Морин хуурын чуулга Японы NHK телевизийн Их танхимд тоглолтоо хийлээ

Монгол Улсын филармонийн морин хуурын чуулга Япон улсын Токио хотын NHK телевизийн Их танхимд арваннэгдүгээр сарын 30-нд тоглолтоо хийлээ. Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалт болох энэ тоглолтыг Соёлын яамнаас зохион байгуулсан бөгөөд Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий болон Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын хамт үзэж сонирхжээ.

“Монгол Улс NHK hall-д тоглолт хийх захиалгыг таван жилийн өмнөөс өгч, 2021 оны арваннэгдүгээр сард баталгаажуулсан. Үндэсний өв соёлоор дамжуулан эх орноо сурталчлан таниулж, араас нь эдийн засгийн харилцаа орж ирдэг. Энэ утгаараа морин хуурын чуулгын Япон улсад хийж буй тоглолт хоёр улсын дипломат харилцаанд маш чухал. Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын 13 хотод тоглолтоо хийгээд арванхоёрдугаар сарын сүүлчээр эх орондоо ирнэ” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа. 

+ There are no comments

Add yours