Т.Аюурсайхан: ЭМД-ын сангаас энэ жил 270 тэрбум төгрөг сох дутахаар байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, ЭМД-ийн санг болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, “Анхнаасаа ЭМД-ийн санг НД-ийн сангаас салгаж байхад “Ашиг сонирхлын асар том зөрчил, удаан явахгүй дампуурна аа” гэж олон хүн хэлж байсан. Бараа, бүтээгдэхүүнээ өөрсдөө нийлүүлээд өөрсдөө худалдан авдаг, өөрсдөө түүндээ хяналт тавьдаг. Ганцхан субъектын хүрээнд энэ бүх ажиллагаа явагддаг ашиг сонирхлын харилцаа хаана ч байхгүй. Дэлхийн бүх л улсад нийгмийн даатгалын тогтолцоон дотроо эрүүл мэндийн даатгал нь явж байдаг.

Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгахад мөнгөн хөрөнгө нь 611 тэрбум байсан, ийм санг хүлээлгэж өгсөн юм. Гуравхан жил болж байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сан одоо алдагдалтай. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг сох дутахаар байна. Үүнийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүссэн. Зохиомлоор баахан орлого тооцоолдог. Сая С.Чинзориг гишүүн ортой юм ярьж байна. Зөвхөн томоохон эмнэлэг биш, улс төртэй хамаарал бүхий хүмүүсийн хувийн жижиг эмнэлгүүд ч гэсэн орно. Зохиомлоор орлого тооцоолж, хяналтгүйгээр төсөв хуваарилдаг. Өөрсдөө хяналт тавьж байгаа юм чинь яаж хянах юм.

Эмнэлгүүдийн үйлчилгээ доголдолтой, сайн үзэж өгөхгүй байгаа талаар иргэд хэлж байна. Ахмад настнуудыг зайнаас үздэг. Өвчин зовлонг нь өндөр настай нь холбон тайлбарлаж, биеийг нь чагнадаг ч үгүй. Чанар нь өсөхгүй хэрнээ ЭМД-ын сангийн санхүүжилт их байдаг. Ийм гажиг тогтолцоо байж болохгүй, тогтолцоог буцааж зөв гольдрилд нь оруулах хэрэгтэй. Буруу явчихсан санг засна гэдэг их хөлс хөдөлмөр орно. Ном журамд нь оруулахад ажлын хэсэг анхаарч, үнэн бодитой дүгнэлт гаргах байх.

Нийгмийн даатгалын байгууллага Эрүүл мэндийн сангийн орлогыг төвлөрүүлж өгдөг тогтолцоо байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын санг эргээд засахад их хүч хөдөлмөр орно” гэжээ.

+ There are no comments

Add yours