“Ерөнхий сайд бид хоёрт хичээл заасан багш, анги хамт олон байгаа. Бидний МУИС-ийн дипломд эргэлзэх хэрэггүй”

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг танилцуулсан. Шалгалтаар багш нарын 59 мянган дипломыг шалгаснаас 442 диплом зөрчилтэй байгааг тогтоосон.

Түүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарыг Монгол Улсын Их Сургуулийг төгссөн эсэх нь эргэлзээтэй гэх хардлага нийгмийн сүлжээнд өрнөсөн юм.

Тэгвэл уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариулт өгчээ.

Тэрбээр, “Ерөнхий сайд бид хоёрын хувьд МУИС-ийг төгссөн байдал бодитой. Хичээл заасан багш нар, хамт суралцсан нөхөд маань байна. Дээрээс нь бакалаврын диплом хамгаалсан сэдэв маань тодорхой байна. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл улсын бүртгэлд орсон, дипломын дугаар нь яаманд бүртгэлтэй байгаа. Ер нь хуурамч дипломын асуудлыг БШУ-ны сайд хөндөж гаргаж ирсэн нь зөв юм. Энэ асуудал зөвхөн боловсролын салбараар хязгаарлагдах ёсгүй. Төр бүх түвшиндээ үүнд анхаарах хэрэгтэй.

Ерөнхий сайд бид хоёрын хувьд 2009 оны зургаадугаар сарын 2-нд хамтдаа тухай үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж байлаа. Бид хоёрт улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд МУИС-ийн хэрэгжүүлж байсан бакалаврын программд хамрагдсан. Бид дипломоо үзүүлэх нь нээлттэй. Бидний дипломыг биднээс асуух биш боловсролын салбарын системээс харах бүрэн боломжтой” гэжээ. 

+ There are no comments

Add yours