Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Боловсролын зээлийн санд энэ жил гадаад, дотоодын их сургуульд суралцах оюутнуудад буцалтгүй тусламж, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгохоор 79.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл үүн дээр нэмээд төсвөөс Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт зориулж 9.8 тэрбум, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 4.5 тэрбум төгрөг нийлээд 14 орчим тэрбум төгрөг нэмж гаргахаар болсон нь үрэлгэн гэмээр илүү зардал.

Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулахаар сонгон шалгаруулалт явуулсан. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Ш.Нарантуяагаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй БШУЯ-наас байгуулсан ажлын хэсэг зохион байгуулж, 31 иргэнийг эцсийн байдлаар шалгаруулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар тэтгэлэгт тэнцсэн иргэддээ баяр хүргэж сертификатыг нь гардуулаад өгчихсөн. 

Гэвч тэтгэлэгт тэнцсэн 31 иргэний материалыг холбогдох журмын найман заалтаар хянахад тэтгэлгийн журмын шаардлага хангасан хоёр хүн л байгаа нь баримтаар тогтоогдож, бусад иргэний сургалтын төлбөрийг сургуульд нь шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журамд заасны дагуу:

  • Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцэж урилгаа авсан байх,
  • IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100 оноотой байх,
  • Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх зэргийн мэргэжлээр суралцах,
  • Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх,
  • Хоёр дахь удаагаа магистр, докторын хөтөлбөрт хамрагдах оюутанд тэтгэлэг олгохгүй зэрэг журмуудыг тодорхой тусгасан байгаа.

Дээрх журмын хүрээнд ерөнхий сайдын тэтгэлэгт 2022 оны сонгон шалгаруулалтаар тэнцсэн, БШУ-ны сайдын 2022.07.05-ны А/247 тоот тушаал, болон шалгарсан 31 иргэний бүрдүүлсэн материалд үндэслэн 347-р тогтоолын 6.1-д заасны дагуу гэрээ хийх бэлтгэл ажлын хүрээнд журмын нийцэлд хийсэн урьдчилсан хяналтаар дараах үр дүн гарчээ. Үүнд: 

  • Нийт 31 иргэн шалгарснаас 2 иргэн суралцах эрхээсээ татгалзсан. 3 иргэн сайдын тушаал ирсний дараа бүрдүүлэх материалаа ирүүлээгүй. 2 иргэн Боловсролын зээлийн санд тус тус 474 сая, 445 сая төгрөгийн зээлтэй.
  • 17 иргэний сонгон суралцах мэргэжил Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил биш.
  • 4 иргэн IELTS, TOEFL шалгалтын шаардлага хангасан оноогүй. 
  • 3 иргэн магистрт хоёр дахь удаагаа сурахаар шалгарсан.
  • Монголд ирээгүй 5 иргэн, мэргэжлээрээ ажиллаагүй 2 иргэн байгаа буюу 24 иргэнээс 17 нь тэтгэлгийн журмын аль нэг шалгуурыг хангаагүй байгаа нь дараах нэгдсэн дүгнэлтээс харагдана. 

Журмын найман заалтыг 16 иргэнээр хянахад нийт 128 (8*16) үзүүлэлтээс 52 нь буюу 40.63% нь холбогдох шалгуурт нийцсэн, 59.37% журам зөрчсөн сонгон шалгаруулалт болсон байна.

Хэдийгээр эдгээр 31 залуус гадаадын шилдэг их, дээд сургуульд тэнцэж, суралцах урилгаа авсан ч талаас илүү хувь нь ерөнхий сайдын тэтгэлгийн журмыг хангаагүй байгаа нь харамсалтай. Нэгэнт л эдгээр журам нь зөрчиж болдог, хүчингүй, тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болохгүй байсан бол нэр төдий журам зааж өгөх хэрэг байсан уу. Энэ мэтээр журмын шаардлага бүрэн хангаагүй иргэдийг тэтгэлэгт сонгон шалгаруулсан нь эрх зүйн зөрчил бөгөөд төсвийн мөнгийг үр ашиггүй, хууль бусаар зарцуулж буй хариуцлагүй үйлдэл учраас БШУ, Боловсролын зээлийн сан энэ асуудалд тайлбар өгөх ёстой. Үүний ард адилхан дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцсэн, ерөнхий сайдын тэтгэлгийн заасан журмыг бүрэн хангасан 50 иргэний өргөдөл, материал БШУ, Боловсролын зээлийн сан дээр нэрээ хүлээгээд байж байхад шалгуурыг бүрэн хангаагүй иргэд тэтгэлэгт тэнцсэн байгаа нь гайхмаар. 

Сурлагын өндөр амжилт гаргасан ч санхүүгийн зарим нэг бэрхшээлтэй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутанд БУЦАЛТГҮЙ, эргэн төлөх нөхцөлгүй тэтгэлэг олгодог. Гэвч тэтгэлэгт шалгарсан иргэдийн дунд хөрөнгөтэй, өөрсдөө боломжтой Улсын Их Хурлын Дарга асаны охин, барилгын компаны эздийн хүүхдүүд багтсан нь аргагүй анхаарал татна. Мөн тэтгэлэгт тэнцсэн зарим иргэдийг харахад бараг монголд амьдарч үзээгүй, монголд ажиллаж үзээгүй байхад яам нь тэтгэлгийн журмыг хангаагүй иргэдийг сонгон шалгаруулж, төр нь татвар төлөгчдийн мөнгөөр хүн тус бүрийн дунджаар $200,000 буюу 700 орчим сая төгрөгийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлгүй, ирээдүйд Монголдоо ирж ажиллах шаардлага ч тавилгүй 100% дааж байна. Тэтгэлэг биш хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоход л болох байтал журмаа ч бүрэн хангаагүй 31 хүнийг магистр, докторт сургахаар 4.5 тэрбум төгрөгийн зардал гаргах энэ шийдвэрээ эргэж харах нь зүйтэй.

Түүнчлэн олон улсад дэлхийн шилдэг сургуулийн магистрын хөтөлбөрт тэнцсэн бол сургалтын төлбөрийг нь зээл хэлбэрээр олгодог. Учир нь чанартай сургуулийн сайн хөтөлбөрийг дүүргэсэн бол жилийн цалин дунджаар 100,000 ам.доллароос эхэлдэг буюу төгсөөд хангалттай өндөр цалинтай ажилд орж, сургалтын төлбөрийн зээлээ өөрсдөө төлөх боломжтой гэж үздэг. Манайх ч бас энэ жишгийг дагаж, эргэн төлөх нөхцөлгүй тэтгэлэг биш ирээдүйд сурсан, төгссөн мэргэжлээрээ эх орондоо ирж ажиллах шаардлага тавьж хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход болох биш үү? 

+ There are no comments

Add yours