Цэрэг А.Алтангэрэл: Ээжээ, амь авраарай…

Цэрэг А.Алтангэрэл: Ээжээ, амь авраарай…

Зодолдож биш барилдаж гэмтсэн учир өөрийн нь хохь болж байгаа юм байна. Ийм л хуультай эх орондоо цэргийн алба хааж, хилийн цэргийн гавьяаг магтан дуулж, эр хүний эд хавыг гайхуулах гэж энэ хүү ингэтлээ зүтгэсэн гэж үү? Ийм л халаглал энэ мэдээг сонсоод өөрийн эрхгүй төрөв. Дэндүү харамсалтайгаар гэмтсэн цэрэг хүү А.Алтангэрэлийн амь нас эрүүл мэнд ингээд хэнд ч хамаагүй, өөрийн нь хохь болоод өнгөрөх гэж үү?

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа хүндээр гэмтэж, тэргэнцэрт хадагдсан А.Алтангэрэл айлын ганц хүү. Багаасаа мал маллаж, аав ээждээ тусалж байсан А.Алтангэрэл үеийнхэнтэйгээ нэг жил цэргийн алба хааж бужигнаж байгаад ирнэ ээ, эр хүн эх орноо хамгаалах үйлсэд хүчин зүтгэх ёстой хэмээн ижий аавдаа хэлээд явснаас хойш тун удалгүй эрүүл мэндээрээ бүх насаараа хохирч, эдүгээ бусдын тусламжгүйгээр гадны харилцаанд орж чадахгүй болтлоо хүнд гэмтэж хохироод буй… Гэтэл ингэж хохирсон хүүгийн гомдолд эх орон нь буюу Монголын төрийг төлөөлсөн төрийн тусгай албан хаагч, улсын яллагч хэрэг бүртгэлийг хаах саналыг гаргаад буй юм. Өөрөөр хэлбэл, хамтдаа алба хааж байсан цэргийн харалган үйлдэл, амиа хичээсэн атаач зангаас болж хүзүүгээ хугалуулсан цэргийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж прокуророос хаажээ.

Уг хэргийг нэхэн сануулахад, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн А.Алтангэрэл 2022 оны тавдугаар сарын 02-нд хугацаат цэргийн албанд татагдаж, тус аймгийн Алтай суманд орших Хилийн цэргийн … дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар хуваарилагдсан байдаг.

2022 оны зургадугаар сарын 23-нд … дугаар заставт алба хааж байгаа цэргүүд хоол идсэний дараа А.Алтангэрэл гурван цэргийн хамтаар үнээ саах ажилд хуваарилагдсан байдаг. Ингээд заставын 10 гаруй үнээг сааж дуусахад 21:00 цаг өнгөрч байсан бөгөөд үхрийн хашаанаас гарахад цэрэг Э.Дагвадоржтой үүдэнд таарсан байдаг. Э.Дагвадорж тэнд байсан цэргүүдээс тамхи асуугаад эргэхдээ А.Алтангэрэлийг барилдъя хэмээснээр барилдах болсон ч гэнэт араас нь өргөж газар руу толгойгоор нь шааж унагаачхаад яваад өгсөн байдаг.

Харин ингэж унасны улмаас А.Алтангэрэлийн бүх бие мэдээгүй болсон учир уг газарт байсан хоёр цэрэг түүнийг дамжилж заставын амрах байр руу оруулж байхад тэр ухаан орсон байдаг. Ухаан ороход түүний “хүзүүний с4, с6 түвшинд гулсалт өгч, мултарсныг аймгийн төвд УАЗ469 машинаар тээвэрлэж очин мэс заслын эмчид үзүүлэн оношийг баталгаажуулсан байдаг.

 Алтай сум Говь-Алтай аймгийн хамгийн алслагдмал бүсэд их бартаатай газар байрладаг. Гэтэл энэ газраас ийм хүнд гэмтсэн хүнийг авчрахдаа буруу тээвэрлэлт хийснээс хүзүүний чагтан холбоос /хүзүүг барьж мөрөн дээр тогтоодог бэхэлгээ том, том шөрмөсүүд гэсэн үг/ бүгд тасарсан. Ингэснээр ямар ч бэхэлгээгүй болсон хүзүү байнгын мөр рүү унаж, санжиганасан хөдөлгөөнтэй болсон.

Өөрөөр хэлбэл буруу тээвэрлэлтээс болж хүзүүг тогтоох шөрмөсүүд бүгд тасарсан гэсэн үг. Харин хүзүүнд гулсалт өгч, үе мултарч гэмтсэн байгаа энэ нөхцөлд тусгай нисдэг тэргээр ямар ч хөдөлгөөнгүй тээвэрлэх юм уу, орон нутгийн эмнэлэгт төвөөс дуудлагаар очсон мэргэжлийн эмч нар “амь насны заалт”-аар мэс засал хийх ёстой. Гэтэл Говь-Алтай аймгийн мэс заслын эмч нар, “ямар ч байсан ясны хугаралгүй, өөр төрлийн бусад гэмтэл гайгүй, хүзүү мултарсан гулссан байгаа учир яаралтай хот руу явуулъя, хотод л арга хэмжээ авах ёстой” гэж өөрсдөө асуудлыг түлхэж, хот руу явуулж амиа хоохойлсон байдаг.

