УУХҮЯ: АИ-92 бензиний үнэ он дуустал тогтвортой байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 автобензиний үнэ энэ оныг дуустал тогтвортой байна гэж мэдээлжээ.

УУХҮЯ-ны зүгээс өнгөрсөн 4-6 сард ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллароор буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2,390 төгрөгт хадгалагдаж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн.

Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллаж байна хэмээн мэдээлэв.

+ There are no comments

Add yours