Хүзүү нь хугарч, нуруу нь бяцарсан цэргийг машинд 1500 км дайсан хүйтэн сэтгэлтэй Хилийн отрядынхан

Хүзүү нь хугарч, нуруу нь бяцарсан цэргийг машинд 1500 км дайсан хүйтэн сэтгэлтэй Хилийн отрядынхан

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан тус аймгийн Төгрөг сумын уугуул 19 настай А.Алтангэрэлд “мэдээгүй болсон бие эрхтэн чинь мэдээ орно гэсэн баталгааг бид гаргаж өгч чадахгүй, эмнэлгийн зүгээс өвчтөнд тусалж чадах хэмжээнд эмчилгээ хийнэ. Өөр тусламж, амлалт гаргах эрх бидэнд байхгүй…” гэсэн хатуу үгийг эмчилж байгаа эмч нь хэлж. Харин эрүүл саруул хүүгээ эр цэргийн албанд үдэж, эр хүн болоод ирнэ дээ хэмээн хүлээж суусан ээж аав хоёр нь өнөөдөр тэнгэрт хандъя тэнгэр хол газарт мөргөе газар хатуу гэгч болон сандарч явна. Учир нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Д.Аюурзанын удам залгах цор ганц хүү нь 2022 оны тавдугаар сард Хилийн цэрэгт алба хаахаар хугацаат цэргийн албанд татагдсан ч өнөөдөр хүзүү нь 6-р үедээ хугарсан, нуруу нь бяцарсан нугасны хүнд гэмтэлтэй, хоёр гарын эрхий, долоовор хуруу нь мэдрэлээ алдаж үхэжсэн, өөрөө хөл дээрээ тогтож, биеэ даах чадваргүй болоод эмнэлгийн орон дээр шаналж хэвтэж буй юм. 19-хөн настай хүү сарын өмнө л тангаргийн баяраараа барилдаж, үзүүрлэж, хөөр баяр болж үеийнхэнтэйгээ эх орныхоо торгон хилийн манаанд эр биеэ гайхуулан явсан нь өнөөдөр зүүд мэт болсон нь харамсалтай.

Хэн түүнийг гэмтээв? 

Хугацаат цэргийн албанд татагдсан хэн бүхний хүсэн хүлээдэг өдөр Тангаргийн баяр. Говь-Алтай аймгийн Алтай суманд орших Хилийн цэргийн … дугаар анги энэ оны зургаадугаар сарын 13-нд Тангаргийн баяраа тэмдэглэж, хүүгээ цэрэгт үдсэн ээж аавуудтайгаа уулзаж, эр цэргийн албанд татагдаж, эх орныхоо торгон хилийг манах их үйлст зүтгэж буйгаа харуулан баярлаж хөөрч. Энэ үеэр цэргүүдийн дунд бөхийн барилдаан болоход Алтай сумын уугуул, Аварга биеийн тамирын дээд сургуульд сурч байсан цэрэг Дагвадорж түрүүлж, Төгрөг сумын уугуул 19 настай А.Алтангэрэл үзүүрлэсэн байна. Айлын ганц хүү Алтангэрэл тавдугаар ангиасаа сургуулиас гарч аав ээждээ хань болон малаа хариулдаг байж. Алтангэрэл үеийнхэнтэйгээ хамтдаа цэрэгт явж эх орныхоо хилийг хамгаална хэмээн ээж, аавыгаа ятган дийлснээр цэрэгт мордож. Хүүгээ цэрэгт мордуулсан ээж, аав сарын дараа болсон тангаргийн баярт оролцох зуураа хүүтэйгээ уулзахад барилдаж үзүүрлэж, баярлаж хөөрсөн хүүгээ баруун тийшээ хазгай үе үе гишгээд байгааг ээж нь анзаарч асуухад, “зүгээрээ ээжээ, сая барилдаж байхад түрүүлдэг бөх Дагвадорж өшиглөчихсөн юм. Тэгээд жаахан хавдчихсан байна лээ, удахгүй зүгээр болно” хэмээн өгүүлж байсан гэнэ. Гэтэл тэр өдөр өшиглөж байсан Дагвадорж сарын дараа хүүг нь мөн л барилдана хэмээн хоргоосоор барилдахдаа дахиж хөл дээрээ босох эсэх нь мэдэгдэхгүйгээр хүнд гэмтээчихсэн нь тэгээд санамсаргүй явдал мөн үү. 

Цэрэг Дагвадорж гэж хэн бэ?

