П.Сайнзориг: Хүний амь насны доод босгыг ₮82.5 сая эсвэл ₮137.5 саяар тогтоож, хохирогчид аль ашигтай байдлаар мөнгө олгохоор тусгасан 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Сэтгэл санааны хохирлыг үнэлэх болсон талаар ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Сэтгэл санааны хохирлыг иргэдийн хэвийн амьдрах чадварыг үнэлж байж гаргана. Тухайн гэмт хэргийн улмаас нойргүйдэх, айж ичих, хашхирах, хөдөлмөрлөх дадал алга болох зэрэг хэлбэр рүү ордог. Энэ нь түр зуурын эсвэл байнгын байна уу гэдгийг мэргэжлийн эмч нар тогтооно. Үүнийг үндэслээд шүүхээс тодорхой мөнгө гаргана.

Уг хууль дээр хүний амь насны босгыг үнэлэх доод стандартыг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 эсвэл хохирогчийн насыг Монгол Улсын хүн амын дундаж наслалтаас хасаад, тэрийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин үржүүлсэнтэй дүйцэхүйцээр хохирогчид аль ашигтай байдлаар олгоно. Гэхдээ энэ бол доод стандарт. Хүний амь насны суурь үнэлгээг тавьсан. Үүнийг нэмэгдүүлэх боломж нь өмгөөлөгчийн ур чадварт байгаа.

Хүний амь насны доод босгыг 82.5 сая эсвэл 137.5 сая гэдэг юм уу одоогийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 550 мянгаар үржүүлсэн ийм аргачлалаар аль ашигтай байдлаар хохирогчид мөнгө олгоно. Хүүхэд гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорвол энэ дүн хоёр дахин үржигдэнэ. Гэм хорын асуудлаар маш өндөр төлбөр тогтоож болохгүй. Төлөгдөхүйц байдлаар тогтоох нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож болно” гэжээ.

+ There are no comments

Add yours