Б.Ганчимэг: Улстөрчид мэдээллийн компани байгуулж эхэлснээс хойш манай сэтгүүлзүйд маш их хор, хохирол учирсан

Өөрийгөө “социализмын үеийн тогтонги, хуучин сэтгүүлзүй төгсгөл болсны дараа гарч ирсэн шинэ сэтгүүлзүйн төлөөлөл” хэмээн тодорхойлоод дооглонгуй инээмсэглэсээр яриагаа эхлүүлсэн Б.Ганчимэг сэтгүүлчээс саяхан Сүхбаатарын одонгоор шагнуулсныг нь тодруулсан биш багагүй бухимдуулаад авсан.

  “Хүүшээ, Ган-Ялалтаа, сайн ажилласан гэж намайг шагнасан гэсэн ш дээ, тэгээд сайн ажилласан юм бол яагаад ажлаас чөлөөлж байгаа юм бол. Энд ямар логик байгааг л би ойлгоогүй байхгүй юу. Би найман жилийн өмнө гавьяат хэмээх эрхэм цолыг хүртсэн. Гэтэл тэр цолыг нэг ч төгрөг дагалддаггүй юм билээ. Тэгэхээр зүгээр л энгэрт зүүж өгдөг тэр цол шагнуулсан хүнийхээ амьдралд нэмэргүй юм билээ. Би уг нь тийм аймаар өлөн хүн биш л дээ. Гэхдээ л их мөнгөөр шагнуулна гээд бүр итгэчихсэн байсан. Тэгсэн чинь гавьяат гээд зүгээр л нэг тэмдэг зүүж өгсөн. Харьцангуй залуу байсан болохоор дотроо их гонсойж билээ. Сүхбаатарын одон ч бас ижилхэн байна лээ ш дээ. Ийм л үнэлгээтэй юм бол нэг ч төгрөг дагалдахгүй тэр шагналаар намайг шагнаж яах юм…” хэмээн тунирхсан тэрбээр “ Үүшээ, тэр шагналыг нь буцаагаад аваачаад өгчихвөл би бас нэг шог попчин санагдах юм болов уу. Намайг цар тахлын үед сайн ажиллалаа гэж, улс төрийн элдэв савалгаагүйгээр төрийн мэдээллийн энэ агентлагийг авч явлаа. Түвшин ахиуллаа гэж үнэлсэн. Тэгээд амьдралд тусгүй ийм шагнал өгч байхаар ядаж л хийж чадаж байгаа ажлаас тодорхой шалтгаангүйгээр халж заваарахгүй байхад л болно биз дээ. Би угаасаа засварыг нь хийгээд өөрөө өргөдлөө өгнө дөө гэж бодож байсан. Үнэндээ эгч нь ямар их ичиж шаналсан гэж бодно, тийм шог байж болохгүй биз дээ…” гээд учиргүй хариун нэхэн ширтэхэд нь хэлэх үг олоогүй би дэмий л суудлаа засан цай аягалсан намайг удаан харж байснаа “Үгүй одоо чиний буруу юу байхав дээ, сандарч гэнэ… гээд тас тас хөхрөхийг нь хараад нээх дотор онгойчих шиг…

-Хүсэлтийг маань хүлээж авсанд маш их баярлалаа, танд?

-Чамд харин баярлалаа. Асуултад хариулаагүй удсан байна. Олон сэтгүүлчидтэй ярилцлага хийж, олон сэтгүүлчдэд өөрөө яриа өгч байсан ч ойрдоо яриагүй удаж. Хувийн архиваа ухах, наадах цаадахыг тухтай бодох гурван сарын хугацаа гарлаа. Сонирхолтой нь би хамгийн олон сэтгүүлчтэй ярилцсан сэтгүүлч юм билээ. Харин ярилцлага хийхэд, сэтгүүлчидтэй ярилцах л хамгийн хэцүү байдаг ш дээ. Ц.Балдорж эрхлэгч, Ж.Мягмарсүрэн эрхлэгч, Б.Ганболд эрхлэгч, Т.Баасансүрэн, Д.Цэмбэл, Д.Цэнджав, Ж.Гангаа, Э.Дагиймаа, Л.Мөнхбаясгалан, М.Наранбаатар, Х.Мандахбаяр, Б.Түвшинтөгс, Тв5-ын Л.Дөлгөөн гээд л миний ярилцлагын зочноор орсон сэтгүүлчдийг тоолж барахгүй олон байна лээ ш дээ. Манайхан тэгэхэд бие биенээ ингэж дэмждэг билүү. Одоо харин залуу үеийнхнээсээ сонгож ярилцлага хийе гэж бодож байгаа.

Таны ярилцлагын онцлог нь редакторлодоггүй гэдэг. Харин таныг зочноо их хөглөж яриулдаг хүн гэж хардаг юм. Өөрөөр хэлбэл та сэтгүүлчээс илүү зохиолч талын эго ихтэй хүн шиг анзаарагддаг?

-Социализмын үеийн тогтонги, хуучин сэтгүүлзүй дууссаны дараа гарч ирсэн сэтгүүлзүйн төлөөлөл шүү дээ, би бол. Сонин, хэвлэл тэр чигээрээ цензурлэгддэг төрийн мэдлээс чөлөөлөгдөж, чөлөөтэй ажиллах эрх чөлөө орж ирсэн байхгүй юу. Сэтгүүлзүйн бичлэгийн төрлүүд дээр ч эрх чөлөө орж ирсэн. Дагаад хөдөлгөөн, баримтын чөлөөт баяжуулалт орж ирсэн. Тэгээд ярилцлагын төрөл дээр хөдөлгөөн оруулж ирье, дүр оруулж ирье гэж зорьж ажилласан. Яруу алдарт намын сэтгүүлзүй унаад ирсэн гэсэн үг. Ярилцлагын төрөлд У.Амарсайхан,Л. Гүнсэн, Т.Баасансүрэн гуай гээд мундагуудын араас бие дааж, автор болж гарч ирэх гэдэг том даваа байсан байж таарна. Баабар надад “энэ аягүй том орон зай, том зах зээл” гэж анх зааж өгч байсан. Тиймээс энэ төрлийг нэгэнт барьж авсных өөрийн гэх өнгө төрхийг бий болгох, илүү ажиллах, нэлээн задгай хийх ёстой болж ирсэн, Ж.Мягмарсүрэн эрхлэгч ярилцлагаа “амьд халуунаар нь, амьсгаатай нь буулга” гэдэг зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, хүн ярихдаа “Би нөхөр Амгалантай 1998 онд суусан билээ” гэж ярьдаггүй ш дээ. Эндээс амьдчилал оруулж ирэхийн тулд жижиг жижиг өөрчлөлт хийж эхэлсэн. Нэгэнт амьд халуун, амьсгаатай буулгах гэж байгаа юм чинь ярианд нь хэлэгдэж байгаа “ш дээ” энэ тэрийг оруулаад ирэхгүй юу. Тэгэхээр уншиж байгаа уншигчдад нөгөө хүний характер, инээж байгаа байдал, сэтгэлийн хөдөлгөөн нь илүү амьдшаад уншигдаад ирж байгаа юм. Цаасан дээр амьсгалын чимээтэй ярилцлага оруулж ирснээрээ л миний технологийн ялгарал байсан байх. Магистр хамгаалахдаа л би мэдэж байгаа юм. Олон сэтгүүлчид миний хийсэн ярилцлага, хөрөг, нийтлэлүүдээр судалгаа хийж сэдвээ хамгаалсныг. Харин яг миний залуу насаа шингээсэн тэр редакцыг, миний ажлыг, намайг удирдаж хөтөлсөн ерөнхий эрхлэгч дүгнэхдээ ерөөсөө л сонины ярилцлагад амьдчилал оруулж ирснээрээ ялгарлаа гэж хэлж байсан. 

-Зарим хүмүүс таныг ёстой “азаргалж” байна, Ганчимэг бол домог, ярилцлага дээр Ганчимэгээс өөр хүн байхгүй ээ гэх мэтээр хэлдэг. Нээрээ ч домог цаашаа л хүндлэл таныг дагаж явдаг байх?

-Сэтгүүлчдийг өглөө ажилдаа ирэхэд л “За, одоо эргээд яв, хүн амины хэрэг гарч. Яаж ийж байгаад жижүүр солигдохоос өмнө ганц хариулт ч гэсэн аваад  ир” гэнэ. Ийм үүрэг авсан сэтгүүлч гараад л гүйнэ биз дээ, хохирогч болон бусад эх сурвалжийг хөөж элдэж байгаад ганц хоёр юм олж авна. Олж авсан бүхнээ цуглуулж бичнэ. Мэдээлэгч, бусад хэлхээ холбоог олж тогтоож авна, тэгээд л нөгөө хэрэг дээр чинь “амьсгалчихсан” байж байхад өөр ажилд томилчихно. Сэдвээсээ гармааргүй байхад л дараагийн сэдэв бичих үүрэг орж ирнэ. Тэгэхдээ тэс хөндлөн, өмнөх сэдвээс шал өөр үнийн статистикаар зах зээлийн нүүрэнд “юм” хийгээдэх, эрүүл мэндээр ярилцлага ав, сэдэв хөнд… гэх мэтээр орж ирнэ. 1997,1998 онд нэг хэсэг амиа хорлох ихэссэн. Би хүртэл “Седуксины сезон” гээд сурвалжилга хийж байлаа. Седуксин ууж, мансуурдаг хүмүүсийг эрж олж, сурвалжилга хийгээд л… 

Анзаарч байна уу, сэтгүүлчийг ерөөсөө тогтуун ажиллуулахгүй байгаа биз. Зүгээр л ийш тийш үсэргэж, үсчүүлчхэж байгаа биз. Ийм болохоор мэргэших боломжгүй, мэргэшдэггүй байхгүй юу. Тэгэнгүүт манай сэтгүүлчдийг “сэхээтний давхарга” шоолж эхэлсэн нь “сэтгүүлч нарт мэддэг ч юм байхгүй, мэддэггүй ч юм байхгүй” гэдэг яриа гарч эхэлсэн. Учир нь баруунд эрүүл мэндийн тоймч, эрэн сурвалжлахын сэтгүүлч, ярилцлагын сэтгүүлч, урлагийн тоймч гэх мэтээр төрөлжүүлж, тус бүрээр нь сэтгүүлчдээ мэргэшүүлдэг. Харин саяхнаас манай редакцууд ийм соёлыг төлөвшүүлж эхэлсэн. Дөнгөж арваад жил л болж байна шүү дээ. Гэтэл миний хувьд эд нараас хамгийн эрт мэргэшсэн л байхгүй юу даа. Яг ярилцлагаас өөр юм хийхгүй нэг төрөл дээр маш олон жил суусан байсан.

-Ингэж ажиллахаар “амьсгалтай хийх” бол наад захын ажил мөн биз. Харин таныг ярилцлагаар мэргэших хүн гэдгийг олж харсан нь хэн юм бэ?

-Би бүх төрөл дээр бичиж байсан, эхлээд. Соёл урлагийн хэлтэст ажиллаж байхдаа анх ярилцлагууд хийж эхэлсэн. Тэгэхэд Ж.Мягмарсүрэн эрхлэгч “ярилцлага бол чиний төрөл юм байна аа” гэж харсан юм болов уу. Харин “төрлүүд дээр мэргэших ёстой, баруунд ингэж явдаг” гэдэг зөвлөгөөг Баабар өгч байсан юм. Чи хар даа, Ш.Цэрэнпил зөвхөн хөрөг, нийтлэл хоёр дээр л ажиллаж байгаа биз дээ гээд. Надад ч маш сонирхолтой байсан учир түлхүү ярилцлагуудаа хийж эхэлсэн, тэгэнгүүт уншигчид намайг дагаж хөөж, нэхэж уншиж эхэлсэн. Тэгээд л дүрээ хайгаад, зочноо хайгаад л өөрөө ч жинхэнэ өвчилж эхэлсэн. Хоёрдугаарт, нэг чухал юм нь энэ төрөл цаад сэтгүүлчээ аягүй их өсгөдөг төрөл байсан нь намайг хорхойтуулсан байх.