Тэгээд долоодугаар сарын 4-нд гэмтлээс одоо манайд эмчилгээ байхгүй, бид хийх ёстой бүхнээ хийсэн гээд Төрийн тусгай албан хаагчдыг эмчилдэг эмнэлэг рүү  шилжүүлсэн. Даанч наадам гээд ихэнх эмч нар амарчихсан, сүүлийн хэдэн өдөр ямар ч эмчилгээ байхгүй хэвтсэн болохоор тэр үү өнөөдөр ажил цугларсан ч “эмнэлгээс гар” гэсэн. Тэгээд Интермед, Гранд мед гээд том эмнэлэг байгаа, тэнд очиж хэвт гээд бид сандарч яах билээ гээд, манай хүү хөл дээрээ маш муу тогтож байгаа, хоёр гарын долоовор эрхий хуруу нь мэдээгүй болохоор аягаа ч барьж чадахгүй байгаа. Ийм хүнийг эмнэлгээс гаргачихдаг юм байхдаа гэж бид сандраад … орж гуйгаад тэгсэн сая “за яахав хэд хоно” гээд “уламжлалт эмчилгээ хийнэ” гээд зүү тавьж байна гэсэн” хэмээн яриад хөлсөө арчих малчин аав, хүүгээ сахин эмнэлгийн дутуу татуу хоолыг хүүдээ хүргэж, тэнхрүүлэх гэж зүтгэж байгаа ээж… энэ хүмүүс хоёрхон сарын өмнө цоо эрүүл хүүгээ Хилээ хамгаал гээд хилийн цэрэгт үдсэн хүмүүс. Харин ойворгон, онгироо сагсуу нэгнээс болж өнөөдөр удам залгах цор ганц хүүгээ эмнэлгийн орон дээр хэвтүүлж, эмч нараас “хэзээ босохыг хэлж чадахгүй бид чадах бүх эмчилгээгээ хийсэн” гэдэг хатуу хүйтэн үгийг сонсон нулимсаа залгиж сууна…

Хил манах гэж гэрээсээ гарсан, хугацаат цэргийн албанд татагдсан жирийн малчин  хүүгийн амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна. Хоёрхон сарын өмнө цэрэгт татагдаж, эрүүл мэндээ бүрэн шалгуулсан, сар хүрэхгүй хугацааны өмнө Тангаргийн баяраараа барилдаж үзүүрлэж байсан цоо эрүүл хүү өнөөдөр хүзүү нь 6-р үедээ хугарч, нуруу нь бяцарч, нугасны нь хатуу хальс урагдсан, хоёр гарын эрхий долоовор хуруу мэдээгүй болж, үхжиж эхэлсэн эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэж байна. Энэ бол 19 настай А.Алтангэрэл гэдэг хүү. Eрдөө л хоёрхон сарын өмнө хугацаат цэргийн албанд татагдаж Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн … дугаар ангид алба хаахаар хуваарилагдсан Төгрөг сумын малчны хүү. Албанд татагдаад сарын дараа зургаадугаар сарын 13-нд болсон Тангаргийн баярт зориулсан бөхийн барилдаанд барилдаж үзүүрлэсэн цоо эрүүл залуу. Харин арван хоёр хоногийн дараа зургаадугаар сарын 23-нд хилийн застав дээрээ үнээ сааж байхад нь хамт алба хааж байсан Алтай сумын уугуул Дагвадорж гэгч залуу барилдъя хэмээн хоргоож барилдсан гэж байгаа. Дагвадорж түүний өмднөөс нь татаж толгойгоор нь газарт шидсэн. Толгойгоороо газар шааж унаад хөдлөхгүй болохоор очоод үзэхэд ухаан алдсан байсан гэдгийг хамт байсан цэргүүд Алтангэрэлийн ээж, аавд хэлсэн байдаг.

А.Алтангэрэл, “дахин дахин хоргоогоод байсан болохоор ганцхан удаа барилдана шүү гээд өрж байсан. Тэгээд юу ч санахгүй байна, дамжлуулаад застав руу орж явахад сэрсэн… хүзүү, нуруу хөдөлж болохгүй байсныг санаж байна, тэгээд ухаан алдсан байна лээ…” гэж ээждээ хэлсэн байдаг. Харин одоо хүүгийн онош маш хүнд… хүзүү нь 6-р үeдээ хугарсан, нугасны хатуу хальс урагдсан, нуруу няцарсан… гэх мэтээр үргэлжилнэ… хүү хэзээ хөл дээрээ зогсохыг эмчлэгч эмч нар нь ч хэлж мэдэхгүй байгаа гэсэн…  Гэтэл ийм хүнд өвчтэй хүүг Говь-Алтай аймгийн Алтай сумаас /1500 км/ Улаанбаатар хот руу машинаар тээвэрлэж ирэхдээ урд сандалтай барьж аваад ирсэн байгаа юм. Туулсан 1500 км-ийн багадаа 100 км нь бартаа саадтай шороон зам шүү дээ. Алтайн ар говиос амиа авруулах гэж Улаанбаатар хот руу ирж байгаа цэрэг хүүд ингэж хандах байсан гэж үү, Монголын Хилийн алба, энэ агентлагийг хариуцсан Хууль зүй дотоод хэргийн яам. Тийм хүнд гэмтэлтэй, амь нас нь хутганы ирэн дээр байгаа цэрэг хүүг ингэж тээвэрлэж ирсэн гэхээр Монгол Улсад Хилийн цэрэг гэж байх хэрэг байгаа юм уу.

Жирийн малчны хүүд Монголын хилийн цэрэг ингэж хандаж байна. 1500 км газар ингэж явж ирсэн гэхээр ямар бөх амь бэ, аргагүй ч залуу нас, эрүүл бие мөн байгаа биз. Харин энэ халуун амийг ХУГАЦААТ ЦЭРЭГТ татагдаж очиход бөхөөж байгаа нь хэний буруу юм. Мэдээж, хоёр цэрэг барилдаа л биз… ингэж хандах гэж байна уу, Үгүй шүү. Тэр цэргийн ангийн дарга нар тэгж хандаж, энэ хатуу үгийг цэргийн ар гэрийнхэнд хэлсэн байна лээ. Тийм хахир хатуу, танил талгүй, жирийн малчин иргэнд хандаж байгаа хүйтэн хандлагаас болж гэм зэмгүй өчнөөн хүүхэд ЦЭРЭГТ яваад үхэж байна, гэмтэж байна, хэзээ ч сэргэхгүйгээр бөхөж байна. Үeийнхэнтэйгээ эр цэргийн алба хааж, эх орныхоо хилийг манахаар явсан хүү хоёрхон сарын дараа өөдгүй муу хүний гарт эрүүл мэнд, амь насаа алдахад хүрч байгаад УДИРДЛАГА нэртэй алба хаагчид хариуцлага хүлээх ёстой. Мөрөн дээрээ мөрдэс болгож зүүсэн албан тушаалын цол шигээ өндөр хариуцлагатай байх ёстой. Тэд энэ хариуцлагыг үүрэх гэж ХУРАНДАА, ГЕНЕРАЛ хэмээх эрхэм том цолыг зүүж, эрх ямбыг эдэлж байгаа. Х.Нямбаатар сайдаа, агентлагийнхандаа хариуцлага тооц, амь насаа алдах шахаж байгаа цэрэг хүүг эргэж оч, ар гэрийнхэнтэй нь уулзаж, хэрэгтэй эмчилгээгээр нь хангаж өг. Дүрмийн бус үйлдэл гаргасан цэрэг Дагвадоржид тооц. Тэр хүний хүүг гэмтээж бэртээчихсэн атлаа сумын наадамд барилдаж цолгүй 32 бөхийн барилдаанд түрүүлээд шагнал аваад баярлаад явж байна. Харин түүний гарт гэмтэж, эрүүл мэндээ алдсан хүү эмнэлгийн орон дээр шаналж, амьд үлдэх гэж амь тэмцэж байна. 

Холын аймагт захын суманд гарсан хэрэг учир хүмүүс тоохгүй байна. Зургаадугаар сарын 23-нд энэ хүү гэмтэж, 25-нд хотод эмчилгээнд орж, амь тэмцэж байхад энэ хэргийг одоо хүртэл шалгаагүй, хохирогч цэргийн ар гэрийнхний өгсөн өргөдөл гомдлыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ажилтан хүлээж авсан атлаа наадмын дараа ажил цугларахаар шалгана гэдэг хариулт өгсөн байна. Ес хоногийн дотор хохирогч хэдэн удаа үхэл амьдралын заагт очсон бол. Ес хоногийн дотор хохироогч наадамд оролцоод найрлаад явж байна… энд шударга ёс гэж байна уу? Х.Нямбаатар сайдаа, Хилийн цэрэг ч, Цагдаагийн ерөнхий газар ч таны хариуцсан агентлаг. Ганцхан хүүгийн хохирсон хэрэг дээр л танай салбарууд ингэж ажиллаж, ингэж хандаж байна. Жирийн малчин хүн биш түүний хүү хэн ч биш гэж үү.

Үргэлжлэл бий    

Сэтгүүлч Х.Ган-Ялалт 

Leave a Reply

Your email address will not be published.