Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 2 дугаар сарын 1-нд баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Төрийн ордны нутаг дэвсгэрт ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчинг оруулан тооцдог. Үүнд Төрийн ордны урд зүгт байрладаг гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм.

Төсөлд Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд УИХ-ын гишүүнтэй уулзах, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөхөөр тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 51.2 хувь нь энэхүү саналыг дэмжиж, тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

+ There are no comments

Add yours