БШУЯ: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “”Энэ жил 760 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль сурна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 40 мянгаар нэмэгдсэн тоо. Бид гурван ээлжийн сургуулиудыг аль болох хоёр ээлж рүү шилжүүлэхээр ажиллаж байна. Гэвч 12 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлж болзошгүй байна. Улсын хэмжээнд энэ жил нийт 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, 7 дотуур байрыг 9-р сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн.

Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна. Улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын  1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна” гэлээ. 

+ There are no comments

Add yours