Ямар зиндааны, ямар боловсролтой, ямар түүхтэй хэн дээр очиж, хэний өмнө асуулт тавин суух гэж байгаа юм бэ гэдэг өөрөө маш чухал дарамт байхгүй юу. Дараа нь “Өдрийн сонин” гэсэн том индрийг төлөөлж очсон сэтгүүлч Ганчимэгт хариуцлага үүрэх чадвар байх ёстой болно доо. Энэ бүхэн өөртөө тавих шалгуур, цензур болж байгаа юм. Ингэхэд одоо бид өөртөө цензур тавихгүй байна шүү дээ, зүгээр хамаагүй л давхиад байгаа харагддаг. Уг нь өөртөө шалгуур, цензур тавиад сурчихвал тэр олон хашилтуудын дунд өөрийгөө хамгийн сайн өсгөж, хөгжүүлдэг төрөл бол яах аргагүй ярилцлагын төрөл. Жишээ нь, хөргөөр мэргэших маш хэцүү. Зочны зан чанарыг гаргасан элемент бүхнийг анзаарч уншиж байгаа хүнд харагдтал төсөөлж, дүр хөдөлгөөнийг гаргаж, найруулж бичнэ гэдэг чухал ур чадвар. Мэдээж нарийн чадавх шаарддаг төрөлд сурвалжлагын төрөл ч орно. Ярилцлагын төрөл бол мэдээллийн багтаамж ихтэй, сэтгүүл зүйн хэд хэдэн жанраас дотор нь орж ирж баяжигдаж байдаг төрөл учир хувь хүнээс хурд их шаардана. Үнэнийг хэлэхэд зарим ярилцлагууд “явдаггүй” шүү дээ, уншигддаггүй. Харин Ганчимэгийн хийсэн ярилцлага уншигдана. Ингээд л явцгаасан. Сониноо босгох гэж манай эзэд зай талбайгаа үнэлж эхэлсэн. Бизнес учир шударга л явж байгаа юм. Нөгөө талаар сэтгүүлзүйн бүтээл үнэгүй байх ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Цалин мөнгөө олно. Зарим нь зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил болчхоод байхад хэвлэл, мэдээллийн байгууллагыг яг бусадтай адилхан хувийн хэвшлийн нэг аж ахуйн нэгж гэдгийг огт ойлгоогүй явж ирсэн байдаг. Бүр гайхдаг юм. Яг адилхан л бизнесийн нэг салбар гэдгийг ойлгоогүй одоо хүртэл явж байна шүү дээ. Тийм хүмүүс биднийг “Та нар дуугүй л асуудал бүхний араас яв, зүгээр л юмаа хийх ёстой” гэж загнадаг. Ийм бүдүүлэг байж болохгүй биз дээ.

-Ганчимэг сэтгүүлч анхны ярилцлагаа хэнтэй хийж байсан бэ. Би гэхэд Ш.Чимэдцэеэ дуучинтай ярилцлага хийснээр энэ салбарт орж ирэх анхны шангаа татаж байсан байдаг юм?

-Би ёстой санахгүй байна. /хэсэг бодож суув/ Моделуудтай, үеийн одуудтай ярилцлага хийж байсан юм байна. Болормаа, Ихэрцэцэг, Ижилцэцэг, Ариунаа гээд бидний үеийн үнэхээр гоё одууд байсан загварын моделиуд. Жишээ нь Хүмүүнлэгийн их сургууль дээр очиж Ижилцэцэг, Ихэрцэцэгтэй уулзаж ярилцаж байсан. Одоо ориг гэж ярьдаг шүү дээ, яг оригоороо охид байлаа шүү дээ. Хүмүүс нь гэнэн цайлган, нийгэм ид задгайрч эхэлж байсан, шар хэвлэлүүд гарч ирж байсан, тэд нарын хувьд ч гэсэн явдал суудлыг нь мөшгөөд гайхмаар л байсан байхгүй юу. Тэгээд л тэд нартай цуврал ярилцлага хийгээд ирсэн чинь манай эрхлэгч “Үүнийг ярилцлага хэлбэрээр биш текст хэлбэрээр болгочих тэгвэл хүмүүст илүү сонирхолтой хүрнэ” гэж зөвлөж байсан. Яг л өчигдөр мэт санагдаж байна. Заримынх нь хариулт, ярилцаж байсан тэр хэв маяг энэ тэр нь аягүй сонин санагдаж байсныг… Хамгийн анх тэд нартай ярилцсан юм байна.

Харин өглөөний шуурхай дээр үнэхээр их үнэлэгдсэн нь Д.Дамдин аваргын эхнэртэй хийсэн ярилцлага байдаг юм. “Миний хань яг л үлгэрийн баатар шиг эр байсан…” гээд л ямар гоё ярьсан гэж санана. Хэдэн настай эмэгтэй хэдэн настай нөхрөө тийм гоёор тодорхойлж хэлж байна вэ. Миний анхаарлыг татаж, үнэхээр сонин санагдаж байхгүй юу даа. Тэр аягүй сайн ярилцлага болоод тэгээд л дандаа ярилцлага хийж эхэлсэн, үүнээс хойш ням гарагийн дугаарынхаа гол ярилцлагыг хийдэг болсон. Хүмүүс амраад даваа гарагт ажилдаа ирээд сонингоо уншихдаа хамгийн түрүүнд ням гарагийн зочны ярилцлагыг уншдаг байсан. Шуугиан ч их тарьдаг байлаа даа…

-2000 оны дунд үеэс сэтгүүлч Ганчимэг “энэ хүнтэй л ярилцах байх” гэсэн хүлээлт бий болоод эхэлсэн санагдана. Сонин уншдаг хүн бүхэн хүлээн зөвшөөрөөд л хүлээж байгаад уншдаг болсон байх?

-Үйл явдлын баатар, үүссэн сенсаци болгоны эзэн “гол этгээд” хаана байна, тэрийг олж ярилцлага хийдэг байсан. Өөрөө ч тэгээд ярилцлагын төрөлдөө аймаар их дурласан. Би бас хувь заяандаа их баярлаж явдаг. Урлагт ойрхон гэр бүлд өссөн. Тэр үед одоогийнх шиг бэлэн лавлах, гүүгл ч байсан биш. Юм эргүүлж, хүмүүстэй уулзаж, асууж сураглаж, хөлөөрөө явж байж л тэрний тухай мэднэ. Одоо ч гэсэн надад миний тэмдэглэгээ хийсэн дэвтрүүд байдаг. Дэвтэртээ Сэдэд гуайн тухай жүжигчин Лхасүрэнгээс заавал тодруулна. Учир нь тэр анхны шавь нь шүү…гээд биччихсэн байдаг. СУИС дээр очиж хүлээж байгаад Лхасүрэн гуайтай уулзаж байгаа юм. Диктафон байхгүй үе шүү дээ. Ярилцлагыг бол яралзтал бичнэ. Маш хурдтай бичсээр байгаад миний бичгийн хэв алга болсон байдаг. Тэр олон хүмүүсийн яриануудыг цуглуулаад, ярилцлага авч ирээд л өнөөдрийнхөө дугаарт оруулахгүй бол сонин биш шүү дээ. Нөгөө өрсөлдөж байгаа сонинууд гаргачихна. Үнэхээр хурдтай байсан, яг л “галзуу хулгана” шиг ажилладаг байсан. Хамаг залуу насандаа өөр элдэвт сатаарах боломж өөртөө олголгүйгээр би ажилдаа автсан.

-Мэргэжилдээ дурлачихсан болохоор “галзуу хулгана” шиг ажилладаг байсан байх?

-Амьдрал маань байсан. Дээр нь мэргэжилдээ дурласан. Үгүй тэгээд орон гэр ч үгүй, сургуулиа төгсөөд хотод үлдчихсэн, азаар дадлага хийж байгаад хоёрдугаар курсээсээ Ардын эрх сонинд ажилласан хүн чинь олдсон боломжийг алдахгүй атгахыг хүснэ. Манай салбар яг тулаад ирэхэд маш их өрсөлдөөнтэй шүү дээ. Алгуурласан, залхуурсан хэний ч толгойг илэхгүй, туучаад л өнгөрнө. Тиймээс дурласан, мэргэжлээрээ ажиллаж байгаагаас гадна амьдрал шаардаж байхад алгуурлаж, арчаагүйтэж болохгүй гэдэг шаардлага ч бас байсан байх, тэгж ажиллахад. Тэр үед бидэнд одоогийнх шиг олон боломж байсангүй дээ.

-Таныг асуултаараа зочноо өдөөж, өөрийгөө дарж чаддаг сэтгүүлч гэж хардаг. Маш чухал чанар гэж боддог?

-Телевизийн сэтгүүлчид бол “дүрс” гэдэг том өгөгдөл байдаг. Сэтгүүлчийг нь хараад зочин руугаа ямар харцаар харж байгааг, асуултаа хэрхэн тавьж байгааг, тухайн сэтгүүлчийн хувцаслалт, гар хуруундаа зүүсэн бөгж,  чихний ээмэг… гэх мэтээр тухайн хүний эдийн  засгийн бүх мэдээллийг ч авч болно. Тийм болохоор телевизийн сэтгүүлчид илүү зовдог юм  шиг санагддаг. Маш амархан олон давхар өвчин тусдагийн нэг нь “Би”-гийн өвчин.  Зөвхөн цаг агаарын мэдээ уншдаг хүмүүс олны танил болчихдог. Олны нүдэнд ил байгаа учир “би яаж харагдаж байна” гэдэгтээ анхаараад явчихдаг учир ярилцлага сайн болоход маш хэцүү, ер нь ховор гардаг шүү дээ. Аягүй гоё үс мүсээ буржийлгах, даашинз энэ тэр гээд бөөн юм болдог биз дээ. Тэгээд үндсэн ажлаа орхигдуулчихдаг. “Аан тэгсэн юм уу, өө тэглүү гээд л эргүүтээд” таарах нь элбэг.

Харин сонины сэтгүүлч бол ярилцагчтайгаа л тулна. Түүнд гадны ямар нэгэн нөлөөлөл тулгардаггүй учир зочноо харцнаасаа холдуулахгүй тулаад л сууна. Би бол “тамхи татдаг” гэдгээ урьдчилж хэлж зөвшөөрөл гуйдаг, заавал түрүүлж өөрийнхөө энэ дутагдлыг хэлдэг. Хүн нэг тайвшраад ярилцлага эхэлчихсэн л бол “би ямар харагдаж байгаа бол, миний энэ ханцуйны жижиг цоорхой, би нээрээ чихэндээ ээмэггүй шүү дээ…” гэх мэт дэмий балай юманд санаа зовохгүй давуу тал байдаг. Энэ ч утгаараа сонины ярилцлагыг хэзээ ч телевизийн ярилцлага давж байгаагүй, түүхэндээ. Угаасаа тэрийг нотлох гээд эд нар байлдсан ч чадахгүй. Би тэгж л боддог.

Ирмүүн сэтгүүлд таны дуучин Б.Сарантуяатай хийсэн ярилцлага нийтлэгдсэн. Бас л шуугиулсан даа…?

-/инээв/ Дөчин настайд нь нүцгэлээд л үү. Тэр чинь сэтгэлийн хөдөлгөөн, итгэлцэл байхгүй юу. Уйлуулсан, дуулуулсан, инээлгэсэн. Нэг дор сэтгэл хөдлөлийн нэлээн хэдэн элементийг үзнэ гэдэг бол үнэндээ зүгээр ялалт байхгүй юу. Итгэлцэл. Би бас нэг яахаас ч буцахгүй зочноо зарж идээд явчихаар хүн биш, тиймээс зочин маань надад их итгэдэг учраас хаалгаа сайхан нээж, цээжээ сайхан онгойлгож тавьсан. Мэргэжлийн гэрэл зурагчнаар зургийг нь авахуулсан. Зургуудаа хараад “дөчин насандаа гэхэд гайгүй харагдаж байна, тийм ээ” гээд бид хоёр инээлдэж байсан.

