“Байгаа багахан валютын нөөцөө стратегийн бүтээгдэхүүнүүддээ зарцуулж, зарим тэвчих зүйл дээр эх оронч байя”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Зэс, алтны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн тааламжтай үе таарч байна. Харамсалтай нь бид хүссэнээрээ экспортолж чадахгүй байгаагаас маш их боломж алдаж байна. Алтны хувьд хил дамжуулан худалдах зэрэг техникийн хүндрэл гарч ирдэггүй. Төв банкан дээрээс шууд тухайн өдрийн Лондонгийн биржийн ханшаар худалдаж авдаг. Алт бол төв банкны нөөцийг бүрдүүлдэг, бид өөрсдөө алт олборлодог, хөрсөн доороо валютын нөөцтэй байдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, Монголбанк хамтраад хэрэгжүүлсэн алтны зах зээлийг либералчлах бодлого үр дүнгээ өгсөн. Сүүлийн жилүүдэд тогтмол 20 тонн алт хүлээн авч байгаа. Энэ жил уг хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар төв банкнаас мэдээлэл өгсөн.

Олборлоод гаргасан алтыг банк ямар ч саадгүй авдаг. Тэгэхээр алтны үйлдвэрлэл дээр онцгой анхаарах шаардлагатай. УУХҮ-ийн сайдын мэдээлснээр сүүлийн жилүүдэд алтны хайгуул үндсэндээ зогссон. Одоо байгаа алтны үйлдвэрлэл явуулах боломжтой уурхай юу байна гэдэг дээр тус яам ажиллаж байна. Богино хугацаанд үйлдвэрлэл явуулаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой уурхай байвал Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах талаар өнөөдөр ярилцсан. Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагаа хуулиараа нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Сайд хараахан томилогдоогүй байна. Хэзээ томилогдохыг би хэлж мэдэхгүй. Төлөвлөгөөт бүх ажил саадгүй хийгдээд явж байна. 

-Гадаад валютын эсрэг монгол төгрөгийн ханшийг төв банк зарладаг. Инфляц өөрөө төв банкны зорилтот асуудал байдаг. Засгийн газар Монголбанканд шаардлага тавихаас илүүтэй хамтран ажиллаж байгаа. Албан ханшийн хувьд төв банкны гадаад валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл, долларын хувьд иймэрхүү үед нэмэлт хөөсөрсөн эрэлт гаргахгүй байх тал дээрх Монголбанкны хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хязгаарлалтуудыг зөв гэж харж байгаа.

Стратегийн хувьд шатахуун, бордоо, уул уурхайн тэсэлгээний материал гэх мэт нэн шаардлагатай чухал бүтээгдэхүүнүүдийн төлбөр тооцоог ямар ч саадгүй хангаж байгаа юм байна. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр төв банк Засгийн газарт саналаа ирүүлнэ гэж ойлгосон. Өнөөдөр арай ирээгүй байна. Үүнийг зөв гэж харж байгаа. Тооцооллыг нь харах хэрэгтэй. Төв банкнаас өгч байгаа тооцооллын хэмжээнд “Ланд-300” машин гарснаас хойш энэ машинд зориулж 500 гаруй сая доллар нөөцөөс гарчээ. Ийм хүнд үед, цаашдаа ч олон асуудал тодорхойгүй байгаа ийм үед стратегийн гол импортын бүтээгдэхүүнүүд дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. Уул уурхай тэсэлгээний материал, бордоо гэх мэт бүтээгдэхүүнүүд дээрээ эндээ байгаа багахан валютын нөөцөө стратегийн бүтээгдэхүүнүүддээ зарцуулж, зарим тэвчих зүйл дээр эх оронч байх хэрэгтэй. 

Банкууд хязгаар тавьсан байсан. Харилцагчдын 50-аас дээш хувь нь хадгаламжаа хөрвүүлж, долларжих нэмэлт эрэлт үүсгэж буй асуудал байгаа. Ийм нөхцөлд хязгаарлахгүй бол улам л хүнд байдал руу орно. Шатахууны үнийн тухайд төв банк эх үүсвэрийг гаргаад нөөц бүрдүүлж байхад 78 доллар байсан. Өнөөдөр 118 доллар болсон байна. Энэ шатахууны үнэ 150 доллар болж эхэлбэл импортлогчид нөөц бүрдүүлэхэд мөнгө нь хүрэхээ болино. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Импортлогч компаниудад төлбөрөө хийхэд эх үүсвэр дээр нь туслахаар бэлтгэлээ урьдчилж хангасан. Шатахууны үнэ долоо хоног дотор 30 ам.доллароор савж байна, ОХУ, Украины хэлэлцээрээс хамаараад. Шатахууны гадаад үнэд бид нөлөөлж чадахгүй” гэв.

+ There are no comments

Add yours