Г.Ариунбуян: Дэлбэрэлтэд өртсөн хоёр иргэнийг олоогүй, хайж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 м.куб багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 м.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 м.куб багтаамжтай, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зургаан ширхэг саванд 200 гаруй тонн шатахуунтай байжээ.

Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, эрэн хайх баг ажиллаж байна. Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон.Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй” гэв.

+ There are no comments

Add yours