Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтийн ёслол боллоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Тэрбээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ ард иргэд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь  амжилт хүсэв.

Мөн олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг сануулав.

Цаашид экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Энэхүү төмөр замын гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан.

Тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд дөрвөн жилийн дотор  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад орууллаа.

Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна.

Цаашид ачилтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан төмөр замтай болсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

+ There are no comments

Add yours