No description available.
МУГЖ, дуучин Б.Сарантуяа

-Ер нь нүцгэлсэн шүү дээ?

-Одоо бодоход том зориг байсан. Яах аргагүй супер стар учраас зөвшөөрсөн.

-Гэрэл зургаас гадна ярилцлагаар та “нүцгэлчихсэн”. Шуудхан хэлэхэд “шалдлаад” тавьчихсан, би лав уншиж байхдаа дотор сонин болж байсан… нэг тийм сонин мэдрэмж?

-Бид хоёрын хийсэн гурав дахь ярилцлага байсан санагдаж байна. Үзэлцээд байдаг байсан. Эхлээд зочноо л хүндэтгэ, чи урьсан, чи хүссэн. Тэрнээс ярилцаж байгаа хүнтэйгээ өрсөлдөөд, илүү ухаантайгаа харуулах гэж зүтгэж болохгүй. Зарчим ердөө л энэ шүү дээ. Би хэзээ ч зочноо “чи” гэж хэлж үзээгүй. Энэ нэг тарган авгай чинь яагаад хүнийг “та” гээд байгаа юм гээд бодчихвий гэж хааяа боддог учраас “уучлаарай би олон жил ярилцлага хийсэн учраас зочноо дандаа та гэж авгайлаад сурчихсан хүн шүү” гэж зочиндоо заавал тайлбарлаж хэлдэг. Яахав дээ, зочид янз бүрийн ааш гаргана. Давилуун зочин ч байна. Эго ихтэй, “би” төвтэй зочин байна. Уурлахаараа үнэнээ ярьдаг зочин ч байдаг… Энэ бүхнийг судалж, мэдэрч ярилцана гэдэг чухал. Мөн ярилцлагын ямар үед нь өөрт нь жаахан ашигтай, зочинд талтай асуултууд тавьж өгөх вэ гэдгээс эхлээд л бүх тактикийг  бодолцох ёстой. Нэлээд хэдэн ашигтай асуултын дараа зочин маань тайвшраад итгээд ирэх үед ямар асуултаа тавих вэ гэдгээ мэдрэх ёстой. Ярилцлага хийнэ гэдэг зүгээр л хэн нэгний аманд микрофон тулгаад “ярь” гэх биш шүү дээ. Сэтгүүлч өөрөө тархиндаа бодлого өрөх мэдрэмжтэй байх ёстой. Чи бод доо, маш их дуулиан тарьсан нөхөр дээр шууд очоод л “Та буудалд тэрэнтэй байсан байна лээ” гээд асуувал тэр ярилцлага цаашаа явахгүй шүү дээ. Хэн сэтгүүлчийн өмнө суугаад л бүх арьсаа дуртайяа, таатайяа хуулуулах вэ дээ. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Тиймээс ярилцлагаа ямар болгомоор байна тэр хэмжээндээ бодлого боловсруулж сурах ёстой. Бүх зүйл жин тан байхаар л нөхцөл байдлыг гартаа оруулж сурчхаад ярилцлагаа хийхэд бэлэн боллоо гэж бодох ёстой юм л даа.

-Монголчууд “Монгол тулгатан” гээд л шуугидаг. Харин миний бодлоор та дангаараа “Монгол тулгатан”-г хийгээд ирсэн дээ. Том, жижиг гэхгүй оролцсон зочин бүхний дотрыг гаргаад тавьчихдаг, уудалчихдаг хүн шүү дээ. Заримдаа аймаар санагддаг байсан?

– Өнөөдөр сошиал сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүй, хүн болгон мэдээлэгч гэх мэтээр ярьж л байна. Ярих, хэрэглэх нь гээд бүгд тэдний л хэрэг. Харин сонины сэтгүүлчид бид бол хариуцлага хүлээдэг. Мэргэжлийн язгуур философио хамгаалах тэр зовлонг сонинд сэтгүүлчээр ажилласан, ажилладаг хүн бүхэн бүгдээрээ туулж байна шүү дээ. Би өөрийг чинь ч гэсэн энэ замыг туулж байна гэж хардаг юм. Классик хэвлэлээр хүмүүжиж, мэргэжлийн гал тогоонд амьдарсан бидэнд энэ өвчин, өмрөл байхгүй гээд яах юм бэ, тийм үү. Энэ аймаар хэцүү. Энэ мэргэжлийн сонины редакци, гал тогоо чинь өөрөө 20 гаруйхан настай хүүхдээрээ шахуу бид нарыг дахиад базаад дараа дараагийн их сургууль минь болж бэлтгэж өгдөг. Ингэж байж л сонин төлөөлж нийгэмтэй ажиллахаар явуулдаг шүү дээ, угаасаа. Одоо бол нэг нэг бутик нээчихсэн. Бүгд өөрөө өөртөө эзэн. Бүгд сургаалчид, бүгд дарга нар болчихсон. Надад эхэндээ үнэхээр дасахад хэцүү байсан.

-Та бид хоёр нэг сургуулийн төгсөгчид. Багш нар “сэтгүүлч Ганчимэгийн ярилцлагыг унш, анализ хий”, “Ганчимэгийн ярилцлаган дээрээс юу ойлгов” гэдэг байлаа. Их сургуулиа төгсөөд 20 жил болсон байна. Ингэхэд 20 жилийн өмнө л сэтгүүлзүйн оюутнуудын сургалтын гарын авлага таны бүтээл байж?

-Олон жилийн өмнө шавь болъё гээд хүүхдүүд ирдэг байсан. Бүр өвөөгөө дагуулчихсан хүүхэд ч ирж л байсан. Гэтэл би тэр үед хүүхдүүд тойруулж суулгаад үлгэр ярих болоогүй байсан. Дөнгөж гучтай, гучин хэдтэй байна гэж хэлээд явуулдаг байсан. Өдөр тутмын сонины гол авторт үнэндээ л зав байхгүй. Харин нөлөө гэж зүйл бол бий. Чиний дотор үнэхээр сайн сэтгүүлч, сайн хүн байгаа юм бол тэр редакцийн  гэрэл гэгээний нэг нь л байж таараа шүү дээ. Тэндээс л хүүхдүүд, залуучууд юм авч байсан байх л даа. Нөгөө талаас би ганцаараа өссөн. Чихрээ ч хүнтэй хувааж байгаагүй зантай болохоор шавь гэхээр нэг л санаанд багтдаггүй байсан. Миний бичсэн хүмүүст хүрдэг, хүмүүс уншдаг болж эхлэхэд, “Багшийн дээдийн сэтгүүлч бэлтгэнэ гэж юу байдаг юм бэ, МУИС мундаг…”  гээд л. МУИС-ийг тэр үед төгссөн бүхнийг надтай өрсөлдүүлсэн шүү дээ. Багшийн их сургууль гээд чичлээд байсан сургуулийн анхны сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн төгсөлт нь манай анги. Манай дээд ангийг зохиолчид төгссөн. Тиймээс багш нар “Та нар том өрсөлдөөн рүү орно шүү, энэ нэр төрийг бүтээх, энэ тэнхмийн цаашид байх үгүй та нөхдөөс шалтгаална аа” гээд л маш том даалгавар өгч байсан. Тэр багш нарын маань зарим нь одоо алга. Зарим нь ид ажиллаж байна. Тэгээд төгссөн. Төгсөөд өрсөлдсөн. Дотоодод төгссөн, хөдөө төрсөн гэх мэтийн хөөрхөн дарамтуудыг төрийн төв хэвлэлд хөл тавиад л амсаж байгаа юм. Ер нь дарах гэдэг ородлого бол бишгүй л тохиож байсан. Гэхдээ маш гэгээн дарамт. Үнэндээ одоо бид нар хэнийг ч дарах гэдэггүй биз дээ. Зарим нь худлаа домог зохиогоод л орилоод жүжиг тавиад яваа харагддаг. Хэн, хаана, хэн гэгч од-ыг алчих гээд байгаа юм. Би л лав харахгүй байна. Бид нар бол шилжилтийн үеийн сэтгүүлзүйн чулуу шороог түүсэн, суботник хийсэн, хүнд үеийг туулсан.

-Яах аргагүй бичиж чадахгүй бол арчигддаг үеийг туулсан. Одоо бол аль болохоор дэмжье, тусалъя бие биенээ чирээд гаръя. Баг болъё л гэдэг орчин бий болчхоод байгаа. Харин өрсөлдөөн нь их бохир болчхож ?

-Тийм. Түүнээс гадна зарим нэг нь өмнөх үедээ жигтэйхэн хорсолтой бойжиж байгаа харагдах юм. Тэр нь үнэндээ мэргэжлийн, классик редакцын соёл, дэг ёсоор хүмүүжээгүй хүүхдүүдээс гараад байх шиг байгаа юм. Дээр нь нөгөө хувь хүний аймшигтай чанарууд байна шүү дээ. Монголчууд их гоё хэлдэг “өсөхийн өлөн…хорон” энэ тэр гээд л.

-Ярилцлагын давуу тал нь нийтлэл сурвалжилгыг бодвол алдаа гаргах боломж бага санагддаг. Ингэхэд та алдаа гаргаж байсан уу?

-Ши.Батбаяр сайд асан жишээ нь надад их гомдож явдаг гэдгийг олон жилийн дараа мэдсэн. Бүр насан туршдаа намайг үзэн ядсаныг нь би олон жилийн дараа амралтын газар тааралдахдаа мэдсэн. Энэ сэтгүүлчтэй нэг газар амрахгүй гээд “Найрамдал зуслан”- гаас явчихсан байсан. /санаа алдав/ Би үнэхээр харамсдаг, гэмшдэг байсан. Тиймээс тэр бол ажил л байсан гэдгээ тайлбарлаад уучлал гуйх гэж оролдсон ч өнгөрсөн байсан. Гэтэл эртээд фэйсбүүкээр нэг шөнөжин намайг мөшгиж занаж зүхсэн. Тэгээд би эргэж хуурцгаа нэхэн сонсож үзлээ. Түүний хариултууд, миний асуултууд яг таг дуу хоолойгоороо л байж байна. Зүгээр надаас ахмад хүн, надтай итгэж харьцсан, яриа өгөхийг зөвшөөрсөн гэдэг утгаар би дараа нь сэтгэл өвдөөд явсан болохоос мэргэжлийн алдаа бол хийгээгүй байна. Гэх мэт надад өширхөгч, насаараа, үр удмаараа гомдогчид олон байна билээ.

-Ингэхэд Өдрийн сонины шилдэг сэтгүүлчээр та ёстой олон жил шалгарч байсан. Сэтгүүлч Ганчимэгээс өөр хүн авдаггүй юм шиг л тэр шагнал таныг дагаж явдаг үе байсан даа?

-/Инээв/. Тийм… Ерөөсөө тэр шагналыг авах гэж байгаа юм шиг, тэр шагналыг авахаар ярилцлага хийх ёстой юм шиг л ажилладаг байж. Ямар ч хүн тухайн жил өөрийгөө хэр хэмжээнд ажилласныг барагцаална даа. “Миний тэр тэр, тэр биш юм бол тэр байгаа” шүү дээ гэх мэтээр. Гарцаа байхгүй жилийн эцэст хүн өөрийгөө дүгнэнэ. Тэгээд ч өдөр болгон бичиж, худалч хүнд өдөр болгон “хадаас” шахуу дуулиан тарьж байгаа хүний хувьд хамгийн том бахдам шагнал бол редакцын оны шилдэг болох байсан. Одоо эргээд бодсон чинь ямар сайхан байж вэ. Тийм амьдралаас холдоод хэчнээн жил болчихсон юм бэ, чи өдөр тутмын сонины редакциа үгүйлдэг үү?

No description available.

-Үгүйлэлгүй яахав. Тэр дундаа өглөөний шуурхай… сайн материалтай бол толгой дээгүүр, санаандаа хүрч чадаагүй бол толгой намдуу суугаад л… нэгнийхээ хийсэн мэдээг ч орхихгүй уншиж, саналаа хэлж, шүүмжилж, ёстой асаж хурцалдаг, хурцлагддаг… үнэхээр сайхан даа?