Үнэхээр харамсалтай энэ хэрэг дээр албаны хүмүүс дэндүү хайхрамжгүй хандсан. Энэ бүхнээс хамгийн ихээр харамсмаар зүйл бол Хил хамгаалах ерөнхий газрын Эмнэлгийн хэлтсийн дарга, Баярсайхан хурандаа, цаашилбал Хил хамгаалах байгууллагад хамаарах алдаанууд бий. Үүнд, Алсын дуудлага өгөөгүй, татан гаргалт хийгээгүй, хүнд гэмтсэн хүнийг буруу тээвэрлэсэн, сумаас аймагт тээвэрлэж ирэхэд эмч нарын баг хайхрамжгүй ажилласны улмаас гэмтсэн цэргийн хүзүү гулссан байсан. Хугарал байхгүй, няцрал байхгүй ч маш хүнд гэмтсэн хүнийг хол замд тээвэрлэхдээ ажлын туршлагагүй хүнд амь насыг нь даатгасан. Үүний улмаас тээвэрлэх явцад гэмтсэн цэргийн зүрх замдаа хоёр удаа зогссон. Мөн цэргийн ээжид нь ямар нэгэн мэдээ, мэдээлэл өгөлгүй, манай ангийн зүгээс танай хүүхдийг сэхээнэ. Ар гэрийнхэнд чинь сайхан хандаж байна, тааваараа ороод хот орчихно бид хоол унд хийж өгөөд аваад явчихна… гэх мэтээр мэдээллийг нуун дарагдуулж хөдөөний мэдээлэлгүй байдлыг давуу талаа болгож ашигласан. Мөн ар гэрийнхэнтэй нь тэр уулзварт уулзъя, тэр сайрт уулзъя гэх мэтээр цаг хожиж явсаар аймгийн төвд эмнэлэг дээр иртэл гэмтсэн цэргийг ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, нөхцөл байдлыг харуулаагүй. Тээвэрлэх явцад дадлага туршлагагүй, эмч тодорхойгүй тариа, хийсэн атлаа хийсэн эмчилгээгээ нуудаг. Түүнийгээ цэрэг дотор нь муухай болоод байсан учир тархи нь хавагнасан байж магадгүй гээд хавангийн дусал хийсэн хэмээн тайлбарладаг. Харин ээжийн хувьд хүүгээ хоёр ч удаа “ээжээ амь авраарай, үхлээ” гэж орилоод ухаан алдсан талаар өгүүлдэг. Хүүг ухаан алдах бүрт эмч цээжин дээр нь хүчтэй дараад аманд нь юм угласан гэж хэлдэг. Эндээс харахад зүрх нь зогсох гээд байсан учир зүрхэнд нь массаж хийж хүчилтөрөгч залгасан байдаг бөгөөд эмч, амин үзүүлэлт нь тогтворгүй болж унаад байсан учир хүчилтөрөгч залгасан гэдэг тайлбар өгдөг.

Хамгийн гол нь гэмтсэн цэргийн толгой мөрөн дээрээ тогтохгүй байхад хүзүүний бэхэлгээгүй 50-60 км газарт тээвэрлэсэн. Ингэж явахдаа хоёр удаа өвчин намдаах эм өгсөн бөгөөд хугарсан хүзүү савлаж явсаар аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн атлаа аймгийн мэс заслын эмч нар зөвхөн компьютер оношилгоо хийж оношийг нь баталгаажуулаад хот руу явуулсан байдаг. 1500 км газарт ундааны сав даавуугаар боогоод толгойны хоёр талд нь чиг бариад боочихсон. Хоолойг нь боомилохгүйн тулд духаар нь татаад суудалтай нь хүлчихсэн. Таавчигтай, халаадны бүсээр нь суудалтай нь хүлчихсэн, 1500 км газарт хоёр шөнө, хоёр өдөр амьдаараа тамлуулж ирсэн нь дэндүү өрөвдмөөр. Гэмтсэн цэргийг хувийн машинаар тээвэрлэж авчраад 22-ын товчооны цаанаас эмнэлгийн машинд шилжүүлж гэмтлийн эмнэлэгт авчирсан. Гэмтэлд хэвтүүлэхдээ ямар ч бүртгэлгүй хэвтүүлсэн. Гэтэл энэ бол цэрэг. Тодорхой хаягтай, хилийн цэргийн ангид алба хааж байсан байлдагч. Буух эзэн буцах хаягтай тангараг өргөсөн төрийн хугацаат албан хаагч. Тиймээс энэ албан хаагчдыг эмчилдэг тусгай эмнэлэг байж байхад Гэмтэлд аваачиж хэвтүүлдэг нь сонин…

Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагва, уг хэргийг хянаад Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухайгаа ийн дүгнэж … холбогдох баримтуудаас дүгнэхэд, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах Хилийн цэргийн … дугаар ангийн 0140 дүгээр салбарын хугацаат цэргийн алба хаагч Э.Дагвадорж, А.Алтангэрэл нар нь 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр барилдаж улмаар А.Алтангэрэл нь Э.Дагвадоржийн хөлд орон түрэн хөөх явцад Э.Дагвадорж нь А.Алтангэрэлийг дагуулан гуядан давсан байна. Уг үйлдлийн улмаас А.Алтангэрэл нь газарт унах явцдаа хүзүүний с6-р нугалмын арын сэртэн хоорондын холбоос, нугасны хатуу хальсны урагдал, нугасны эдийн няцрал, с5-р нугалмын гулсалт гэмтэл авсан нь баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан. Э.Дагвадорж нь А.Алтангэрэлтэй барилдаж давахдаа түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан боловч уг барилдсан үйлдлийг гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй байна … гэх мэтээр задлаад уг хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээх үндэслэлээр хаасугай гэх шийдвэрийг гаргажээ.

Нүгэлд нүд байхгүй, мөнгөнд мөр байхгүй гэдэг ч үйлдсэн гэмт хэрэг нь өөрийг нь гүйцэхийг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ гэж монголчууд ярьдагсан…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Leave a Reply

Your email address will not be published.