Д.Амарбаясгалан: Алдагдсан нүүрсний хэмжээг үргэлжлүүлэн судалж байна. 40 их наядын хулгай гарсан гэдэг нь үндэслэлгүй тооцоолол

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр нүүрсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ Эрдэнэс Тавантолгой компанийг тойрсон нүүрсний асуудалтай холбоотой эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн томоохон офтэйк гэрээ байгаа. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын асуудал, Тавантолгой-Богдхан төмөр замын төсөл зэрэг томоохон мөнгөн дүнтэй офтэйк гэрээнүүд байна. Эдгээр гэрээтэй холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа.

Нүүрсний хулгайн асуудалд олон тоо явж байна. УИХ-ын гишүүд хүртэл зөрүүтэй тоо мэдээллийг өглөө. Засгийн газраас нэгдсэн мэдээллийг өгөхөөр ажиллаж байна. Татварын байгууллагад бүртгэгдсэн ЭТТ ХК-ийн нүүрсний борлуулалтын орлого нь сүүлийн 10 жилийн хугацаанд 45.2 их наяд төгрөг байгаа юм. Тэгэхээр Т.Доржханд тэргүүтэй хүмүүсийн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд гарч буй нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайлагдаж байсан мэтээр тайлбарласан нь иргэдийн бухимдлыг төрүүллээ. 40 их наядын хулгай гарсан гэдэг нь үндэслэлгүй тооцоолол гэдгийг албан ёсоор хэлье.  

Өнгөрсөн 10 жилд 45.2 их наяд нүүрсний борлуулалт хийсэн бол орж ирсэн татварын хэмжээ 10 их наяд байна. Үүнээс 8.9 их наяд төгрөг нь төсөвт төвлөрсөн, татварын өр 0.7 их наяд, хяналт шалгалт хийж байгаа нь 0.3 их наяд байна. Алдагдсан нүүрсний хэмжээг Засгийн газар эцэслэн тогтоогдоогүй байгаа юм. Хууль хяналтын байгууллага тогтооно.  

Оффтейк гэрээнээс үүссэн хохирол их наяд 257 тэрбум төгрөг гэж Т.Доржханд мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар хохирол нь 187 тэрбум төгрөг. Оффтейк гэрээг байгуулахдаа ажил гүйцэтгэх компанид хөнгөлөлт үзүүлсэн нь урьдчилсан байдлаар илэрсэн. Алдагдсан нүүрсний хэмжээг үргэлжлүүлэн судалж байна” гэв.

+ There are no comments

Add yours