E-police аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэн урамшуулал авах журам хараахан бэлэн болоогүй

 E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа юм.

Уг журам хэзээ албан ёсоор хэрэгжиж эхлэх талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэнгээс тодруулахад “Сайдын тушаалаар уг журмыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа болохоос хэрэгжиж эхлээгүй.

Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болох талаар заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар журам гарах ёстой. Тэрхүү журмыг нь боловсруулах ажлын хэсэг одоо ажиллаж байгаа нь дуусах дөхсөн буюу удахгүй батлагдана. Батлагдсан тохиолдолд иргэдийн E-police аппликэйшнд илгээсэн мэдээллээр зөрчил гаргасан тухайн иргэн торгуулиа төлөхөд 20 хүртэлх хувь нь илгээсэн иргэнд урамшуулал болж орох боломжтой болно” хэмээн тайлбарлав.

Мөн түүний хэлснээр, E-police аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, бүртгүүлжээ. Үүнээс 7,000 хүн өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг байна. 2018 оноос хойш нэг иргэн хамгийн их буюу нийт 1,551 зөрчлийг тус аппликэйшнээр дамжуулж мэдээлжээ. Гэвч үүнээс 711 нь баталгаажсан бол 800 гаруй нь дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүчингүй болсон байна.

Түүнчлэн тус аппликэйшнээр дамжин өдөрт зам тээврийн зөрчлийн талаар иргэдээс 1,100-1,200 гаруй мэдээлэл ирдэг хэдий ч 500-600 нь л баталгааждаг аж. Учир нь зөрчил илгээж буй иргэд аппликэйшн дээрх шаардлагыг хангахгүй буюу зөрчлийг илгээхдээ байршил тогтоогчоо асаагаагүйн улмаас хаана зөрчил гарсныг мэдэх боломжгүй тул явуулсан мэдээллүүд нь хүчингүй болдог юм байна.

+ There are no comments

Add yours