“Нэг тонн АИ-92-ийг 758 ам.доллараар авч байна”

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Газрын тосны бүтээгдэхүүн шатах, тослох материалын импортын хүрэлцээ хангамж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Газрын тосны үйлдвэр хэдийгээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна вэ. Хоёрдугаарт, өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ-д нефтийн бараа бүтээгдэхүүн хамгийн доод түвшнээр зарагдаж байхад манайх өндөр үнэтэй зарж байна гэдэг зүйлийг ярьсан. Энэ хэр үнэний ортой вэ?

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:

–АИ-92 дизель түлш, 80, 95 дайвар бүтээгдэхүүнийг таван хувь байнгын байлгана гэсэн санаа. Хэрвээ таны асууж буй хардалт байх юм бол чөлөөлөх ёстой. Гэтэл УИХ эрх мэдлийнхээ хүрээнд бусад бүтээгдэхүүний татварыг таван хувь байнга байлгана гэдгийг тогтоолоор заачхаж байгаа юм. Засгийн газарт эрх өгөхгүй гэсэн үг. Харин зөвхөн АИ-92-т эрх өгч байгаа. Тухайн цаг үе давхцаад Ш.Адьшаа гишүүн дайвар бүтээгдэхүүний татварыг тэглэх хууль санаачилсан юм билээ. Манайх бол эсрэгээрээ засагт эрх өгөхгүй, УИХ эрх мэдлийнхээ хүрээнд тогтоож байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ ОХУ-д 40 ам.доллар байна. Ер нь үнэ бууж байгаа. Гэхдээ түүхий нефтийн үнэ, эцсийн бүтээгдэхүүн биш юм. Монгол Улс эцсийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Эцсийн бүтээгдэхүүнийг бид биржээс худалдаж авна. Өнөөдрийн байдлаар 758 ам.доллароор нэг тонн АИ-92-ийг худалдаж авч байна.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй хамтатгаад ийм асуудал орж ирж байгаа нь цаг хугацааны давхцал хэр нь иргэдэд төөрөгдөл учруулж, Засгийн газар хуурамч шатахуун оруулж ирэхийг дэмжээд байгаа юм шиг ойлголт өгсөн. Ийм асуудал байхгүйг хэлье. 0-5 хувь байсныг, таван хувь болгон барих гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-УИХ-аас зарим гол нэрийн барааны үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх хууль хаврын чуулганаар баталсан. Энэ хуулийн дагуу Уул уурхай яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа. Ялангуяа АИ-92-ийн үнийг тогтвортой барих ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна дизелийн түлшний үнийг тогтворжуулах нөөц бүрдүүлэх асуудал давхар явж байгаа гэж ойлгосон. Дизель түлшний үнийг та нар дутуу анхаараад байгаа юм биш үү. Энэ жил хэд хэдэн аймгуудад өвөлжилт хүндэрч, отор нүүдэл хүндрэлтэй байна. Малчдын гол хэрэглээ ерөөсөө л дизель түлш. Нийт хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ болсон дизель түлшний үнийг барих ямар бодлого барих вэ.

Уул уурхайн сайд Ж.ГАНБААТАР:

-Дизель түлшинд Засгийн газар сайн анхаарч байгаа. Та өөрөө мэдэж байгаа байх. Мэдэхгүй байвал сайн сонсоод аваарай. Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд зах зээлийн үнээс арав гаруй хувийн хямдралтайг гэрээг хийсэн. Энэ гэрээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Гэхдээ дизель түлшийг зардаг хувийн аж ахуй нэгжүүд байдаг. Сайдын хувьд 14 хоног болгон хувийн компаниудтай нийлүүлэлтийг тогтворжуулах үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар уулзалт хийж байгаа. Бид зөвхөн агаарын түлшинд төрийн 50 хувийн оролцоотой ажиллаж байна. Дизель түлш ОХУ-ын дотоод асуудлаас болж нэг хэсэг хомстсон. Нийлүүлэлтийг нөхөх зорилгоор Хятадаас тодорхой квот аваад импортолсны үр дүнд тогтворжсон. Бид Роснефттэй 80 мянган тоннын гэрээ байгуулсан. Хаврын бэлтгэл ажил, нөөц талаас нь сайн анхаарч ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн ОХУ-ын зохих түвшний хүмүүс Монгол Улсад айлчлал хийж байгаа. Энэ уулзалтад дизель түлшний асуудлыг тавина.

–УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Засгийн газраас үнэ бууруулна гэж оруулж ирснийг бид дэмжчихдэг. Бодит зах зээлд үнэ өсөөд ирэхэд нэмэргүй байна, чадахгүй байна гэдэг. С.Чинзориг гишүүний хэлсэн гурил махны үнийг тогтворжуулна гээд чадаагүй. “Гурилынхан”-д 60-70 тэрбум төгрөг төрөөс өгдөг. Гэтэл гурилын үнэ хоёр дахин өссөн. Үүнийг Засгийн газар тайлбарлахдаа зээлээ өгчихсөн, гэхдээ чадахгүй байна гэдэг. Оруулж ирсэн нэр томьёоллоо өөрчилмөөр байна. Онгоцны тийзийн үнэ 30 хувь буурна гээд нэг компанид давуу эрх өгөөд батлуулсан. Өнөөдөр онгоцны тийзийн үнэ улам өсч байна. Шинэ жилийн үер олдохоо байлаа. Хоёр дахин өслөө. Онгоцны түлшний үнэ буусан уу. Өмнөх оруулж ирсэн зүйл чинь үр дүнгүй болохоор итгэхгүй байна.

+ There are no comments

Add yours