-Хэлээд юүхэв. Тийм редакцид сэтгүүлч болж хөл дээрээ тэнцсэн ямар ч хүнд зүрхний гүнд нь хаашаа ч алга болохгүйгээр хүнийг хүндлэх, хүний амьдралыг хайрлах ёс зүй нам суудаг байх. Тиймээс сонины сэтгүүлчид хэзээ ч хэн нэгнийг хүнд байдалд оруулахаар улайрахгүй, асуултаа хүртэл хайрлаж тавьдаг байх шүү… Эрэн сурвалжлахын нэг тийм орооцолдоонтой ажлуудаас өөр үед шүү дээ…

-МОНЦАМЭийн захирлаар ажиллаж байхдаа оны шилдэгээ шалгаруулахад өөрийнхөө сэтгүүлч байсан үе, шилдэг сэтгүүлч болж байсан үеийг өөрийн эрхгүй санаж байсан байх даа?

-МОНЦАМЭ агентлагт таван жил ажилласан. Гарцаагүй хөдөлмөрч, хэн ч маргахгүй ажилтнуудаа л шагнах гэж хичээсэн. Сэтгүүлчээ шилдэг болгох гэсэн албаны дарга нар нэр дэвшүүлсэн сэтгүүлчдээ хамгаална, шагнуулчих гээд зүтгэнэ. Дарга нар өөрсдийнхөө орчуулагч, хэлтсүүдээ хамгаална. Хөөрхөн шүү дээ. Төрийн байгууллага чинь олигтой шагнал, мөнгө өгөхгүй л дээ. Миний шилдэг сэтгүүлч байхдаа авч байсан оны шагнал гэхэд эхлээд 50 мянган төгрөг, сүүлд 100 мянга, нэг удаа 140 мянга болж байсан юм. Бүр сүүлд Үндэсний шууданд байхад оны шилдэг сэтгүүлч болж 500 мянган төгрөгөөр шагнуулж байсан. Төрийн байгууллага гэж өөрийн эрхгүй санхүүд боогдоно, олон хууль дүрмийг зөрчиж болохгүй, дагах ёстой болдог л доо.

-Миний хувьд сониныхоо шилдэг сэтгүүлчээр яг гурван жил дараалан болж байсан. Түүнээс хойш “үеийнхэндээ боломж олго” ч билүү тиймэрхүү зөвлөгөөнөөр мултарч байсан санагдана. Гэтэл одоо бол сайтууд шагналыг аймаар өгдөг болсон байна. Бас нэг дэвшил, хийж чадаж байгааг үнэлж чадаж байна хэмээн би лав хардаг юм?

-Май гээд л гурван өрөө байр шиддэг болсон байна. /Инээв/. Нэг талаараа “азгүй тахиа” ч юм шиг, маниус. Лайв хийгээд давхиж байсан бол би домгийн домог болох байсан байх аа.

Сургууль маань шинэ амбиц зоогоод сэтгүүлзүйн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж, бусад сургуультай өрсөлдсөн үе таарсан. Бадамханд багш маань америк боловсролтой хүн, тэр хүнээр хичээл заалгаж байлаа. А.Эрдэнэтуяа гэж бас мундаг боловсролтой багш. Зулкафиль багш бас манайд заадаг байлаа. Манай сургуулийн давуу тал нь энэ салбарын хамгийн сайн багш нарыг урьж авчран оюутнуудынхаа тархийг задлах гэж, мэдэх эрхийг нь илүү задалж нээж өгдөг байсан. Ийм танхимд, ийм сургуульд тийм мундаг багш нараар мэргэжлийн сургалтыг авч байсан болохоор баярлаж явдаг. Зөвхөн сэтгүүл зүйн багш нараа ярихад шүү дээ.

No description available.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар

-Сургуулиа төгсөөд нилээн олон жилийн дараа Сорогдогийн Энхбаяр багштай таарахад “чи Ганчимэг шиг сэтгүүлч болохгүй бол мэргэжлээ орхиод багшаар сураарай” гэсэн. Бас цаад Ганчимэг чинь аймаар том шүү дээ, цагдаагийн дарга нар руу шууд утсаар ярьж байгаа юм чинь” гээд… аймаар бахархаж байсан?

-Ээ, бурхан минь. Цаадах чинь тоглосон байх.

-Та нээрээ Энхбаяр багшийн хажууд Цагдаагийн дарга руу залгаж ярьсан юм уу?

– Утсаар тодруулга авсныг багш уншсан байж магадгүй. С.Энхбаяр багш маань үнэндээ бол Ардчилсан хувьсгалын домгуудын нэг шүү дээ. Ховдод анхны тэмцэл, оюутнуудын цуглаан, бүх юмны туг байсан хүн. С.Энхбаяр багш сэтгүүлчээр сурч байгаа анхны төгсөлтийнхөн болох бид нарт онцгой анхаарал тавьдаг байсан. “Хүүе статистик орж байна уу”, “сэтгэл судлал орж байна уу” гээд л хичээлийн программд нь маш их санаа тавина. Шинэ залуу багш байсан, мань эр академиас ирээд удаагүй цэл залуухан. Тэр, тэр хичээл орох ёстой гээд л бидний хичээлийг бүртгээд л. Ингэж санаа тавьж байсны ашиг тусыг сонины редакцид ажиллаж байхдаа мэдэж байгаа юм. Манай  сургуулийн төгсөгч нар найруулгын алдаа, үг үсгийн алдаа хийж онигоо болохгүй, дотортой, нэг юм бариад авбал хүний өмнө шазууртай зогсож чадах хүүхдүүд байдаг. Намайг “Үндэсний шуудан”-д ажиллаж байхад манай сургуулиас С.Гандөл, Г.Улсболд хоёр ирж байсан. Асуудал байхгүй дотортой, яахын аргагүй манай сургуулийн бүтээгдэхүүн мөн байгаа юм чинь.

-Сонины дугаар удирдаад ажиллаж байхад МУИС, Хүмүүнлэгийн дадлагын оюутнууд орчуулга тал руугаа сайн байдаг. Харин манай сургуулийн оюутнууд гарцаа байхгүй найруулга, үг сонголт талдаа илүү байдаг нь анзаарагддаг байсан?

-Үнэхээр ямар ч төрлөөр “бариад авсан” шууд гологдохгүй хүүхдүүд байдаг л даа. Ямар ч байсан тийм л голтой хүүхдүүд ирж дадлага хийж ялгардаг. Олон хүүхдийн сэтгүүлч болох хүслийг төрүүлсэн сэтгүүлч шүү, та гэсэн нэг тийм дарамттай захидлууд надад их ирж, хүмүүс ч их хэлдэг байсан. Миний хувьд уншигчдын шүүлтийг насаараа үүрч амьдарлаа, нөгөө талдаа дандаа л алга ташуулна гэж юу байх юм, хангалттай доромжлуулдаг ш дээ. Тэр бүхэнд тэсвэрлэг хүн ч юм шиг байгаа юм. Шууд асаад “Чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гэдэг үгийг би бол тэр бүр гаргахгүй шүү. Сошиалд ч тэр би нэг, хоёроос өөр хэлээгүй байх аа. Харин намайг хүмүүс мишок шиг л нүддэг. Дурын дурак нь орж ирээд л дайрч байдаг. Манай үеийн сэтгүүлчид чинь “ажаа, аниа” нар гэдэг нэр авсан байх шиг байна билээ. Зүй нь бол энэ мэргэжил маань нас мас, зүс мүсээр нэг их өрсөлдөхгүй ш дээ. Эфирийн хөтлөгчид л тэгдэг юм байгаа биз. Зарим явдлууд үнэхээр хэрээс хэтэрч байнаа.

 Сэтгүүлзүйн элсэлтийг дөрвөн жилд нэг удаа авдаг ч гэдэг юм уу ямар нэг анхаарал хэрэгтэй болчхоод байна. Тэгэхгүй бол хуульчийн мэргэжил зах зээл дээр хэдэн хувь илүүдээд байгаа билээ, тэрэн шиг сэтгүүлч мэргэжил ч зах зээл дээр илүүдэл ихэссэн. Ингэж үнэгүйдсэн нь нийгэмд маш тод харагдаж байгаа байхгүй юу. МОНЦАМЭ-д ажиллаж байхад нэг өгүүлбэр зөв бичиж чадахгүй хүүхэд нэг дээд сургууль төгсөөд сэтгүүлч болоод ирсэн байхыг харсан. Гэтэл Хэвлэлийн хүрээлэнгээс сайн  сэтгүүлч төрдөг шүү дээ. Тэгэхээр хүнтэй ажилладаг багш нарт учир байна, багш нарын зиндаанаас их шалтгаалж байна мөн биз.

Аливаа мэдээллийг дайрч дарамтлаад авах, хүлээн зөвшөөрөгдөөд авах хоёр ялгаатай.

-Хөндүүр сэдэв мөн шүү. Цахим сэтгүүлзүй гэлцэх. Улстөрчдийн нөлөө их орсон нөхдүүд сайт нээгээд л … мэргэжлийн, мэргэшсэн сэтгүүлчид нь улам цөөрөөд л… Нэг хэсэг гал тогооны сайт гэж яригддаг байсан, үндэс нь тасрахгүй өнөөдөр ч байж л байх шиг?

-Улстөрчид мэдээллийн компани байгуулж эхэлснээс хойш манай сэтгүүлзүйд аягүй их хор, хохирол учирсан. Улстөрчдийн хөрөнгө оруулсан телевиз, сонин гарч эхэлсэн. Одоо бол тэдний шууд эзэмшлийн сайтууд олширсон. Манай сэтгүүлчдэд юун тийм хөрөнгө мөнгө байх билээ. Одоо асар түргэн нэрд гарах гэж яарсан, нэр алдар хөөсөн, салбарыг тэр чигээр нь бизнес гэж харсан хүмүүс олширсон. Аливаа мэдээллийг дайрч дарамтлаад авах, хүлээн зөвшөөрөгдөөд авах хоёр ялгаатай. Сэтгүүлчийг төрүүлэх нь анх элсэлтээсээ л эхлэх ёстой юм байна. Түрүүчийн ланжгар буурлууд байхгүй болчихлоо шүү дээ. Одоо ямар нэг өөрчлөлт хийх ёстой болсон байж магадгүй шүү.

-Бас нэг шинэ үзэгдэл гарсан. Сэтгүүлч хийсэн ярилцлагаа эмхэтгээд ном гаргачихдаг болсон?

-Харин би бас мэдээгээрээ хүртэл ном хийх нь дутаж гэж нэг бичээд буруудаж байсан шүү дээ. Бас л үеийн сэтгүүлчдээс анх л сэтгүүлзүйн чиглэлээр ном гаргаж байсан нь би байх. Ярилцлагын “Ярилцъя” ном, нийтлэлээрээ “Би ч гэсэн буруутай” гэж ном гаргаж л байсан. Одоогийнх шиг хоногт нэг ном үйлдвэрлэх тийм бололцоо нь ч хаана байх вэ. Манай Ш.Цэрэнпил ах сонины хөргийн том төлөөлөгч, 108 хөрөг шигшээд аймаар зузаан эх болчихдог юм. Би аваарт ороод эмнэлэгт сэхээнээс гараад байж байхад эргэж ирж байгаа юм. Тэгээд гар хөдлөхгүй болохоор өмнөх үг бичиж өгч чадаагүй л дээ. “Та одоо ингээд тэнэглээд эхэлвэл бүр балай юм болно шүү. Бид нар зохиолчдын хажуугаар ном гаргаж байгаа нь өөрөө инээдтэй шүү дээ” гэж түүнд хэлсэн, би. Тэгээд мань хүн есөн хөргөөр “Хэнээт” гэж галзуу гоё ном гаргаж байсан.

