Мөсөн талбайн хатан хаан Ким Юна энэ онд хуримаа хийнэ

БНСУ-ын уран гулгалтын супер од, Олимпын алт, мөнгөн медальт, Мөсөн талбайн хатан хэмээн цоллогддог Ким Юна “Forestella” квартет хамтлагийн гишүүнтэй хуримлах гэж буйгаа зарлалаа.

Ким Юнагийн агентлагаас “Хосууд Сөүл хотноо энэ оны 10-р сарын сүүлээр хуримаа хийхээр товлосон. Ким Юна болон Ку Үрим нар 2018 онд мөсөн шоун дээр анх танилцсан бөгөөд гурван жил үерхсэний эцэст гэрлэхээр шийдсэн” гэж мэдээлжээ.

Харин Ку Үримийн агентлагаас “Хурим ойр дотныхны хүрээнд цомхон болж өнгөрөх тул та бүхнээс зөвөөр ойлгохыг хүсье” гэжээ.

27 настай Ку Үрим нь Сөүлийн үндэсний их сургуулийн дуулаачийн ангийг төгссөн бөгөөд JTBC телевизийн “Phantom Singer” нэвтрүүлгийн 2-р улиралд оролцож ялагч болсноор “Forestella” квартет хамтлаг бүрдэж, идэвхтэй уран бүтээлээ туурвиж байгаа аж.

Өмнөд Солонгостоо “Хатан хаан Юна”, “Уран гулгалтын хатан хаан” хэмээн алдаршсан Ким Юнагийн хувьд 1996 онд уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2010 онд Ванкуверийн өвлийн олимпоос алтан медаль, 2014 оны Сочигийн олимпоос мөнгөн медаль хүртсэнийхээ дараа их спортоос зодог тайлсан билээ.

+ There are no comments

Add yours