С.Одонтуяа: Сонгуулийн системийг шийдээгүй цагт улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулаад нэмэргүй

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тогтоолын төслийг хүчингүй болгох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байгаа. Тогтоолын төсөл өргөн барихын өмнө Засгийн газраас санал авдаг. Засгийн газар саналаа ирүүлэхгүй байгаа учир яаралтай шаардлагыг хүргүүлж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар төрийн ордны гаднаас биш дотроос нь тэмцэх ёстой гэж яагаад үзэж байна вэ гэхээр сонгуулийн холимог тогтолцоог бий болгох эрх нь УИХ-д бий. Гэхдээ би Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөхийг дэмжиж байгаа. 

2016 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэц хэсэг улстөрчтэй хуйвалдан тавдугаар дүгнэлт гэгчийг оруулж ирсэн. Тогтоолыг батлахад сонгуулийн дэвшилтэт системийг устгаж байгааг хэлж миний бие хамгийн их эсэргүүцсэн. Тэгэхээр УИХ цэцийн тогтоолыг хүчингүй болгоход холимог систем 2014 оны Сонгуулийн хуулиар хэвээрээ үлдэнэ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Гэхдээ яаралгүй, бусад бүх хуультай уялдуулж байж үр дүнд хүрнэ. Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв. Монгол Улс хүчтэй сөрөг хүчинтэй байж, олон нам, олон ургалч үзэл байснаар улс орон хүчтэй болно.

Улс төрийн бүх намууд холимог систем зөв гэдэгт нэгэнтээ зөвшилцөлд хүрээд байна. Цар тахлын үеэр УИХ нэг л өдөр хуралдаад бүх эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлсэн. Ингэж дураар нь байлгах нь системийн гажуудал юм. 

Сонгуулийн системийг шийдээгүй цагт улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулаад нэмэргүй. 

+ There are no comments

Add yours