Хээрийн түймэрт гурван гэр, нэг өрхийн хашаатай хонь өртөж шатжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр, Увс аймгийн Бөхмөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад ой хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, энэ сарын 8-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т ой хээрийн түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 8-ны 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн нэгдүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт гурван гэр, нэг өрхийн хашаатай хонь өртөж шатжээ. 

Увс аймгийн Бөхмөрөн сумын байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 29 км/-т хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 9-ний 15:55 цагт хүлээн авсан, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.     

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагч багийн Хар модот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 65 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 8-ны 17:44 цагт хүлээн авсан.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь “Өгөөж-Хараа” мод бэлтгэлийн газрын ажилтнууд “Түмэн далай” ХХК-ийн ажилтнууд гал түймрийг унтраахаар ажиллаж дөрөвдүгээр сарын 9-ний 16:30 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна.

+ There are no comments

Add yours