Миний тэр “Ярилцъя” гэж номыг уншихад О.Дашбалбарын хамгийн сүүлийн ярилцлага байж байх жишээний. Цахим байгаагүй үед архив хийж байгаа нь л тэр байхгүй юу. Нөгөө талаараа аймаар амбицтай жаал байсан байна лээ л дээ. Өөрийгөө бас судлагдахуун болно гээд итгэж байна ш дээ. Тэр итгэл төрөхөд, дүрэлзэхэд сайн багийн түшиг тэр романтикийг маань сайхан түлхүүрдэж тавьж байсан нь тэр. Ланжгарууд бол үнэхээр гайхмаар. Дэвсээд л хаясан бол яах юм. Над шиг амархан унтардаг, над шиг амархан шатдаг хүнд бол хэцүү шүү дээ. Өглөөний шуурхай дээр шүүмжлүүлчих юм бол 30-аад минут уйлчихдаг байсан хүн шүү дээ, би.

-Тэр одоо эмоци юм уу, эрхлэлт юм уу? 

-Шар л байхгүй юу. Тэгээд л гараад гүйчихнэ. Маргаашийн дугаарт хадаас хийчхээд сууж байхад бас л тээ… Угаасаа л багаасаа онц л авахын өвчтэй охин байсан байхгүй юу. Тэр нь л саяхныг хүртэл яваад байсан байдаг. Манай аав холбооны дарга хүн байсан, би сонин хэвлэлтэй ойрхон орчинд өссөн. Сургуульд орохдоо л уншаад сурчихсан нөхөр долоон настайдаа ордог юм байгаа биз дээ. Тэгж яривал манай аав бүр “Миний охин бүх хүүхдүүдээс түрүүлээд уншаад сурчхаад байхад чи яагаад миний охины тухай Пионерийн үнэн сонинд мэдээ явуулахгүй байна” гэж манай багшийг загнасан гэсэн. /инээв/  Энэ түүхийг намайг гавьяат болоход ирсэн бага ангийн багш маань ярьж өгсөн юм, аймаар байгаа биз дээ…

-Шаралхуу зан өвлөгдсөн үү, таны охид хэр шартай вэ?

-Байхгүй ш дээ. Манай охин намайг бодвол дуугүй, чимээгүй хүүхэд байдаг. Би муудалцахаараа “чи дотуур тамиртай” гээд хэлчихдэг. Яг над шиг бол амар шүү дээ. Өөрийгөө сэгсрээд, уучлаад аливаа зүйлийг өөртөө хадгалахгүй гаргачихна. Би хүнтэй муудсан бол эвлэрэхгүй байж чаддаггүй юм. Уучлалт гуйгаад л бушуухан эвлэрээд л сэтгэлээ чөлөөлөөд сурчихсан. Жаахан байхын ийм араншинтай хүүхэд байсан. Миний буруу байхгүй ч хурдан эвлэрч, өөрөө тоглоомоо өгч аргадаж байгаад тоглодог охин байсан.

Ингээд сурчихсаны сайн тал нь аливаа бухимдлаас амархан чөлөөлөгдөж явдаг байхгүй юу. Сүүлдээ бол зүрх хүнд учраас хүчээр би өөрөө тайван байх ёстой гэж хичээгээд өөртөө хэвшүүлчихсэн. Үнэндээ, ярилцлага бол аягүй нервний төрөл шүү дээ. Хүн чинь ярьж байхдаа уйлна, зовлонгоо ярьж байгаа хүний шаналал, бүх энерги дундуур явж ярилцлага хийнэ. Үхэл хагацлын газар, шорон гяндан, янхан, ялтан гэх мэтээр уулзахгүй хүн байхгүй, ярилцлахгүй хүн байхгүй. Нэг өдөр нь Ерөнхийлөгчтэй ярилцахад өөр нэг өдөр нь шоронгийн ялтантай ярилцаад сууж байх нь хэвийн үзэгдэл.

Санаанаас гардаггүй юм, залуухан сэтгүүлч ч байсан. Дуулиантай нөхрөөс яриа авах болоод. Яагаав нөгөө банкны Цолмон гэж. Тэр хүнээс шоронд очиж ярилцлага хийгээд гараад ирсэн чинь косметикаа дээрэмдүүлчихсэн байж билээ. Залуу гэнэн сэтгүүлч зальтай дуулиантай нөхөр хоёрын паян гэж хэлж болохоор. Надаас “Уруулын будгаа өгчих, пүдрээ өгчих эмэгтэй хүн байна даа, зургаа гоё даруулна аа” гэхээр нь аваад л өгсөн юм. Харин эргүүлж өгөөгүйг бүүр хойно нь мэдэж байгаа юм. Тэр үед юм ховор, залуу сэтгүүлчийн гоо сайхны косметик ямар л үнэтэй зүйл байв гэж. Гэхдээ л надад бол харамсмаар гарз шүү дээ. Цалин хэд билээ, пүдр мүдр ямар үнэтэй байлаа даа. Гэтэл энэ бүхнийгээ дээрэмдүүлчихсэн байхаар чинь аймаар гашууддаг юм байгаа биз дээ. Манай ажлынхан одоо ч намайг шоолдог ш дээ, “банкны Цолмонд яаж дээрэмдүүлчхээд ирлээ дээ” гээд л, ярилцлага авах гэж очсон биш косметикоо дээрэмдүүлчихдэг шүү гээд шоглодог юм.

“Хөндлөнгийн романтик нөлөөнд залуу насныхаа өчүүхэн бага хэсгийг л зориулсан хүн. Харин гэнэт эргээд харахад хоосон алдар нэр, аймаар хяналтгүй таргалсан оворжуу эмэгтэй толинд өөдөөс харж байхыг мэдрэх үнэхээр аймаар байсан.”

-Сэтгүүлч болж мэргэшихэд хувь хүний төлөвшил хамгийн чухал санагддаг юм. зочиндоо автахгүй ярилцлага хийнэ гэдэг маш чухал?

– Үнэн. Зочны л ярьж байгаа нь үнэн юм шиг санагдах үе зөндөө таарна. Сэтгүүлч болж төлөвшихөд маш их цаг хугацаа орно. Залуу л хүн учир автана, үйлийн үртэй мэргэжил ш дээ. Залуу байхад зарим гоё зочиндоо дурлачихсан ч юм шиг, нэг тийм хөгжимтэй яваад л, дахиж уулзмаар ч юм шиг сонин үеүд таарна ш дээ. Миний хувьд тийм юмыг бол өөртөө аягүй бага олгосон байхгүй юу. Илүү зорилготой, айхтардуу л хүүхэд байсан. Аав маань нас бараад хүнд үе ч таарсан. Аав маань надад маш их найддаг байсан учраас ээжийгээ авч явах хариуцлага байсан. Картын барааны хэцүү үе дөнгөж шувтарч байсан цаг хугацаа. Тийм болохоор хөндлөнгийн романтик нөлөөнд залуу насныхаа өчүүхэн бага хэсгийг л зориулсан хүн. Харин гэнэт эргээд харахад хоосон алдар нэр, аймаар хяналтгүй таргалсан оворжуу эмэгтэй толинд өөдөөс харж байхыг мэдрэх үнэхээр аймаар байсан.

-Тэр ухаарал хэдэн насанд вэ?

-Гучин долооны жил дээрээ аваарт ороод, гурван жил эмнэлэг дамжиж хэвтээд бараг дөчтэй босож ирсэн. За, тэгээд юу болоод өнгөрчхөв. Алдар нэр бол маш өндөрт оччихсон байсан үе. Үнэндээ тэр үед би маш их айсан. Ингээд л үхчихсэн бол яанаа гэж. Одоо бол хүмүүсийн амжилт маш хурдан өрнөөд байгаад үнэндээ атаархдаг байхгүй юу. Бидний үед орон гэртэй болно гэдэг л өөрөө маш хэцүү, олон жил шаардсан урт зам байсан. Хөдөөнөөс хотод ирж хөл дээрээ тэнцэх гэж зүтгэж байгаа залуу хүмүүсийн төлөөлөл. Нэмээд мэргэжлийн өрсөлдөөн… ийм юм туулж байгаа хүмүүст бол аягүй удаан амьдрал байхгүй юу даа, орон гэртэй болох процесс. Одоо бол өөр шүү дээ. Ипотекийн зээл, байрны урьдчилгаа гээд олон төрлийн боломжууд бий болчихсон.

-Танд л тийм байсан гэхээр маниуст бүр ч хэцүү байсан үе. Та бол нэрд гарчихсан сэтгүүлч байсан болохоор ингэж хэлж байгаа юм шүү. Түүнээс жишиж байгаа юм биш?

-Үндэсний шууданд ажиллаж байх үед сэтгүүлчдэд боломж гарч ирсэн, бүүр сүүлд шүү дээ.  Урьдчилгаа төлсөн бүх сэтгүүлчдийг байранд оруулж байсан. Би 1999 онд Л.Түдэв гуай, Баабар гуай хоёртой хамт анх оны шагнал авч байсан. Дөрвөн сая төгрөгөөр намайг эрхлэгч маань шагнасан. За, орон гэртэй бол доо гэж хэлж байсан…

Тэр үед сонинуудын ид үе, бичдэг сэтгүүлч эрэлттэй байсан болохоор ч тэр үү надад ажлын саналууд ирж эхэлж байсан. Гэхдээ мэдээж миний төлөвшилд бол би юмыг хурдан хурдан сольдог хүн биш байхгүй юу. Нэг юм таалагдвал, мөнгөтэйхөн байвал хоёрыг авчихдаг байхгүй юу. Тэгээд л өмсөөд явна. Ерөөсөө өмсөөд л яваад байна, бүр урагдаж элэгдэж, тасарч байж л хаяна уу гэхээс. Энэ зан маань миний олон юман дээр илэрдэг.

Шинэ хүнийг амьдралдаа оруулж ирээд л, олон найзуудтай бужигнаад байж жишээ нь чаддаггүй. Зураг авахуулах аягүй дургүй. Надад зураг аягүй ховор байдаг. Энэ дотор явдаг зовиур, комплекс, зовлонтой дурсамжуудаас ч болдог байх.                        

Амьдрал гэдэг бол маргааш ч дуусчхаж болдог зүйл юм байна гэдгийг хатуу ойлгосон.

– Сэтгүүлч Ганчимэг өөрөө брэнд мөн биз. Таныг маш баян хүн гэж ярьдаг хүмүүсийн яриаг сонсож байлаа. Харин та өөрийгөө хоосон алдар нэртэй хүн гэж түрүүн хэлсэн?

-/инээв/ Зайсанд амьдраад, алаад хядаад гээд үү. Сэтгүүлчид манайхаар ирээд… түүнээс хойш тэр домгоо тараахаа больсон ш дээ. Ер нь бол нэг тийм сэргэлэн биш ч юм уу, эсвэл худлаа нэг хоосон энэ нэр мэрийг сэвтээчихнэ гэсэн тийм нэг социалист үзэл санаа, элий балай юманд баригдаад явсан хүн бол би өөрөө.

Гэхдээ би энгийн даруу амьдралтай хүн гээд гуйлгачингаа гайхуулаад байх нь нөгөө талаас тэнэгийн л нэг шинж мөн биз. Б.Ганболд эрхлэгч надад “чи өөрөө эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадаагүй бол чиний хохь. Чи бусад хамт явсан эмэгтэйчүүдтэйгээ нийлээд явсан бол хувийн амьдралын хувьд эдийн засгийн эрх чөлөөний хувьд амжилттай байх байсан ч чи ганцаараа үлдчихсэн шүү дээ” гэж хатуу хэлсэн. Оргүй зүйл биш байх.

-Тэр нэг цагт боломж олгогдож байхад гэсэн үг байх нь?

-Тийм.

-Магадгүй та тэр боломжийг шүүрч авсан бол санхүүгийн эрх чөлөөнд хүрдэггүй юм гэхэд эх үүсвэртэй болчихсон байх байсан юм болов уу. Харин өнөөдрийн Ганчимэг байхгүй байсан байх?

