“Гарааны компаниудын албан татварыг таван жил чөлөөлж, IT компаниудын гадаад руу шилжүүлэх гүйлгээний татварыг дөрөв дахин бууруулна”

“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Манай улсын инфляцын зорилтот түвшин хоёр дахин нэмэгдсэн. Манайд ийм өндөр хэмжээний инфляцыг шингээх эдийн засаг байхгүй учраас өнөөдөр бид маш том бодит макро сорилтын орчинд байна. Хэдийгээр мөнгөний бодлогоо хатууруулаад, төсвөө хумьж байгаа ч татварын бодлогоороо эдийн засгийн тодорхой салбаруудын өсөлтийг дэмжих бодлогыг огтхон ч орхиогүй. Төсвөө хэт их хумивал дараа нь эдийн засгаа тогтворжуулж өсгөхөд илүү их үнэтэй болж ирэх учраас тодорхой хэмжээний татварын бодлогоор салбаруудын өсөлтийг дэмжих бодлого авч орж байгаа” хэмээн тайлбарлалаа. Татварын дараах таван хөнгөлөлтийг хөрөнгийн зах зээлд чиглүүлснээр шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих тодорхой ахиц гарна гэж харж байгаа” гэв.

2023 онд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих хүрээнд:

1. Нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийг бууруулна. Уг татвар дотоодод 10%, гадаадад 20% байдгийг жигд 5% болгон бууруулахаар тусгасан. Уул уурхайн компаниуд хамаарахгүй. 

2. Хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө. ХОС-ийн үйл ажиллагааны орлогыг цаашдаа татвараас тодорхой хугацаанд бүрэн чөлөөлье гэж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогын татвар 10-25% гэсэн интервалтай байдгийг 0% болгох томоохон өөрчлөлтийг санал болгож байна. 

3. IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20% нэмэгдүүлж тооцно. 

4. IT компаниудын хувьд гадаадад шилжүүлэх буюу гадна талд байгаа томоохон технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, нутагшуулсан бол үүнийг татвараас чөлөөлөх зардлыг 4 дахин  бууруулж тооцно. Өөрөөр хэлбэл, гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган татвар 20% байсныг 5% болгож байгаа.

5. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө. Энэ хугацаа 3 жил байсныг 5 жил болгон нэмэгдүүлж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours