Гараараа татаж, хөлөөрөө дэвсэлдэг төртэй байхад хувийн хэвшил хөгжинө гэж ярихын ч хэрэггүй!!!

Ингэхэд, хөгжлийн төлөөх зээлийг арилжааны зээлтэй адилтгаж, долларын өсөлт ханшийн зөрүүнээс үүссэн зөрүүг өр болгож хувийн хэвшлүүдээсээ нэхэж, зориуд бойкотлон дампууруулж, эзэд захирлуудыг нь шорон гяндангаар айлгадаг улс орон Монголоос өөр байдаг юм болов уу. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн “Монголын төр иргэн, аж ахуйн нэгжийг дор хаяж 10 жилийн хугацаагаар бизнесээ төлөвлөх боломжоор хангахгүй байгаа нь алдаа болоод байна. Төрийн бодлого тогтворгүй, сонгуулийн циклээр улсын хөгжил, нийгмийн байдал өөрчлөгддөг байдлыг өөрчлөх ёстой.  Сонгуулиар шийдвэр гаргагчид өөрчлөгдсөн ч төрийн бодлого хэвээр цаашаа үргэлжилдэг байх нь зүйн хэрэг. Одоо бол төрд илүү боломж олгосон хууль эрхзүйн орчин бий болсон учир дээр дурдсан нөхцөл байдлыг засахын төлөө явна. Төрийн нуруун дээр бүх зүйлийг төвлөрүүлдгээ болино, төр бизнес эрхэлдгээ болино” гэж мэдэгдсэн.

Гэтэл УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “төсвийн байгууллагууд орлого олж, цалингаа нэмэгдүүлэх эрхзүйн орчин бүрдүүлье. Төрийн байгууллагууд бүгд бизнес хийдэг олон улсын туршлага либералчлал, хүнд суртлыг бууруулна. Төсвийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд үр ашигтай ажиллах цогц реформыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ эрхзүйн орчныг бий болгоё. Энэ бүхэн татварын бааз суурийг нэмэгдүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, төр өөрөө бизнес хийж, хувийн хэвшлүүдтэй өрсөлдөнө гэдгийг маш тодорхой өгүүлэв.

Монголын төрийн эрх мэдэл МАН гэх улс төрийн намын эрхшээлд бүрэн бүрэлдэхүүнээрээ бий. Гэтэл энэ намын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд алга урвуулахын дайнд өөрсдийн ашиг сонирхол үзэд бодлоо эрх баригч намын үзэл бодол мэдээр олон нийтэд хүргэж, нийгмийг бухимдуулж, талцуулав. Бизнес эрхлэгчид их бага гэхгүй Д.Амарбаясгалангийн үгэнд талархсан. Төр тусгай зөвшөөрөл өгчихөөд тэрнийхээ араас зууралдаад, зовоогоод, элдэв шантааж хийхгүй нь дээ гэж итгэж найдсан. Харин Г.Занданшатарын үгээр бол тэр тусгай зөвшөөрлийг төрийн байгууллага ч, хувийн хэвшил ч давхар эзэмшиж, орлогын төлөө өрсөлдөх гэнэ.  Өөрөөр хэлбэл төр аль хэдийнэ хувийн хэвшлийг, иргэдийн их бага бизнесийг булаахаар зэхэж, өрсөлдөх замаа засчихаад буй нь тодорхой болов.

Үүний илрэл ч Дарханы арьс ширний цогцолборын гүйцэтгэх захирлыг шоронд хорьсон нь байж таарав. Үйлдвэрийн бүтээн байгуулалт хэдийнэ 60 хувьд хүрчихсэн тун удахгүй ажил нь жигдэрч үүд хаалгаа нээх нь дамжиггүй болсон нь “төрийн шунал”-ыг хөдөлгөсөн хэрэг болжээ гэсэн үг. Энэ ч утгаараа төслийн талбайд нь төрийн нэртэй, яг ижил төрлийн үйлдвэр байгуулахаар хөдөлж эхэлсэн бөгөөд Дарханы арьс ширний цогцолбор-т дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй төрийн “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК нь үйлдвэр байгуулахаар болсон гэнэ…