– Би чинь одоо танай үеийнхэн буюу өөрийнхөө доод үеийнхэнтэй илүү бие биенээ хараа бараандаа мэднэ шүү дээ. Цуг л ажиллацгаалаа шүү дээ. Бид нар хоорондоо сайхан эгч, дүү болох боломж ч үгүй л тал талд гүйлдлээ. Энэ цаг үеийн гоё давуу боломжуудад атаархдаг шиг ээ, арай илүү бас бид нарыг хайрлах байж дээ гээд эздэд бас гомддог үе надад жишээ нь байдаг. Ерөөсөө хүний компанид ажиллаж байгаагаа мэдэхгүй яваад байсан байдаг юм. Нөгөө л хөдөөний тэнэг бацааны бас нэг л хоцрогдол байхгүй юу даа.

Наанатай цаанатай, дотроо бодолтой яваагүй гэдгээ аваарт ороод л ойлгосон учир за, одоо л бууриа солих болж дээ гэж шийдсэн. Чи мэднэ шүү дээ, Б.Ганболд эрхлэгч “Үндэсний шуудан”-г байгуулаад байсан үе. Монголын сонин хэвлэлийн ертөнцөд хамгийн олон брэнд, өдөр тутмын сонинг босгосон хүн бол яах аргагүй Б.Ганболд эрхлэгч. Тиймээс эрхлэгчтэй хамтарч ажиллахаар болоод явахад Ж.Мягмарсүрэн эрхлэгч “адилхан л чиний эрхлэгч юм чинь. Одоо чи Б.Ганболдод туслах ёстой. Чамайг явж байгаад харамсаж байна. Одоо чи цаадахдаа тусал даа. Нэгэнт явах гэж байгаа бол” гэснээр би Өдрийн сониноос гарсан. Ж.Мягмарсүрэн эрхлэгч Төрийн төв хэвлэлийн Ерөнхий эрхлэгч, Б.Ганболд эрхлэгч маань төрийн төв хэвлэлийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байхад би 24-хөн настай яг л гар дээр нь ирж байсан. Ингэж очиж байсан газраасаа “Амьдрал гэдэг бол маргааш ч дуусчхаж болдог зүйл юм байна” гэдгийг хатуу ойлгосон, аваарт орсон, 37 настай сэтгүүлч Ганчимэг гарч байгаа юм. Эмнэлэгт байхдаа хатуу ойлгосон. Худлаа баахан алдар нэрээс өөр юу ч байхгүй Ганчимэгийг хэдэн сэтгүүлчид маань л эргэж, тойрч босоод ирээсэй хэмээн залбирч байсан шүү дээ /хоолой нь зангирав/.

-Хоосон алдар нэр… хатуу ч үнэн шүү?

– Тийн ш дээ. Утас чинь ч дуугарахаа байчихдаг юм байна лээ. 150 хоног хэвтэхээр бараг л хүний тооноос хасагдчихаж байгаа юм шиг санагддаг. Эмнэлгээс гараад л би бичсэн. Тэр жилээ Ц.Балдорж шагналын анхны гран при шагналыг авсан. Сурвалжлагын төрөл, ярилцлагын төрөл хоёроор авсан шагнал л даа. Чанартай ч хийсэн, яахын аргагүй дүүрэн хийж байж л өөрөө ч гэсэн ичихгүй явна. Үгүй бол хулмалзаад явахгүй. Тийм биз.

“Хараад байхад нийгэм манай салбарт арай их ачаа үүрүүлж, илүү харгис ханддаг нь нууц биш. Сэтгүүлчдийг цагдаа болгох гэдэг, шүүгч болгох гэдэг. Бүх юмны үзүүрт шахдаг. Ганц нэг нь алдвал нийлээд сүрэглээд нүддэг.”

-Бүх зүйл цаг хугацаатай гэж боддог. Харин өнгөрсөн хугацаанд тэр бүхнийг орхих л хэцүү байх?

– Б.Ганболд эрхлэгч “Зууны мэдээ” брэндээ бий болгохдоо “Зууны манлай” гэж олон салбарын манлай болсон хүмүүсийг тодруулж алдаршуулсан. Маш гоё төсөл. Гэтэл ингэж алдаршсан Зууны манлайгуудаас өнөөдөр хэн нь Б.Ганболд гэдэг хүнийг дурсдаг бол. Сараа л нээлттэй ярьдгаараа нэг удаа надтай ярилцлага хийж байхдаа хэлж байсан.

Ингээд харахаар аягүй харгис байгаа биз дээ, энэ одууд. Одоо бол Зууны манлайг бүх л хүн зүүж байгаа мөртлөө тэднийг алдаршуулж тодруулсан компани, багийг хэн ч санадаггүй байхгүй юу. Тэгээд би хааяа уур хүрээд “урлаг, соёлынхон сэтгүүлзүй гэдэг лифтэнд сууж од болсон биз дээ” гээд хэлчихдэг юм. Нийгмийн цаг үеийн анхаарал татсан хэнийг ч сэтгүүлчид дагаж мэдээлэл бэлтгэх нь зарчмын л асуудал. Түүнээс Л.Оюун-Эрдэнийг талбай дээр гараад ирэхээр бүчсэн, дагасан болдог болгож болохгүй л дээ. Манай сэтгүүлчид улстөрчидтэй том маргаан үүсгэж, сошиалд троллдуулж, буллидүүлдэг. Тэгээд ч ийм үед хараад байхад нийгэм манай салбарт арай их ачаа үүрүүлж, илүү харгис ханддаг нь нууц биш. Сэтгүүлчдийг цагдаа болгох гэдэг, шүүгч болгох гэдэг. Бүх юмны үзүүрт шахдаг. Ганц нэг нь алдвал нийлээд сүрэглээд нүддэг.

-Бас сэтгүүлчид ч энэ тал дээр асуудалтай санагддаг. Алдаа гаргасан нэгнээ цахимаар балбаж байхад нэмээд төлбөрийг нь төлсөн гэдэг шалтгаанаар нөгөө талын байр суурийг нь нийтлээд ниргэчихнэ?

-Сэтгүүлчдийг “зодож” л байх хэрэгтэй. Тэрийг бичээч ээ, энийг бичээч, тийшээ яв, ийшээ оч… гэж тулгах туух хандлага эрс нэмэгдсэн нь анзаарагддаг. Уучлаарай тэгж бичиж байгаа хүмүүс сэтгүүлчдийн эзэн биш биз дээ. Сэтгүүлчид гэж туу гэхээр дайрдаг нохой юу. Үгүй шүү. Хүн л юм учир залуу сэтгүүлчид хааяа алдаа гаргана, үгүйсгэхгүй. Асуултаа буруу тавьж, нөхцөл байдалд буруу дүгнэлт гаргаж болно. Хамгийн гол нь алдаагаа засаж амжих боломж өгөхгүй буланд шахаж, бөөн юм болох хэрэггүй. Өнөөдөр мэргэжил нэгт нэгнийгээ өмөөрч, хамгаалахаа байчихаж. “Би биш юм чинь тэд нарыг нүдэж л байг” гээд цахим троллд хаяад өгдөг болчхож, бүүр шэйрлээд явчихна. Сайн сэтгүүлчийн дотор сайн хүн байх ёстой. Гэтэл сайн сэтгүүлч болж төлөвшиж ядаж байхад нь няц дарж сайн хүн ч болох боломжгүйгээр дэвсэлдэг болж. Аймаар биз дээ. Бахирч гүйж, бусдыг буланд шахаж, аархаж сагсуурснаараа сайн сэтгүүлч болдоггүй юм. Ямар ч хүнд үг хэлэх эрх байдаг шиг нэгэнт ярилцлага авахаар зочин урьсан бол хүндлэл байх ёстой. Тэр хүндлэл бол нэгдүгээрт зочноо өөрийгөө хамгаалах нөхцөл боломжоор хангаж өгөх юм ш дээ.

-Сэтгүүлчид хамгийн их ажлыг хийгээд хамгийн бага цалин, шагнал авдаг байжээ гэдгийг өөрөө бие дааж ажиллаад л илүүтэй мэддэг юм байна?

-Сүүлд эдийн засгийн гэмт хэргүүд, бүлэглэлүүд үүсээд ирэнгүүт эзэд дагаад л бүр аймшигтай болж ирсэн ш дээ. Хэмжээ хязгааргүй тэрбумтанууд болсон.

-Аймаар шүү, тийм ээ?

– Аймаар. Эзэд улстөрчидтэй хэлэлцээрт ордог. Эзэд л цагдаа прокуроруудтай үгсдэг. Чардайгаад мэдээ баримт цуглуулж ирэхэд гаргахгүй наймаалцдаг. Урамгүй ш дээ. Өөрөө том сэтгүүлч байх хэрэгтэй. Том чадвар, том зан чанар, том нөлөө байх ёстой. Гэхдээ л хүний компанийн ажилтан яваа гэдгийг мэдрүүлдэг л юм даа.

No description available.

-Бадамдоржийн Ганчимэг сэтгүүлч бие даасан. Тэгэхдээ хэвлэмэл хэвлэлээсээ салж чадаагүй. Цахим сэтгүүлзүй хүчээ авч байхад цаасан хэвлэлийг сонгож, бизнесээ эхлүүлсэн. Үнэхээр урсгал сөрж сэлсэн шүү та?

-Бид нар чинь мэдэхгүй байгаагаа, мэдэж байгаагаа, мэдэрч байгаагаа нуудаг улсууд шүү дээ. Хэн нь ч зочныхоо өмнө тавагтай боорцог шиг суухгүй шүү дээ. Тэгсээр байгаад тэр минь ингээд төлөвшил болоод ёстой яс янгинатал суучихсан байдаг юм байна.

Зуун айлын хашаанд тэр нэгэн шар байшиндаа 21 жил амьдраад Өдрийн сонин, Үндэсний шуудан гэсэн хоёр том сонинд л ажилласан сэтгүүлч Ганчимэг нэг л өдөр туурга тусгаарласан. Анх удаа тэгж зориглож байгаа надад найз маань хуримын ордны тэнд жижигхэн хоёр өрөөгөө түрээсэлж дэмжсэн. Найз маань их дэмжсээн, намайг. Цацаа гэж миний найз бүсгүй л дээ. Миний хувьд Монголд яг “Аргументы и факты” шиг сонин гаргана гэж мөрөөддөг мөрөөдлөө биелүүлэх гээд зүтгэчихсэн. Дөч хүрээд эхлүүлж байгаа анхны бизнес маань. Судалгаанаас илүүтэй мөрөөдөлдөө түшиглэсэн учир ямар хэцүү байсан гээч, тэгээд л үнэндээ нурж унаж байгаа юм. Бараг арван хүнтэй редакци байгуулсан байсан.

-Сониноо овоо болгочихоод та МОНЦАМЭд ажиллаад эхэлсэн. Эрс тэс сонголтын яг голд л та харагдаад байсан?

