Эрэгтэйчүүд 1.6 сая, эмэгтэйчүүд 1.3 сая төгрөгийн дундаж цалин авч байна

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.  Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1,450,100 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс хоёр (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2%) мянгаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурчээ.

НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1,066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

+ There are no comments

Add yours