П.Анужин: Хоол хүнсний талаарх соён гэгээрэл энэ ард түмэнд, энэ улсад алга

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин, “Сургуулийн хүүхдүүдэд мах нийлүүлж байгаа нэртэй мэргэжлийн хяналт гэсэн худал бичигтэй хувь хүний гар дамжсан махыг хүүхдүүдэд өгч байгаа нь үнэн.

Боловсролын яамнаас гарц гаргалгаа гаргахын төлөө сайн ажиллаж байгаа. Гэхдээ хий эргээд яаж ч чадахгүй байна. Үүний нэг жишээ нь, төсвийн тодотгол батлах үеэр хүүхдийн хоолны зардлыг хассан. 2.3 тэрбум төгрөгийн хүүхдийн хоолноос хассан. Хоол хүнс гэж юу байдаг юм бэ гэдэг, хоол хүнсний талаарх соён гэгээрэл энэ ард түмэнд, энэ улсад алга. Хоол хүнсийг авгайн ярьдаг сэдэв, УИХ, чуулганд ярих ёсгүй гэж ойлгодог. Тэр байтугай сургуулийн захирлууд ямар ч ойлголтгүй байна. Зарим захирлууд энэ хуулийг явуулж болохгүй шүү гэчихсэн явж байгаа. Яагаад гэвэл сургуулийн захирлууд гал тогооны түрээсээс ашиг олдог. Ийм эмгэнэлтэй байдалтай байна.

Дээрээс нь хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг эхээс нь гаргуулаад хүүхдэд илүү сайн хоол өгье гэдэг судалгаа хийсэн байна. Бид нэг хүүхдэд оногдох мөнгийг өндөр тавьчихаар айгаад үнэн байдлыг хэлж чаддаггүй. Улсаас 3,000 мянган төгрөг гаргахад үүн дээр 1,000-2,000 төгрөг нэмээд хүүхдэдээ сайн хоол өгье гэдэг эрэлт байгаа. Ийм оновчтой шийдвэр гаргахаас улс айх ёсгүй” гэжээ.

+ There are no comments

Add yours