-Үнэн. Төрийн байгууллагад ажиллах санал надад ирсэн. МОНЦАМЭ агентлагийг удирдаж ажиллах урилга, санал. Бас нэг арай өөр тавцан дээр хүчээ сорих боломж. Хүмүүсийг удирдах, манлайлах чадвар энэ нөхөрт байх ёстой гэж харсан юм шиг байгаа юм. Саналыг хүлээн аваад ажилласан. Таван жил. Эхлээд ерөөсөө дасахгүй байсан. Төрийн алба хаших ямар уйтгартай юм бэ? Нөгөө талаар миний өөрийн эрх чөлөө өөрт минь гай болсон ч байх. Тэвчээр шаардсан. Би маш их хичээж байсан ч оргилсон сэтгүүлч араншингаа дарж чадаагүй, нуух юм байхгүй. Тиймээс эрх баригч намыг нүүр номоороо чөлөөтэй шүүмжлээд биччихдэг байсан. Гэтэл энэ бүхнийг маань шил даран мөрдөөд архивлаад л дарга нарт өгөөд сууж байдаг, архив бүрдүүлэгчид бас байдгийг мэдээгүй.  Новшийн ийм ажлыг хийдэг авгай хүүхнүүд олон, миний шүүмжлэл бүхэн маш сүрхий баримт болж байна ч гэж мэдээгүй. Гэтэл нэг өдөр ажлыг чинь авна гэдэгтэйгээ зэрэгцээд сайн ажиллалаа гээд Сүхбаатарын одонгоор шагнасан. Жинхэнэ тоглож чадаж байгаа юм шүү. Би энэ талаар хамт олондоо хэрхэн хэлэхээ мэдэхгүй болтлоо шоконд орсон. Шагнуулаад маргааш нь ажлаас маш соёлтойгоор халагдаж байгаа хүн чинь шоконд орохоос биш яахав.  Яагаад энэ нэг тэмдэгт хүн бүхэн дуртай, энэ тэмдгийг авах гэж бүх хүмүүс “үхэж” байдаг гэж бодоод байгаа юм бол. Яагаад хүн бүхэн бүгдээрээ тэр мянган төгрөг ч дагалддаггүй төрийн шагнал гэсэн том нэртэй тэмдгийг энгэртээ зүүхдээ баярлана гэж бодоод байгаа юм бол?

-Магадгүй баярлах нь маш олон юм болов уу?

– Би тэгвэл маш их уурласан.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад “уучлаарай, идэр залуу насандаа залуу насныхаа олон гоё зүйлсийг золиослон явж би өөрийн мэргэжлийнхээ амжилтыг хийсэн. Тэр үедээ үнэлүүлсэн. Надад нэмэлт тэмдэг хэрэггүй ээ” гэж хэлсэн. Гэтэл,“Уучлаарай, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Та цаашаа зогс л гэсэн”. Гэтэл шагнал авахаа ч мэдээгүй, хөөрхий нэг хөлөө хугалчхаад эсгий таавчиктай л явдаг болчихсон байсан үе. Тиймээс арай ч таавчигтай төрийн шагнал авч болохгүй санагдаад туфль олж өмсөөд, цамцныхаа энгэрт Сүхбаатарын одонг зүүлгэсэн. Хурлын танхимаас гараад л хармаандаа хийгээд өрөөндөө орсон, мөнгө дагалдаагүйд нь бас л их урам хугарсан. Эсвэл надад хуурамч тэмдэгнүүд өгөөд байна уу. Бүү мэд. Дээрээс нь “МОНЦАМЭ” маш олон жил төрд хаягдсан хамт олон учраас, намайг биш миний хамт олныг шагнах ёстой гээд би өдөр шөнөгүй шаардаад дургүйг нь их хүргэсэн байсан л даа.

-“МОНЦАМЭ”-гийн даргыг Сүхбаатарын одонгоор, мөн хоёр ч гэрэл зурагчныг гавьяат болгочихсон байхад төрийн эрх барьж байгаа, өөрт чинь ажил өгсөн намыг шүүмжлээд байхаар дарга нар уурлахаас аргагүй юм бишүү. Энэ ч утгаараа өгсөн ажлаа буцаагаад авчихаж?

-Харин тийн. Инээдэмтэй нь наадах чинь үнэн. Шагналуудыг нь өгчихсөн ш дээ гэж хэлж байна гэж дараа нь сонсож байгаа юм. Инээд хүрсэн. Тиймээс одоо би бүр ичдэг болсон, гавьяат энэ тэрээсээ хүртэл. Би бичих ёстойгоо бичиж амьдарсан. Нэг үгээр хэлбэл хийх ёстой ажлаа 100 хувь хийсэн. Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг өөрөө том шагнал. Өөрсдөдөө маш хатуу шүүлтүүртэй талбарт би ажилладаг. Тэдний балай хандлагаас нь харин ч ичдэг болсон.

-Харин миний хувьд томоохон телевизүүд сугалаа гэх луйварт эфирийн цагаа худалддагт үнэхээр их харамсдаг?

– Зарим нь бүр түц болчихсон шүү дээ, сүлжээний эм зараад л сууж байдаг.

-Өнөөдөр телевизүүдийн үзэлтийг сайтууд хол хаячихлаа. Сайтуудын үзэлтийг пэйжүүд давсан үзэгчтэй болчихлоо. Нэг цагийн дотор 40-60 мянган үзэлттэй болчихсон байхад телевизийн үнэхээр сонирхолтой нэвтрүүлгийг 10 мянган хүн үзэхээ больчихсон байна шүү дээ?

-Телевизийн сэтгүүлчдээс телевизийн сэтгүүлзүйн орчноо ярьж байгаа хүн маш цөөхөн. Манай Золоо ах гэх мэтээр ганц хоёр л хүн дуугарч байгаа харагддаг. Тэгсэн мөртлөө албан тушаал, сандал ширээний төлөө телевизийнхэн аймаар тэмцдэг. МҮОНРТ гэж захирал тэсгээхгүй газар бий боллоо. Тэгэхэд сонины сэтгүүлчид бид “сэтгүүлчээ шоронд явуулахгүй” гээд шүүхийн гадна жагсаж байсан. Сонины сэтгүүлчид хамаагүй эрүүл амбицтай байгаа биз дээ.

“МОНЦАМЭ бол маш том потенциал, маш том өв соёлтой хамт олон юм. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ойлгуулах гэж үзэлцсэн. Тэр хэмжээгээр дарга нарт таалагдаагүй. Гэхдээ миний хувьд таван жил ажилласан хамт олондоо нэгэн сонирхолтой дүр болж үлдсэн болов уу. Нам бус этгээд л дээ.”

-Яг энэ үгийг чинь сонсоод сууж байгаа надад МОНЦАМЭд ажилласан цаг хугацааг чинь үнэхээр ойлгохгүй юм?

– МОНЦАМЭ-д ажилласан үе маань миний намтарт сонирхолтой үе болж үлдсэн гэж бодож байгаа. Би сүгсэлздэг хүн биш байхгүй юу даа. Ингэхээр нөгөө дээдсийн хувьд сайн гэгддэг хэв шинжид нь хамрагдах дарга биш болчхож байгаа юм.

No description available.

Миний философиор “орчин үеийн дарга бол хамгийн их нийтийн хүн байх ёстой”. Даргын өрөө хамгийн энгийн нийтийн өрөө. Дарга бол менежментийн ажил, хөрөнгө мөнгө босгох, ажиллах орчноо сайжруулахын төлөө тархиа ажиллуулах ёстой. Ингээд ажиллаад эхлэхээр хөөрхий даргад санхүүгийн эрх чөлөө байхгүй. За, энэ салбарыг энэ байгууллагыг сайн ойлгодоггүй Ерөнхий сайдтай бол аягүй зовлонтой. Тиймээс бүх зүйл өөрийн урсгалаараа л явна. Ингэж байж төрөөс дусаал төдий өгч байгаа маш жоохон санхүүг авна. Ер нь бол цалин гэж инээдэмтэй ш дээ. Гэтэл МОНЦАМЭ бол маш том потенциал, маш том өв соёлтой хамт олон юм. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ойлгуулах гэж үзэлцсэн. Тэр хэмжээгээр дарга нарт таалагдаагүй. Гэхдээ миний хувьд таван жил ажилласан хамт олондоо нэгэн сонирхолтой дүр болж үлдсэн болов уу. Нам бус этгээд л дээ.

Намайг “баяртай, дараагийн үеэ зоримог гоё эхлүүлээрэй” гэж ерөөгөөд үдэж байгаа хамт олныгоо хараад “ирсэн хүн буцна, бүх ажилчдынхаа хурлаа хийгээд л баяртай гээд гарна даа” гэж бодсон. Тэрүүгээрээ хийсэн. Тэгээд л гараад ирсэн.

-Ажлаас нь өөрчлөх хүртэл нөлөөлсөн нөлөөлөл юу байсан юм бол, таны үзэл бодлын шүүмжлэлээс гадна?

-100 жилээ дүгнүүлсэн, хэдэн хүний шагнал авахын төлөө хэт их зүтгээд би Ерөнхийлөгчийн тамгын даргын уурыг хүргэсэн юм байна гэж ойлгосон. Шаардаж, шахаж давхиад уурыг нь хүргэсэн юм даг уу даа. Хүмүүсийг аргадаж долигонож гуйх ёстой юм байна. Гэтэл би тэрийг нь мэдэхгүй шууд л шаардаад шахаад уурыг нь хүргэсэн учир ажлаасаа халагдсан. Амьдралдаа анх удаа ажлаас халагдаж үзсэн. Сонин л байсан.

– Тэгэхдээ таныг ажлаас халсан биш өөрчилсөн тушаал гарсан байдаг юм билээ?

– Би хараагүй шүү дээ. Харин манай сэтгүүлчид тэгж яриад байгаа.

-Өөр ажилд шилжсэн, элчин сайдаар явах гэж байгаа гэдэг яриаг бол хэтэрхий ойрын эх сурвалжаас авсан шүү дээ?

-Энд одоо миний сүнс ирээд суучхаад байж байгаа юм байлгүй дээ. /Инээв/

-Таныг тэгж хэлэх шаардлага хэнд байдаг юм бол?

– “Ганчимэг сэтгүүлч надаас гуйсан” гэж нэг нөхөр яриад яваад байна гэж сонссон. Уг нь сэтгүүлч хүнийг гүтгэж болдоггүй юм гэж би бичсэн шүү дээ. Уучлаарай шүү.

Хамгийн инээдтэй нь алдаа дутагдал гаргаагүй байхад ний нуугүй ярихад шударга бусаар ажлаас нь халсан учраас бантсан нэг дарга ийм яриа гаргаад байгаа юм билээ. Би чинь өөрийгөө хүндэтгэдэг хүн байхгүй юу даа. Би хаана алдаа гаргасан юм бэ гэхээр тэднийхээр бол фэйсбүүк дээр намын ганц нэг хүүхнүүдийг бичсэнийг алдаа гэж тооцож байгаа юм болов уу гэж бодно. Би хэнийг ч доромжлаагүй, би хүн доромжилдоггүй. Харин жинхэнэ хүнийг доромжилдог, хүмүүсийг зүгээр ил тод даргалж загнадаг хүмүүсийг харахаар эвгүй санагддаг. Тиймээс надаас тийм юм олж харах боломжгүй шүү. Тэгээд шударга бус шийдвэр гаргачхаад нэмж гүтгэж болохгүй шүү дээ. Жилийн өмнөөс ер нь ийм яриа гаргаад эхэлсэн шүү дээ. Манай ганц хоёр ахмад сэтгүүлч тараасан юм байна лээ, эхлээд. Харин тэр нь ингэж газар авна гэж бодсонгүй. Шуудхан хэлэхэд ажлаас чөлөөлнө гэхдээ надад санал тавьсан ч тэр санал нь миний хүлээж авахаар санал байгаагүй.  Яг үнэндээ, над шиг хөдөлмөрлөдөг сэтгүүлчийг мэддэг хүмүүст бол МОНЦАМЭ-д даргаар ажилласан цаг хугацаа уйтгартай харагдсан байх. Надтай ажиллаж байсан сониныхон мэднэ дээ. Би ажлаа ор нэр төдий сажлуулж хийдэг хүн биш.

-Таны цахим орчинд хэт нээлттэй байдал бас дарга нарт болгоомжлол төрүүлсэн байх. Та бол зүгээр л асгартал илчлээд хаячихдаг хүн шүү дээ?

Таны нүдийг чинь харж байгаад залгиад өнгөрч чадахгүй болохоор нэг зүйлийг хэлье. Үнэндээ нэг өглөө ажилдаа ирэхэд Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэлд МОНЦАМЭ оччихсон байсан. Би тэр үед даргаар нь ажиллаж байгаа шүү дээ. Дарга нь ч мэдээгүй байхад хариуцаж байгаа агентлаг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэлд оччихсон байхаар хэнд ч шок мөн биз. Хамт олноороо шоконд орсон. Засгийн газрын мэдэлд байж байснаа нэг өглөө тэс өөр газарт харьяалагддаг болчихсон байна шүү дээ. Төрт ёсны соёлоор бол ядаж захирлыг нь дуудаж аваачаад мэдэгдэх ёстой. Зөвшилцөхөө больё, санал авахаа больё, бүр утсаар ч хэлэхгүйгээр гарсан шийдвэр. Гэтэл тийм том шийдвэр гаргах гээд хуйвалдаж байхад би агентлагийнхаа төсвөө хөөцөлдөөд хэрүүл хийгээд, Сангийн сайд энэ тэртэй үг шидэлцээд явж байсан байдаг юм. МОНЦАМЭ-г Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэлд очиж байгааг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга нь ч мэдээгүй байсан.

