоосны ялгаа гарч байна. Харин бид нарын хийх гэж буй үр дүнгийн тогтолцоог нэвтрүүлж чадвал хүүхэд хаана амьдарч байгаа, эцэг, эхийн орлогоос үл шалтгаалж, хүүхэд бүр тэгш суралцах боломжийг олгох юм” гэдгийг хэллээ.

+ There are no comments

Add yours