Гоё үлгэр байгаа биз, төрийн эрх мэдлийг намдаа төвлөрүүлсэн эрх мэдлийг ашигласан нэр барьсан “зальжин” бодлого одоо тэгээд төрөөс гарсан гэж итгэх ёстой болов, нийгэм. УИХ-ын даргын хэлсэн “төрийн өмчит компаниуд бизнес хийхээр шийдсэн” нь энэ. Ингэхэд төр гэж бизнес эрхлэгчдийг гараараа татаж, хөлөөрөө дэвсэлдэг эрх мэдэл бүхий субьект мөн болж байгаа нь энэ үү?

Уг нь Засгийн газрын тогтоол ёсоор хувийн хэвшлийн барьсан үйлдвэрийн дэд бүтцийг төр хариуцах ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас хувийн хэвшил үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, цагаан дээр хараар бичсэн Засгийн газрын тогтоолд итгэж хөдөлсөн хувийн хэвшил 57 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зориулаад нам гацсан. Хэрэв эрх баригчид Засгийн газрын тухайн үеийн тогтоолоо хэрэгжүүлэхгүй бол дээрх 57 тэрбум төгрөг Дарханын нутагт балгас болно гэсэн үг. Үүнээс гадна, Дарханы арьс ширний цогцолборыг барьж байгуулахад, орон нутгийн 20-иод компанийг гүйцэтгэгчээр ажиллуулж,  тухайн гүйцэтгэгч компаниуд өөрсдийн хөрөнгөөр болон банк, банк бусаас зээл авч тухайн ажлыг гүйцэтгэсэн учир энэхүү 57 тэрбум гэдэг тоо гарч ирсэн аж. Харин ингэж хөдөлж, эх орондоо бүтээн байгуулалт хийж хөгжлийнй төлөө хөрөнгө оруулалт хийсэн тэдгээр компаниуд өнөөдөр зээлийн хүүгийн дарамтанд орж, аргаа барж байгаа юм. Засгийн газрын шат дараалсан тогтоолтой, УИХ-ын гишүүд, сайд нар, Ерөнхийлөгч хүртэл энэ бүтээн байгуулалт дээр ирж, үзэж танилцаж, сайшааж байсан учир эдгээр 20-иод компани итгэж, өөрсдийгөө барьцаанд тавьж, хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэлийн ажлыг хариуцсан ч одоо ажил хийснийхээ хариуд зарцуулсан санхүүжилтийнхээ хүүнд дарлагдаж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрсэн нь харамсалтай.  

Дашрамд дурдахад З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа  Үндэсний аудитын газраар үнэлгээ хийлгэж, 40.7 тэрбум гэдэг үнэлгээний дүнг гаргуулж авсан ч ҮАГ-ын үнэлгээг “бодит биш” хэмээн дахин магадлан хийлгэж байх үедээ сайдын албан тушаалаа өгсөн учир уг ажил дахиад л зогсонги байдалд орсон байдаг. Харин ХХААХҮ-ийн шинэхэн сайд Х.Болорчулуун энэ асуудалд анхаарлаа хандуулж, ямар нэгэн байр суурь үзүүлэхгүй өнөөдрийг хүрэв. Гэтэл тухайн бүтээн байгуулалтыг төр ашиглахдаа мэргэжлийн байгууллагын буюу ҮАГ-ын дүгнэлтэд зааснаар худалдан авч, ашиглах л ганц зам бий. Тэрнээс төрийн нэрээр далайлган хувийн хэвшлийг дээрэмдэх боломжгүй ч тэд хэдийнэ “дээрэмдэх”-ээр шийдвэрээ гаргачихсан бололтой хэмээн хардахаас өөр гарц үлдсэнгүй. Хувийн хэвшлээ дэмждэггүй төртэй байхад энэ улс хөгжих тухай яриад ч хэрэггүй билээ…

+ There are no comments

Add yours