-Таныг мэдээгүйд итгэе гэхэд Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга мэдээгүй байсан гэхэд итгэж чадахгүй нь?

– Засгийн газар мэдээгүй, надаас бүр асуугаад байсан.

-Та үнэхээр тэд нарыг мэдээгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

-Тиймээ, итгэж байна. Миний сонссоноор нэг нөхөр л Ерөнхийлөгчийн тархийг угаачихсан байсан. Бас зарим юм бодож байгаа шиг том байдаггүй юм шүү дээ. Маш жижигхэн гараар хөдөлчихсөн л байдаг шүү дээ. Ерөнхийлөгч ер нь МОНЦАМЭ-г таньж, мэдрээгүй, юу болж байгааг ч сайн мэдээгүй юм билээ. Нэг нөхөр л тархийг нь угаачихсан юм байна лээ.

-Зүгээр л нэг дурак Ерөнхийлөгчид “хөөрхөн” үг хэлэнгүүт ок гээд гарын үсэг зурчихсан гэсэн үг үү?

-Бараг тийм. Тиймээс би хамт олноосоо маш их ичсэн. Тиймээс би чимээгүй хүлээсэн. Долоо хоног, 14 хоног, сар.

-Агентлагийн харьяаллыг өөрчилж байгааг даргыг нь дуудаж мэдэгдэнэ гээд хүлээсэн гэж үү?

-Тийм. Тэгж л итгэсэн. Энэ чинь агентлаг. Тиймээс даргыг нь дуудаж уулзах байх гэж хүлээсэн.  Тэгсэн нөхцөл байдал тэс өөр байсан юм билээ. Өөрөөр хэлбэл МОНЦАМЭ-д  маш доромж байдлаар хандсан.

-Тэр “нэг л мэдсэн” өглөө хэзээ байсан бэ?

-12 дугаар сар. Төсөв хэлэлцэж байх үе. Манай орлогч дарга төсвийн задаргаа хараад мэдэж байгаа байхгүй юу. МОНЦАМЭ агентлаг Ерөнхийлөгчийн тамгын газарт хамаарагдах болсныг. Тэгээд шаардлага тавьсан, би. Миний хувьд У.Хүрэлсүх гэдэг хүний улс төрийн амьдралыг жаахан гадарлах хүн байх л даа. Тиймээс, би мессеж бичсэн.

-Ерөнхийлөгчийн гар утас руу юу?

-Тийм. “Юу болж байна вэ, хамт олон гайхаад байна, та энийгээ тайлбарлах ёстой. Эсвэл та энэ хамт олонтой ирж уулзаж болох уу” гэж бичсэн. Ямар ч хариу өгөөгүй. Тиймээс би шаардсан. Үнэхээр би арзалзсан, миний хувьд байж боломгүй доромжлол санагдсан. Надад одоо ч бичсэн юмнууд маань бүгд байгаа. Би намын гишүүн биш учраас дэглэмээр амьдарч үзээгүй хүн. Надад МОНЦАМЭ-гийн захирлаар хандсан бол шийдвэрээ гаргахдаа ядаж дуудаад танилцуулах ёстой. Төрт ёсны ядаж хумсын чинээ соёл үүнд үйлчлээгүй учраас Ерөнхийлөгчийн Тамгын дарга Я.Содбаатартай уулзсан. Тэгэхэд “Угаасаа нэг сарын нэгнээс таны ажлыг авна аа” гэж хэлсэн.

-Энэ уулзалтаас МОНЦАМЭ агентлаг хүрээлэн болж хумигдах гэж байгааг мэдсэн үү, та?

-Надад байр сууриа илэрхийлэх өөр газар байгаагүй учраас энэ бүхнийг би олон нийтэд нээлттэйгээр нь өөрийн фэйсбүүкдээ бичсэн. МОНЦАМЭ агентлагтай хувь заяагаа холбож явсан хамгийн сүүлийн дарга болж мэдэхээр болсон учир би хүрээлэн энэ тэр гэсэн дур зоргоороо юм явагдаад, тэрийгээ хамт олонд ил шинэ захирал нь өөрөө хэлчихсэн тохиолдолд дуугүй суух нь над шиг хүний хувьд дэндүү сул дорой явдал болох учраас байр сууриа илэрхийлсэн. Сэтгүүлчид МОНЦАМЭ-д үнэхээр хайртай юм билээ, намайг аягүй сайн дэмжсэн. МОНЦАМЭ-г хамгаалсан. Гэтэл сэтгүүлчид хамгаалаад шуугингуут Я.Содбаатар зарим нэг хямдхан гарууд руу нь утасдаад “ерөөсөө хүрээлэн болгоно гэж яриагүй” гэсэн байна лээ, инээдтэй байгаа биз дээ.

-Төрийн байгууллагын удирдлагуудын нийтлэг төрх шүү дээ. Жилийн санхүүжилтээ авчихсан бол тэгээд л амаа хамхина. Гэтэл Ганчимэг сэтгүүлч араншингаар байнга төвөг удаад байсан юм бишүү. Таны МОНЦАМЭ-д машин нэхдэг постыг бол олон удаа уншиж байсан?

-Бүгдийг яагаад сул дорой гэж бодоод байгаа юм бэ? Бүгдийг яагаад төмөр тэмдэгт  насаараа залбирч явна гэж боддог юм бэ? Би эрх ямбатай, албан тушаалтан байгаагүй болохоор албан тушаалдаа шунаад байна гэж харах боломжгүй л дээ. Зүгээр л энэ байгууллагын төсвийг харахад л ойлгоно. Машин нэхдэг нь ийм учиртай. МҮОНРТ-ийнхэн жийптэй, нэг биш олон шүү дээ. Гэтэл МОНЦАМЭ-д Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ЗГ-ыг Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа хөдөө томилолтоор явахад зориулж анх удаа жийп машин өгсөн. Байгууллагын анхны жийп нь байх шүү бараг. Гуравхан машинтай. Дөнгөж л хөдөлж байгаа даа, тэр гурав нь. Мэдээж би хүн юм чинь зарим хүмүүстэй нөхөрлөнө шүү дээ. Миний нэг найз улстөрч сүүлийн үед болж буй явдлууд, миний байдлыг хараад инээгээд л байсан. Тэрэнд би хэлж байгаа юм, “намайг сайн ажиллалаа гэж дүгнээд, маргааш нь ажлаас халлаа. Тэгэхээр энэ логик аягүй хачин байна. Сүхбаатарын одонг нь эргүүлээд гардуулаад өгчихье өө, хөөрхий энийг мөрөөддөг зөндөө л хүмүүс байдаг байлгүй дээ. Тэгээд ч мөнгө дагалддаггүй юм байна лээ” гэж. Одоо надаар тоглоод “Чи манай намыг муулаад байвал тэр одон өгөөрэй” гэдэг, “чи яах гээд байна, нам муулж байвал тэр одон эргүүлж өгөөрэй” гээд л шоолдог болсон. Инээдэмтэй ийм явдал надад тохиолдсон. Одоо би мартсан. МОНЦАМЭ улам хүчтэй болох ёстой газар болохоос ундуй сундуй болж, урвайж доройтох ёсгүй газар. Үргэлж хамт олондоо сайн сайхныг хүснэ.

-Та сайн ажиллаад одонг нь авчихсан, таныг сайн ажилласан учраас танай байгууллагыг бараг “тараачих” гэж оролдож байгаа. Сонин холбоос байна шүү?

-Тэгэхдээ бид нар тэмцээд МОНЦАМЭ агентлагийг хүрээлэн болгож тараахаа больсон шүү дээ. Хамгийн инээдэмтэй нь “Ганчимэг сэтгүүлчид цаадуул нь худлаа мэдээлэл дамжуулсан байна, ерөөсөө тийм юм болоогүй ээ” гээд нэг сэтгүүлч рүү утасдсан байсан. Би зүгээр л тэсэрсэн. “Битгий худлаа яриад байгаарай би наад хүний чинь ажилчдын хурал дээр хэлсэн үгийг гаргаад ирнэ шүү” гээд нүүр номдоо байр сууриа илэрхийлсэн. Намайгаа тийм хямдхан дүгнэж байгаад дургүй хүрээд байгаа байхгүй юу. Баримттай бүх насаараа харьцаж ажилласан сэтгүүлч хүнийг зүгээр нэг түшмэд, нэг муу даль даль хийсэн тавиул хүүхэн хоёр гүтгэчихдэггүй л байхгүй юу. МОНЦАМЭ агентлагийг удирдаж байсан захирлууд, хамт олны зарим төлөөллүүд, хариуцлагатай редакторууд гарын үсэг зурж тэр хурлынх нь дараа эрх баригчдад, өөрөөр хэлбэл гурван том даргад бичиг илгээсэн. Нэг нь л гарт нь очоогүй. Би мэдсэн. Тэр бичгийг илгээсэн эрхмүүд бүгдээрээ нэр төрөө эрхэмлэдэг, хүчирхэг этгээдүүд л дээ. Тэд болсон явдлыг мэдэж, нягталж шалгаж, баталгаажуулж байж шаардлага илгээнэ шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүсийг хөнгөхөөн гүтгэж болдоггүй л байхгүй юу даа. Би танд нээрээ тэр бичгийг өгнөө.

– Одоо та юу хийх сонин байна ?

– Надад хоёр гурван газраас санал ирсэн. Үнэндээ зөндөө юм хиймээр байна. Яг одоо шумбаад орчих сэтгэл зүйн тэнцвэр алга байна. Учир нь надад илүү сэтгэл чилээсэн хувийн асуудал байна. Ард нь гараад ажиллана даа. Тавин насанд нэг их тэтгэврийн эмгэн шиг гуних юм байхгүй. Зүгээр байхад арзагануулсан учраас л би дуугүй хаячхалгүй өнөөдөр дотроо нээлээ. Төрт ёс гэдэг юмаа хувийн амбиц, хов живээр хордуулсан сэтгэлээсээ дээгүүр тавьж байгаасай билээ. Нэг байгууллагыг шууд нөгөө рүүгээ шилжүүлж авдаг, өгдөг, хамт олныг болон тухайн байгууллагынхаа нэр төрийг дэлхий дахинд ганхуулж байгаагаа ч ухаарахгүй ойворгон аашилсанд нь л эгдүүцсэн. Энэ бол үнэндээ аймшигтай дур зорго шүү дээ. Ерөнхийлөгчийн институцийн харьяалалд очих нь МОНЦАМЭ-д тийм муу ч хувилбар биш байж мэднэ.  Гэхдээ нэгнийхээ өврөөс нөгөөгийнхөө өвөр лүү шидчихдэг хүүхэн шигээ хандаж болохгүй биз дээ. Я.Содбаатар дарга энэ үйлдлээрээ Ерөнхийлөгчийн нэр хүндэд маш сонин байдлаар халдчихсан. Ерөнхийлөгч бол МОНЦАМЭ-г авах битгий хэл бусдын ганц шунадаг том эрх мэдлээсээ татгалзаж, шинэ жишиг харуулж ажлаа эхлүүлсэн хүн. Тийм болохоор би тамгын дарга нь л тонгочиж байна даа гэж харсан. Хөөрхий түүнд эрхлүүлэх шаардлагатай хүн байж болно ш дээ. Гэхдээ МОНЦАМЭ бол 100 жилийн түүхтэй, Төрийн агентлаг гэдгийг сайн ойлгоогүй байх.

Ярилцсан: Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours